Б.НЯМСҮРЭН

 

Намрын будант өдөр үүлс нөмөрлөхөд номын баярыг зорих хүмүүс нэмэгдсээр. Хуран чуулсан уншигчид хаа нэг тийш зорин алхах аж. Тэд өөрсдийн уншихыг хүссэн номоо авахаар алхаж буй нь тэр. Оюун ухаан их мэдлэгийн эзэд дотноор инээмсэглэн, үзгээ барьж, ерөөлийн үгээр бүтээлээ уншигчдад гардуулна. Залуусаар хүч нэмсэн тус баяр нь уншигч, зохиолчид хүсэн хүлээдэг баяр болтлоо өргөжиж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2019 оноос эхлэн “Мэргэн ном” шагнал, 2022 оноос эхлэн “Номын сайн нөхөр” уралдаан, улсын хэмжээний шагналыг олгож ном бүтээгчдээ урамшуулдаг болсон билээ. “Мэргэн ном” шагналыг олгохдоо хэвлэн нийтлэгч байгууллагын зүгээс Монголын номын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн, уншлагыг түгээн дэлгэрүүлсэн үйлсийг дэмжиж, үе дамжин яригдах үнэт номыг туурвисан бүтээлж хөдөлмөрийг урамшуулан гурван эрхэмд олгодог уламжлалтай. Энэ жилийн хувьд номын баярын хамгийн том онцлог нь бүх нийтээр тэмдэглэх хуультай болсон гэдгээрээ илүү өргөн цар хүрээг хамарсан билээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үйл ажиллагаа цар тахалтай холбоотойгоор аймгуудад харилцан адилгүй зохион байгуулахаар болсон.

Энэ үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч Д.Нямаа “Номын баяр нь уншигч зохиолчдын уулзалт билээ. Тус баярыг Б.Сувд гэдэг бүсгүй санаачлан зохион байгуулаад 32 жил болжээ. Нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр болгон хуульчилсан нь бахархууштай. Нийслэлийн Соёл Урлагийн газрын дэмжлэгтэйгээр зохиолчид өөрийн асарт уншигчидтай уулзаж байна. Дэлхийн оюунлаг улс болгонд болдог сайхан баяр. Цаашдаа илүү өргөжин тэлж хөгжинө гэдэгт итгэдэг. Уншигчид уран бүтээлчидтэй баярын сэтгэгдлээ хуваалцаж зохиолчдын онгод, сэтгэл зүрхний хөг аялгууг мэдэрч байна” гэсэн юм.

 

Зохиолч Б.Энхжаргал: Унших тусам үгийн баялаг нэмэгддэг

 

 “Зохиолч нар цуглаж уншигчидтайгаа нүүр тулан уулзаж, гарын үсэгтэй номоо авч байна. Баяр нь хайртай зохиолчидтой уулзах онцлогийг хадгалжээ. Номын баярын өглөө  тэрэг түрж эсвэл  тор барин номоо хямдралтай үнээр цуглуулж буй уншигч харахаар хайр хүрдэг. Би уран бүтээлээ нийт эмэгтэйчүүдэд зориулан бичдэг. Гэсэн хэдий ч бодит байдалд өсвөр насны охид болон залуу насныхан байна. Өөрөө  анзаараагүй байхад ийм сайхан хүрээлэлтэй болжээ. Зохиол бүтээлээрээ дамжуулан эмэгтэйчүүдэд туулж өнгөрүүлсэн, туулахыг хүсдэггүй  тэр л дүр санааг ойлгож мэдэрч сургамж аваасай гэж боддог. Ном уншдаг хүн зөв цэгцтэй сэтгэж чаддаг. Алдаа бага гаргадаг ба ганцаарддаггүй. Унших тусам үгийн баялаг нэмэгддэг болохоор хүнтэй харилцах харилцаа нь хүртэл сайжирдаг талтай.  Хүнд хэцүү үе тулгарлаа гэхэд түүнийг давах сэтгэлийн тэнхээ суудаг. Мөн ирээдүйд учрах зүйлийг урьдчилан тооцоолох чадвартай болно. Өөрөө өөртэйгөө ярилцаж сурна” гэв.

Цааш явж байтал зүлгэн дээр сууж аавтайгаа хамт ном унших хөвгүүн нүдэнд тусав. Түүнийг зорин очиж сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

н.Хатанбүүвэй “Уншигч миний хувьд  унших дуртай зохиолчийнхоо номыг авахаар ирсэн. Гэр бүлийнхээ гишүүдэд ном аваад явж байна. Энэ удаагийн баяр нь маш өргөн дэлгэр болж байгаа нь харагдаж байна. Нийгэмд залуу үеийнхэн биднийг  ном уншихгүй байна гэсэн шүүмжлэл байдаг. Тэр нь өрөөсгөл санагддаг. Хүмүүс номд хайртай, уншдаг болохыг нь эндээс харж болохоор юм. Уншихгүй бол сэтгэхгүй. Уншиж л байвал сэтгэнэ. Тиймээс унших нь сайхан буянтай үйл гэж боддог. Номоос хүн ухаарал авдаг. Тэр нь хүний амьдралын зам жим болно. Монгол ёс заншил, өвгөдийн ариун сайхан сэтгэлийн тухай унших хэрэгтэй. Монгол хэлний яруу сайхныг гаргасан зохиол бүтээл олон болоосой гэж хүсдэг” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 180 (6912)