Б.ДАРЬСҮРЭН

Мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр хүч түрэн гарч ирж буй “Sendly” олон нийтэд хувьцаагаа гаргах зөвшөөрлөө авсан талаар тус байгууллагын ТУЗ-ийн дарга Б.Наранбаттай ярилцлаа.

 

-Ярилцлагаа компанийн танилцуулгаас эхэлье. Үйл ажиллагааны сууриа хэрхэн тавьж байв?

-Бид “Sendly”-гийн төслийг 2016 оны есдүгээр сард олон улсын мөнгөн гуйвуулгын IMTC конферэнц хуралд Монголын анхны төлөөлөл болон очиж байсны дараа үүсгэн байгуулж байсан түүхтэй. Тэнд мөнгөн гуйвуулгын бизнесийг яаж хийдэг, арилжааны банкны гуйвуулгаас юугаараа ялгаатай гэдэг талаар тодорхой хэмжээний мэдлэгийг эзэмшиж ирсэн. Өөрийн туршлага дээрээ ярихад, 2016 онд гадаадад байгаа найзаасаа мөнгө шилжүүлж авахад ханшийн зөрүүн дээр нэлээдгүй ам.доллар алдсанаа мэдсэн юм.

Тэгээд судалтал монголчууд хувь хүнээр дамжуулан шилжүүлж, валютаа сольдог, үүний зэрэгцээ хэзээ очих, хэдэн төгрөг хүлээн авах зэрэг дээр асар их эрсдэл хүлээдэг гэдгийг ойлгосон. Манайд ашиглагддаг Western Union, Moneygram гэх үйлчилгээ нь шимтгэл өндөртэй байсан учраас тэдэнтэй өрсөлдөхүйц шинэ үйлчилгээг бий болгоё гэх санаан дээр үндэслээд, ажлаа эхлүүлсэн. Түүнчлэн 2017-2019 онд бэлтгэл ажлаа хангаж, 2020 оны тавдугаар сард АНУ-аас Монгол Улс руу цахимаар мөнгө шилжүүлдэг “Sendly” аппликейшн бүтээж, нээлтээ хийсэн.

Хэдий тухайн үед манай улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орж мөнгөн гуйвуулга хийхэд хүндрэлтэй байсан болов ч АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчууд Sendly аппликейшныг ашиглан эх орон руугаа ердөө 10 минутын дотор л гүйлгээ хийх боломжтой болсон юм.

Түүний дараа 2021 оны тавдугаар сард Австралид, арваннэгдүгээр сард нь Японд, харин энэ оны зургаадугаар сард Европын холбооны 21 улсад гарцаа нээж үйл ажиллагааны цар хүрээгээ улам тэлж, хүртээмжтэй, найдвартай үйлчилгээг цогцлоохыг зорьж байна. Бид өнгөрсөн хугацаанд нийт 21 мянган харилцагчтай болж, 37 мянган гүйлгээ хийж, 33 тэрбум төгрөгтэй тэнцэх валютыг Монгол улсад оруулж ирсэн нь бахархал юм.

-Хувьцаагаа хэзээ олон нийтэд гаргахаар төлөвлөж байна? 

- Бид өнгөрсөн оны сүүлчээс эхлүүлэн IPO гаргах бэлтгэлээ базааж эхэлсэн. Нээлттэй компани болно гэдэг их хариуцлагатай ажил учир шаардлагатай бүх бэлтгэл ажлуудаа шат, шатандаа хангаж байгаа. Олон баг бүрэлдэхүүн хамтарч ажилладаг учраас их том ажил байдаг. Бид Санхүүгийн зохицуулах хорооны 8 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хурлаар олон нийтэд хувьцаагаа гаргах зөвшөөрлийг авч, есдүгээр сарын сүүлээр хувьцаагаа олон нийтэд танилцуулах төлөвлөгөөтэй байна. 

-Бусад IPO-өөс юугаар ялгарч байна вэ?

- Хөдөө аж ахуй, бүтээн байгуулалт гэх мэт бусад төслүүд IPO-р босгосон эх үүсвэрээ үл хөдлөх хөрөнгө, үйлдвэр барихад зарцуулдаг ба уг үйл явц нь багагүй хугацааг шаарддаг. Хувьцааг нь худалдаж авсан хүмүүс ашиг хүртэх хүртлээ удаан хүлээх шаардлагатай болдог бол санхүүгийн байгууллагууд IPO-р босгосон эх үүсвэрээ шууд бизнесийн үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгөдөө ашигладаг.

Жишээлбэл, бид энэ оны хагас жилд 2.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан тоон үзүүлэлт гарсан. Харин жилийн эцэст таван тэрбумын ашигтай ажиллана гэж тооцоолж байгаа. Тэгэхээр бид IPO хийж санхүүгийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр ирэх оноос жилд 8-10 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах боломжтой юм. 

Тэгэхээр гол ялгаа нь бид босгосон хөрөнгөө аль хэдийн ашигтай ажиллаж байгаа бизнес моделио илүү сайжруулахад ашиглах учир Sendly хувьцааг худалдаж авсан хүмүүс асар богино хугацаанд үр шимийг нь хүртэж эхэлнэ гэсэн үг.

