“МИК Холдинг” ХК хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа

0
хуваалцах
1251
үзсэн

Монголын Хөрөнгийн Биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "МИК Холдинг" ХК 2022 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • Нийт активын хэмжээ 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 3,853.6 тэрбум төгрөг хүрсэн нь“Өэлүн” бондыг төлсөнтэй холбоотойгоор өнгөрсөн оныхоос -8.8 хувиар буурсан үзүүлэлт гарсан.
  • Татварын дараах цэвэр ашиг (–81.6) тэрбум төгрөг гарсан байна.
  • Компанийн зах зээлийн үнэлгээ 287.4 тэрбум төгрөгт хүрэв.

Тайлант хугацаанд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2022 оныг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах Монголбанкны шийдвэрийг хэрэгжүүлэх зэрэг олон ажлуудыг гүйцэтгэсэн. Уг шийдвэрийн хүрээнд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 82.9 тэрбум төгрөгийг бонд эзэмшигчдэд тусгай зориулалтын компанийн нөөц сангаас төлж, он дуустал 144.1 тэрбум төгрөгийн купоны өглөг төлөхөөр хуримтлагдаад байна. Мөн Бүгд Найрамдах Киргиз Улсын Сангийн дэд сайдаар ахлуулсан Эдийн засаг, Худалдааны яам, тус улсын Төв банк болон банк санхүүгийн төлөөлөгчид “МИК ОССК” ХХК-нд зочилж, Монгол Улсын орон сууц санхүүжилтийн тогтолцоо, ипотекийн зээлийн системийн талаар туршлага судаллаа.

МИК Холдинг ХК нь Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй компани бөгөөд 2015 онд, “MИK OCCK” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Хувьцаа солилцох болон эрх шилжүүлэх гэрээний дагуу МИК Холдинг ХК-д зохих хувьцааг шилжүүлэн, МИК Холдинг ХК-ийг толгой компани болгон өөрчлөн байгуулсан. Түүний хүрээнд “MИK OCCK” ХХК-ийн хувьцааг эзэмшин, удирдлагаар ханган ажиллаж байна.

МИК Холдинг ХК нь Монгол өрхийн тав тухтай амьдралыг дэмжих орон сууцны санхүүжилтийн экосимтемийг бий болгох алсын хараа, эрхэм зорилгын төлөө 16 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байна. МИК Холдинг ХК-ийн охин компани болох “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК нь  2013 оноос төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд банкнуудын олгосон орон сууцны зээлийг Монголбанкны шалгуурыг хангаж буй эсэхэд хяналт тавьж багцлан худалдан авч, санхүүгийн хоёрдогч зах зээл дээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг мэргэжлийн байгууллага юм.

Өнгөрсөн хугацаанд 90 мянга гаруй өрх айл, иргэд урт хугацаатай ипотекийн зээлд хамрагдан амьдралын чанараа сайжруулаад байна. Мөн банк санхүү, барилга болон түүний дагалдах салбарууд болон нийгэм эдийн засагт үнэтэй хувь нэмрийг МИК оруулсаар байна. 

 

 

Тэнэг уянгын халилтай тайлан бэ? Мэргэжлийн бус хүмүүс удирдаж байгаам байна.