
Б.НОМИН
Замын цагдаагийн газрынхан энэ өдрүүдэд ээлжит нэгдсэн шалгалтдаа гараад байна. Зам тээврийн осол гэмтэл, гэмт хэргийн гаралтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой учраас энэ шалгалтад тэд багагүй ач холбогдол өгдөг аж. Тиймдээ ч Замын цагдаагийн газрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ дайчлагддаг юм.
“Шоуны өдөр” буюу өнгөрсөн баасан гаригийн оройноос энэ шалгалт эхэлжээ. Манай сурвалжлах баг Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Энхболд, Э.Ууганбаяр нарыг өнгөрсөн баасан гаригийн орой үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад нь хамт байж, нийслэлийн замын хөдөлгөөнд оролцогчдын амьдралыг хэсэг хугацаанд сурвалжилснаа хүргэе.
Жавар тачигнасан Улаанбаатарын цаг хэдий 22:00-ыг заасан ч нийслэлийн зам дээрх амьдрал амрах болоогүй бололтой. Залуухан дэслэгч нарыг “Чулуу-Овоо”-гийн пост дээр ирэх үед манай сурвалжлах багийнхан тэнд уулзлаа. Шөнийн ээлжийн цагдаа зам тээврийн ослын дуудлагаар ойрхон явсан, постод нэг хүн үлдсэн байсан нь Дотоодын цэргийн алба хаагч аж. Шөнийн ээлжийн цагдаагийн аюулгүй байдлыг хангах үүднээс дотоодын цэргийнхэн хамт үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Илэрсэн зөрчлүүд ердийн, анхаарал татахуйц гэмт хэрэг гараагүй, тайван байсан учраас бид нэг их удалгүй тэндээс хөдөлж, Баянбүрдийн постыг зорилоо.
Хамт яваа дэслэгч нар маань зам зуур бидэнд ажлынхаа талаар танилцуулж, энэ тэрийг ярьж явлаа. Бидний нэрлэж заншсанаар “Шоуны өдөр” учраас энэ орой хэвийн биш жолоочтой машин хотоор нэг бий. Тэднийг илрүүлж, учирч болох эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй цагдаа нарт элдвийн л зүйл тохиолдох нь тодорхой. Э.Энхболд, Э.Ууганбаяр нарыг манай сурвалжлах багийнхантай уулзахын өмнө очсон постод согтуугаар машин барьж яваад баригдсан залуухан бүсгүйн асуудал хурцаар тавигджээ.
Согтолтын хэмжээ нь хоёр бүхэл, дээрээс нь жолооны үнэмлэхгүй байсан учир түүнийг эрүүлжүүлэхэд хүргэх шаардлагатай байж. Гэтэл “Би ой дөрвөн сартай хүүхэдтэй шүү дээ” гээд л уйлж гарах нь тэр. Хуульд зааснаар хүүхэд нь нэг ой хүрээгүй бол хүндэтгэж үзэх шалтгаан мөн. Гэвч залуу бүсгүйн хувьд энэ “Өршөөл”-д хамааралгүй учраас цагдаа нарт бүсгүйг эрүүлжүүлэхэд шилжүүлэхээс өөр арга байгаагүй аж.
Бүсгүйн хувьд гол асуудал маргааш өглөөнөөс нь эхэлнэ гэнэ. Яагаад гэхээр бүсгүй гаргасан зөрчлүүдийнхээ хариуд 7-14 хоног баривчилгаанд явах учиртай. Тэр хооронд нялх хүүхэд нь яах вэ гэдэг асуудал харамсалтай нь хууль хяналтынхны биш, зөвхөн бүсгүйн хувийн асуудал.
Биднийг энэ тухай ярилцаж явах зуур хажуугаар хурдтай өнгөрсөн жижиг тэрэгний жолооч гэрлэн дохион дээр зогсохдоо хажуудаа явсан машиныг шахаж мөргөх шахав. Ногоон гэрэл асахыг тэсч ядан хүлээж, яарч байгаа бололтой. Машинаа ухас ухас хийлгэж байна. Хамт явсан байцаагч нарт маань энэ үйлдэл “хэвийн биш” гэнэ. Даруй зогсоогоод шалгахад хижээл насны эрэгтэй жолооч эхнэрийнхээ хамт машиныг жолоодож байв. Цагдаагийн үнэрлэх төхөөрөмж түүнийг 0,56 хувийн согтолттой гэж заалаа. Энэ бол хориглосон хэмжээнээс хоёр дахин их согтолт гэсэн үг. Эхнэр, нөхөр хоёрт ингээд асуудал үүслээ.
Баянбүрд дэх замын цагдаагийн постод ирээд байцаагч нар жолоочийн машиных нь багаажийг шалгатал буяны ажилд хэрэглэхээр авч яваа эд зүйлээр дүүрэн байв. Жолооч нас барсан ахынхаа ажил явдалд оролцохоор нийслэлээс Архангай аймаг руу шөнө дөлөөр ийнхүү согтуу гарч байгаа нь энэ. “Би эхнэрээ дэлгүүр рүү орчихоод гарч ирэх хооронд нь нэг шил шар айраг уучихсан юм” гэж жолооч тайлбарлав. Эхнэр нь энэ зуур “Сиймхий анддаггүй муухай амьтан шүү” хэмээн бухимдсаар зогсоно. Тэр нөхрөө согтуу байгааг ч мэдээгүй гэлээ. Гэсэн ч цагдаа нар машиных нь гаднаас хараад жолоочийг согтуу гэдгийг мэдсэн байхад машин дотор, жолоочийн дэргэд сууж яваа эхнэр мэдээгүй байна гэдэг тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй байлаа.
Энэ ч бага хэрэг. “Хүнд гар”-ын хижээл жолооч маань өмнө нь хоёр ч удаа согтуугаар жолоо барьсан учраас жолоо барих эрхээ хасуулж байсныг цагдаагийн бүртгэлийн систем мэдээлэв. Гурав дахиа давтагдаж байгаа энэ алдаа нь түүнийг төрсөн ахынхаа буяны ажилд очиж амжуулахгүй бололтой. Өмнө нь оноосон шийтгэл энэ удаа илүү хүнд тусах нь ойлгомжтой учраас тэр.
Нөгөө талаас түүнийг цагдаа нар хэрэв саатуулаагүй бол, орон нутгийн замд юу болохыг таашгүй. Ямар нэгэн осол гаргахаас урьдчилан сэргийлж чадсан цагдаа нарт харин тэд дараа нь талархалтай хандах эсэхийг мэдэхгүй юм. “Цагдаад баригдчихлаа, гайтай юм” гэж бодохоос хэтрэхгүй л яваа болов уу.
Баянбүрд дэх замын цагдаагийн жижигхэн бүхээгт хэсэгхэн саатах зуур дороо эргэх ч зайгүй хүнээр дүүрчихлээ. Зөвхөн жолооч нар ч биш, гэртээ харихыг хүссэн согтуу бүсгүй хүртэл тэнд байгаа цагдаа нарт агсам тавьж цамнах аж. “Би гэртээ харимаар байна. Гадна байгаа хэдэн хүн намайг дагаад байгаа учраас чадахгүй байна” хэмээн уйлна. Дугаарыг нь хариад таксинд суулгаад өгье гэсэн цагдаад “Чи тэгээд намайг яг харьсан эсэхийг яаж мэдэх юм. Чи миний гэрийн хаягийг мэдэх юм уу” хэмээн агсамнах нь чихэнд чийртэй.
Нийслэлд энэ шөнө нийт 74 согтуу жолоочийг журамласнаас, гурав нь осол гаргасан байна. Мөн согтуугаар зам хөндлөн гарч явсан хоёр хүн машины дугуйг амиараа “нөхөх” дөхжээ.