-Эдийн засагчид одоогийн нөхцөлд банк, санхүүгийн байгууллагуудыг IPO гаргах нь эрсдэлтэй гэж үзэж байгааг юу гэж харж байна вэ?

-Эдийн засагчид цаг үеийн түүхэн хямралуудыг маш сайн мэддэг шүү дээ. 

Жишээлбэл, 1997 оны Азийн санхүүгийн хямрал, 2008-2009 оны дэлхийн санхүүгийн болон 2013-2014 оны эдийн засгийн удаашралууд байна. Эдийн засаг хүндэрсэн үед Төв банк мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлж, арилжааны банкнууд мөнгөний нийлүүлэлтээ багасгаж, зээл хомстож эхэлдэг. Харин энэ үед ББСБ болон бусад зээл олгогч байгууллагуудын бизнест өсөлт бий болдог. Энэ ч утгаараа ББСБ-ын зах зээл сүүлийн жилүүдэд өндөр өсөлт үзүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар арилжааны банкнууд IPO-д бэлтгэж, зээлээ хумьж байгаа нь ББСБ-уудын бүтээгдэхүүн байнгын эрэлтэд ороход түлхэц болж байна.

Ханшийн савалгаа, зээлийн эрэлт ихтэй, мөнгөний хатуу бодлоготой энэ цаг үед ББСБ-ууд өндөр ашигтай ажиллах боломжтой. Бидний хувьд сар бүр тогтмол гадаад валютын орлого олдог нь ханшийн савалгаатай үед давуу тал бүрдүүлж байгаа.

-Монголд хөрөнгийн зах зээлийн салбар бий болоод 30 гаруй жил болсон. Гэвч хөгжил нь маш удаашралтай байна гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг. Хөгжлөө урагшлуулахын тулд ямар арга хэмжээ авбал зохистой вэ?

-Сүүлийн үед арилжааны банкууд IPO гаргаж, хөрөнгийн зах зээлд орж ирж байгаа нь зүйтэй.  Энэ нь зах зээл бүтээгдэхүүнээ сайжруулж байгаа явдал юм. Өмнө нь яагаад хөрөнгийн зах зээлийн өдрийн арилжаа, оролцогчид бага байсан бэ гэхээр томоохон тоглогч цөөн байсан хэрэг. Албан бус мэдээллээр 30 мянга гаруй хүн одоогоор арилжаа хийж байна. Энэ тоо удахгүй 300 мянга, цаашлаад сая болох боломжтой.

Хөрөнгийн зах зээл хөгжсөнөөр жижиг, дунд бизнес эрхлэгч нарт давуу тал гарч ирнэ. Зөвхөн банкнаас зээл, хөрөнгө оруулалт харж суух биш хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалтаа босгох эрүүл, шударга харьцаа үүснэ. Мөн бизнесийн ёс зүй сайжирч компаниуд сайн муугаараа ялгарч эхэлснээр муу нь боловсон хүчин, үйлчилгээндээ анхаарч бага багаар хөгжих нөхцөл бүрдэх юм.

-Хувьцаа авах иргэн, аж ахуйн нэгжийн хувьд юуг анхаарвал зүйтэй вэ?

-Хөрөнгийн зах зээл хөгжинө гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Таван жил, магадгүй нэг жилийн дараа ч маш өндөр түвшинд очих бүрэн боломжтой. Иргэдийн 90 гаруй хувь нь мөнгөө банканд хадгалуулдаг. Бусад улсад ДНБ-ий 150-300 хувь нь хөрөнгийн зах зээлийн хэмжээ байдаг бол манайд 20-30 хувь нь л ногдож байна. Энэ хэмжээ цаашид 5-10 дахин өсөх боломжтой. Хувьцаатай холбоотой сонин сэтгүүл уншиж, өөрийнхөөрөө мэдээллийн хүрээг соргог байлгаж чадсан нь илүү их ашиг хүртэх боломжтой болно.

Таван сая төгрөгөөр хувьцаа авлаа гэхэд таван өөр компанид хуваагаад хийх юм бол эрсдэл багатай. Ямар ч салбарын хөгжлийн үе шатанд өрсөлдөөний дунд манлайлагчид нь тодордог. 20 жилийн өмнө банкны салбарт 20 гаруй банк байсан. Бүгд л янз бүрийн сугалаат хөтөлбөр, урамшуулал, сурталчилгаа явуулдаг байсан шүү дээ. Гэтэл хөгжлийн үе шатны дараа 12 банк л үлдэж, тав нь зах зээлийнхээ 70-80 хувийг бүрдүүлж, өнөөдөр IPO хийхэд бэлэн болсон байна.  Үүнтэй адил өнөөдрийн 30-40 финтек компаниас тав нь л 20 жилийн дараа зах зээлийнхээ 90 хувийг эзэмших магадлал өндөр байгаа юм.Тэгэхээр одооноос сонголтоо хийхдээ аль нь өсөх ирээдүйтэй, хэн нь бизнесээ зөв тодорхойлсон, ямар боловсон хүчинтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж чадах уу, үгүй юу гэдгийг нь сайн судалж хөрөнгө оруулалт хийгээрэй гэж уриалмаар байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 157 (6889)