Т.САЙХАН

Шадар сайд С.Амарсайхан 21 аймаг, нийслэлийн Засаг дарга болон Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд цахимаар хуралджээ. Тус хурлаар УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү гангийн эрсдэл өндөртэй байгаа 10 аймагт эрсдлийн үнэлгээ хийсэн дүнг танилцуулсан байна.  Үнэлгээгээр Ховд аймаг маш их, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймаг их,  Увс, Говь-Алтай, Архангай аймгууд дунд эрсдэлтэй гэсэн дүн гарчээ.  Тэгвэл энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Зууны мэдээ" сонинд ярилцлага өгөх үеэрээ "Өнгөрсөн жилийн өвөл, хавар харьцангуй өнтэй дулаахан байлаа.   Харин энэ жил баруун таван аймаг, Өмнөговь,  Дундговь гэсэн аймагт зуншлага тааруу байгаа.  Үүнийгээ дагаад өвөлжилт, хаваржилт хүндэрч магадгүй байна. Тийм учраас аймаг орон нутгийн удирдлагуудаас эхлээд малчин өрхүүд маань бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Бүх зүйлийг  төр засгаас бэлдээд өгөөд байх боломж байхгүй. Өнгөрсөн жилээс  эхлээд өвс тэжээлийн нөөцөөс эхлээд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг орон нутгийн удирдлагуудад нь шууд хариуцуулдаг болсон.  Энэ жил ч тэр зарчмаараа явна.  Тэгэхээр энэ асуудалд тухайн орон нутагт нь ажиллаж байгаа хүмүүсийн оролцоо, ажилдаа хандах хандлага их чухал байна.  Мөн малчин өрхүүд тодорхой эрсдлийг тооцож, үнэлэлт дүгнэлт өгч бэлтгэл базаах хэрэгтэй.  Миний хувьд энэ долоо хоногт мөн ХХААХҮЯ-нд ажиллаж салбарын асуудлуудтай танилцаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой үүрэг даалгавар өгсөн байгаа" гэв.