Б.БАЯРЖАВХЛАН
Хүн мэргэжил болон гэр бүл болох хүнээ зөв сонгох ёстой гэж монголчууд бид ярьдаг. Тэр ч утгаараа өсвөр үеийнхэнд мэргэжил сонголтын чиг баримжаа олгох нь маш чухал байдаг. Тэгвэл Өмнөговь аймаг “Өсөлттэй Даланзадгад” хөтөлбөрийн хүрээнд төгсөх ангийн сурагчдын дунд "Мэргэжил сонголт-2026" аяныг энэ сарын 9-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд Даланзадгад сумын долоон сургуулийн төгсөх ангийн 900 гаруй суралцагчийг 42 байгууллагын үйл ажиллагаатай танилцуулж, сонирхсон зүйлээ сурагчид асууж, мэргэжилтнүүдтэй харилцан ярилцжээ. Сурагчид тухайн байгууллага дээр очиж танилцсанаар ажил, мэргэжлийн онцлог, ажиллах орчин, шаардлагатай ур чадварын талаар бодит ойлголт авах, цаашдын мэргэжил сонголтдоо зөв шийдвэр гаргахад бодитой дэмжлэг болж байгааг ажлын баг болон сурагчид хэлж байлаа.

Энэ тухай Даланзадгад сумын Хоёрдугаар сургуулийн 12а ангийн сурагч П.Жаргалмаа “Би Даланзадгад сумын Ерөнхий боловсролын Хоёрдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч. “Мэргэжил сонголт-2026” аян миний хувьд маш чухал ач холбогдолтой үйл ажиллагаа байлаа. Яагаад гэвэл мэргэжлээ сонгох энэ чухал үед биднийг дэмжиж, төрөл бүрийн чиглэлийн байгууллагуудаар зочлуулан үйл ажиллагаатай танилцуулсан нь ирээдүйн мэргэжлээ бодитоор төсөөлөхөд их тус болсон. Тухайн газрын тухай өмнө нь өөр ойлголттой байсан бол газар дээр нь очиж танилцсанаар төсөөлж байснаас өөрөөр мэдэрлээ. Илүү гүнзгий ойлгож, таньж мэдлээ. Би хуульч болно гэж төлөвлөж, тэр чиглэлээрээ бэлдэж байгаа. Зочилсон байгууллагын ах, эгч нар биднийг маш сайхан хүлээн авч, зөвлөгөө өгч, мэдээллээр хангасанд талархлаа” гэсэн юм.

Харин Даланзадгад сумын Хоёрдугаар сургуулийн 12 а ангийн сурагч Э.Номингийн хувьд сэтгэлзүйч мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байсан бол энэ арга хэмжээнд оролцсоноор өөрийн сонголтдоо улам итгэлтэй болжээ. Энэ тухайгаа “Миний сэтгэгдэл маш өндөр байна. Өмнө нь очиж үзэж байгаагүй, мэддэггүй мэргэжлийн байгууллагуудаар орж танилцсан нь үнэхээр сонирхолтой байсан. Мэргэжлийн орчин бодитоор тэс өөр байдгийг ойлголоо. Тэнд биеэр очиж үзэж, мэдэрч таних нь илүү ач холбогдолтой байлаа. Танхимд сургалт хийхээс илүү чиглэл чиглэлийн байгууллагууд дээр очиж үзэх нь үнэхээр үр дүнтэй байсан гэж бодож байна. Би сэтгэл зүйч болох мөрөөдөлтэй бөгөөд аравдугаар ангиасаа хойш энэ чиглэлд сонирхолтой суралцаж ирсэн. Одоогийн байгууллагууд сэтгэл зүйчтэй байх шаардлагатай болж байгаа тул миний сонгосон мэргэжил ирээдүйд их эрэлттэй байх юм байна гэдгийг ойлгож, зөв мэргэжил сонгожээ гэж бодож байна. Энэ аяны хүрээнд Хилийн цэргийн 0131, Зэвсэгт хүчний 167 дугаар ангиудад очиж танилцсан нь надад хамгийн гоё туршлага боллоо” гэсэн юм.
Төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтоо зөв хийхэд дэмжлэг үзүүлснээр буруу сонголт хийх эрсдэлийг багасгаж, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг ойлгон өөрийн авьяас, сонирхол, давуу тал, зан чанарт тохирсон мэргэжлээ зөв сонгох, ирээдүйд эрэлттэй мэргэжил, ажлын байрны боломжийг мэдэж илүү бодитой шийдвэр гаргаж, нийгэмд хэрэгтэй мэргэжилтэн бий болоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.
Даланзадгад сумын ЗДТГ-аас "Боловсролын ундарга", "Хотын залуус" дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх, ирээдүйн мэргэжлээ зөв тодорхойлоход нь чиглэсэн нөлөөллийн ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 47 (7789)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn