Ли Нарангуа: Өвөрмонголд яс засдаг бариач олон бий

0
хуваалцах
597
үзсэн

Р.ОЮУН

 

Энэ удаагийн зочноор Австралийн үндэсний их сургуулийн профессор, түүхийн ухааны доктор Ли Нарангуаг урьж ярилцлаа. Тэрбээр “Чингис хааны ертөнц ба монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Өвөрмонголын яс барих бариа сэдвээр илтгэл тавьсан юм.

 

-Та Өвөрмонголын яс барих бариа сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан.  Энэ талаар манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу?

-Монгол хүн болсны хувьд уламжлалт анагаах ухаанаа дэлхий нийтэд таниулъя гэж бодоод гурван жилийн өмнөөс судалгаа хийсэн. Үүгээрээ ном гаргах бодолтой байгаа. Яс барих бариа нь уламжлалт анагаах ухааны нэг төрөл. 1920, 1930-аад оны үед Монголын бурхан шашин, бөө, уламжлалт анагаах ухаан хор хөнөөл их амссан. Уламжлалт анагаах ухааныг сурч мэдэх нь хаалттай байжээ. Өвөрмонголын хувьд 1960-1970 онд Халх Монголын 1930-аад оны үе шиг яс засах хаалттай байсан. Учир нь яс бариач нарыг чөтгөр, шуламс хэмээн гянданд хорьж, заримыг нь цаазалдаг байж. Монгол үгэнд яс барихыг хоёр утгаар тайлбарладаг. Нэгдүгээрт, бурхан болсон хүний биед хүрсэн хүнийг яс бариач гэдэг. Хоёрдугаарт, хүний хугарсан ясыг барьж засдаг хүнийг мөн яс бариач гэнэ.

-Өвөрмонголд яс засдаг бариач хэр олон байдаг вэ. Тэд хүнийг яаж эмчилдэг юм бол?

-Өвөрмонголд яс засдаг бариач олон бий. Яс бариач гэхээр зарим хүн буруугаар ойлгодог. Өвөрмонголд одоо ч яс бариач гэж ярьдаг. Халх Монголд зарим бариа засал хийдэг хүн яс засдаггүй. Тухайлбал, ходоод өвдөх, эмэгтэй хүний горьдсон хөхийг засдаг хүнийг бариач гэж ярьдаг. Гэтэл Өвөрмонголд бариач гэдэг нь ясыг засдаг. Ясыг засахын хажуугаар өөр юмын бас засдаг. Хугарсан ясыг барьж байгаад засахдаа өвчтэй, хавдсан газарт нь мөнгөн аяга, хаш чулуу тавиад өвчнийг нь намдаадаг. Зарим хугараад бороолсон ясыг халуун, хүйтэн жин тавьж байгаад хэвэнд нь оруулж засдаг. Өвөрмонголын яс бариач халх Монголын яс бариач ондоо байдаг. Монгол өргөн уудам нутагтай болохоор газар газрын бариа өөрийн гэсэн онцлогтой.

-Хорчин яс бариачийн талаар товч танилцуулахгүй юу?

-Хорчин яс бариач нь Өвөрмонголдоо алдартай. Манай нутагт XVIII зууны үед төрсөн хүч чадалтай, яс заслаар мэргэшсэн удган байсан. Тиймээс өөрийн яс засах эрдмээ хоёр хүүдээ өвлүүлсэн нь тэдний үр удамд мөн өвлөгдсөн байна. Өнөөдөр энэ хүний яс бариач удам Өвөрмонголын газар болгонд бий. Өвөрмонголын яс бариачид чадвараа үр удамдаа өвлүүлдэг. Хаалттай байх үед яс бариач нар хөдөө их байсан. Монголчуудын сонор их урт учир нэг нэгнээсээ тэнд тийм сайн бариач байна гэдэг. Мөн одоогоор анагаах ухааны сургуулийн уламжлалтын ангид сурч төгсөөд яс бариач болдог. Бас эмнэлгийн уламжлалтын тасагт ажиллаж байхдаа сонирхоод сурах ч хүн бий. Гэхдээ анагаах ухааны сургуулийг төгссөн уламжлалтын бариач нар нэр хүндтэй болж дээшээ дэвшиж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 159 (6891)