Д.БОЛОР

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан албан тушаалтнууд гадаад, дотоодын компанид албан тушаал эрхлэх, зөвлөхөөр ажил­лахыг хориглох боллоо.  Ерөнхийлөгч асан Н.Багабанди, П.Очир­бат нар гадаа­дын хөрөнгө оруулалттай компаниудад зөвлөхөөр ажиллаж байгаа нь үндэс­ний аюулгүй бай­далд хортой гэж Г.Уянга гишүүн үзэж байна. Түү­ний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх асууд­лыг өнгөрсөн баасан гаригийн чуулганаар дэмжсэн. Мөн энэ өдрийн чуулганаар МАН-ын гишүүд байнгын хороодод хамаарах асуудлыг шийд­сэн бол үдээс хойшхи хуралдаанд Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийсэн юм.

Хаалттай мэдээллийн үндсэн санаа нь үндэсний аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой. Мэдээлэл задрах, задруулах явдал гарч болзошгүй нь хэмээгээд Монголын язгуур эрх ашигт харшлах зарим баримтыг дурьдаж өгсөн гэнэ. Тэрээр хаалт­тай хийсэн мэдээллийг гадагшлуу­лахгүй байхыг гишүүдэд хатуу сануулсан байна. Ингээд үдээс өм­нөх чуулганы хуралдааны тоймыг хүргэе.

Г.Уянга:

-Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон хашиж байсан хүн дотоод, гадаадын ком­панид зөвлөхөөр ажиллаж байгаа нь төрийн  бодлого, мэдээллийг ашиглуулагч болон хувирч болзошгүй. Өнөөдөр Ерөнхийлөгчийн алба хашиж байсан П.Очирбат, Н.Багабанди нар гадаадын компа­ниудад зөвлөхөөр ажиллах нь хэр зохимжтой вэ. Энэ үүднээс хуулийн төсөл санаачлан боловсруулж, төсөлдөө Монгол Улсын Үндэсний аюулгүй байд­лын зөвлө­лийн гишүүнээр ажиллаж байсан хүмүү­сийг ҮАБЗ-ийн тэргүүний зөвлөхөөр ажиллуулах орон тоо бий болгох, ул­маар туршла­гатай хү­мүүсийг төрийн бодлого боловсруулахад татан оролцуулах өөрч­лөлтийг тусгасан.  Түүнчлэн  зөвлөх нь Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх хэмжээний цалин авах, бусад баталгаагаар хангагдах нь зүйтэй.

Б.Гарамгайбаатар:

-Төрийн гурван өндөр алба хашиж байсан хүмүүс хуу­лийн дагуу бүрэн эр­хийн хугацаагаар төрийн тусгай хамгаалалтад бий. Тэгээд ч  томоохон аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгөх, их, дээд сургуу­лиудад багшлах зэргээр улс төрд ажилласан турш­лагаа ашиглаж ажиллах нь зүйтэй. Энэ төсөл хүний эрхийг хязгаарлаж байгаа учраас дэмжихгүй.

Б.Болор:

-ҮАБЗ-ийн гишүү­нээр ажиллаж байсан хүн бизнес эрхлэх, компанид хувь эзэмших эрхийг хязгаарлах, ҮАБЗ-ийн тэргүүний зөвлөхөөр өөрсдийнх нь саналыг харгалзалгүй шууд томилохоор тусгасан нь учир дутагдалтай. Иймд  төслийг боловсронгуй болгож байж хэлэлцэх нь зүйтэй юм.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Төсөлд ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан бүх хүмүүст насан туршийн цалин, хангамж олгохоор тусгасан нь бо­ломжгүй. УИХ-ын даргыг энд хамруулах шаард­ла­гагүй. Одоо мөрдөж байгаа хуулийн дагуу тусгай хам­гаалалт нь Ерөнхийлөг­чөөс бусад албан тушаалтанд заавал байх шаардлагатай эсэхийг дахин авч үзэх ёстой. Ерөнхийлөгч байсан хүн гадаад, дотоодын аж ахуйн нэгжид зөвлөгөө өгч, давуу байдал олгохыг хориглох зэргийг хуульд зохистойгоор тусгах шаардлагатай.

Р.Гончигдорж:

-ҮАБЗ-ийн гишүү­нээр ажиллаж байсан хүмүүс олж авсан мэдлэг, мэдээллээ то­дорхой нэг сонирхлын бүлэгт ашиглахыг хяз­гаар­лах, энэ хүмүүсийн тодорхой эрх Монгол Улсын нийтлэг эрх ашгаар хязгаарлагдах нь зайлшгүй асуудал бөгөөд үүнийг харгалзан үзэж, хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Харин Д.Эрдэнэбат ги­шүүн ҮАБЗ-ийн гишүүн байсан хүмүүсээс зөвхөн Ерөнхий­лөгчөөр ажиллаж байсан хүнийг насан тур­шид нь тусгай хам­гаалал­тад байлгах хэрэгтэй.  ҮАБЗ-ийн тэргүүний зөвлөхөөр ажиллуулах, албан үүргээсээ чөлөөлөгдсөний дараа улс төр, бизнест оролцохгүй байх асуудлыг судалж, гэр бүлээр нь төрийн хамгаалалтад авахаар хуульчилж өгөх нь зүйтэй гэлээ. Энэ мэт­чилэн дэмжсэн, дэмжээ­гүй 20 гаруй гишүүн үг хэлсний дараа төслийг дэмжээний байнгын хорооны шийдвэрийг няцааж, дахин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.