НӨАТ-ын сугалааг үргэлжлүүлэхээр ажиллаж байна

0
хуваалцах
856
үзсэн

Б.ДАРЬСҮРЭН

Дөрөвдүгээр сараас түр хугацаанд зогсоогоод байсан НӨАТ-ын сугалааг ирэх сараас сэргээхээр төлөвлөж байгаа аж. 

Хэдий сугалааг зогсоосон ч НӨАТ-ын дүнгийн хоёр хувийн буцаан олгох систем хэвээр үргэлжилж ирсэн. Энэ хугацаанд хэвлэгдсэн баримтын тоо буураагүй ч худалдан авалтын баримтаа бүртгүүлэх идэвх буурсан нь судалгаанаас харагдаж байна. 2016 онд 203 сая баримт бүртгэгдэж байсан бол 2021 онд 647 сая ширхэг болж өссөн бол үнийн дүн нь 39 тэрбум төгрөгөөс 104 их наяд төгрөг болж өссөн үр дүнтэй байв. Энэ хугацаанд давхардсан тоогоор 1.6 сая азтан тодорч, 81.2 тэрбум төгрөгийн урамшууллыг сугалааны тохирлоор авчээ. 

Дээр дурдсан судалгааны үр дүнд суурилаад НӨАТ-ын сугалааг сэргээхээр төлөвлөж байгаа. Ингэхдээ хэд хэдэн шинэчлэлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн хэллээ. 

Тэрбээр "Төлбөрийн баримт идэвхтэй бүртгүүлдэг иргэдээ дэмжих бодлого барьж байгаа. Өөрөөр хэлбэл, олон төлбөрийн баримт бүртгүүлэх тусам өндөр шагналтай сугалаанд оролцох эрх нээгдэх хувилбарууд яригдаж байна. Тухайлбал, 10 хүртэлх баримт бүртгүүлсэн хүнд сугалааны гурван орон таарвал 30 мянга, таван орон таарвал 60 мянган төгрөг хожих боломж нээгдэх бол 51-ээс дээш баримт бүртгүүлсэн хүний гурван орон таарвал 60 мянга, таван орон таарвал 500 мянган төгрөгийн азтан болох боломж бүрдэх нөхцлийг судалж байна. Эцсийн байдлаар батлагдаагүй ч ийм хувилбараар иргэдийг идэвхжүүлэх боломжтой гэж үзэж байгаа" гэв.

Эх сурвалж: www.polit.mn