С.САРУУЛ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цэргийн дайчилгаа зарласантай холбоотойгоор тус улсын иргэдийн хөрш орнууд руу чиглэсэн урсгал эрс нэмэгдсэн. Хиагтын талаас манай улс руу орж ирэх гэсэн ОХУ-ын иргэд урд дараалал үүсгээд байгаа тухай мэдээлэл цацагдаад буй Хойд хил дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ““Өнөөдрийн буюу есдүгээр сарын 22-ны өдрийн 08:00-12:00 цагийн байдлаар Алтанбулаг боомтоор зургаан орны 170 зорчигч орж ирсэн. Энэ дотор Монгол Улсын 14, ОХУ-ын 74 болон бусад орны иргэн байна. Өнөөдрийн 12:00 цагийн орчимд Хиагтад машины урт цуваа үүссэн байна гэдэг мэдээлэл сошиалд цацагдсан. Хамгийн сүүлд авсан мэдээллээр нэг хэсэг нь хилийн боомт орчимд дугаарлаж байгаа бол нөгөө хэсэг нь хилийн хоёрдугаар хаалтын цаана буюу Хиагтын талд дугаарласан байна.

Сүүлийн байдлаар Хиагт орчимд 60 гаруй машин дугаарлаж байна гэдэг мэдээлэл бий. Ерөнхийдөө өчигдөр болон өнөөдрийн хувьд Монголын тал руу хөдөлгөөн ихэссэн гэдэг мэдээлэл байна. Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих гэрээтэй учир гадаад паспорттой, өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn