Номын сангууд төгсөгчдийнхөө судалгааг түрээслэх нь оюуны өмчийн зөрчил мөн үү

0
хуваалцах
1596
үзсэн

С.УЯНГА, С.САРАНТУЯА

Улсын томоохон их, дээд сургуулиуд төгсөгчдөөс мастер, докторын дипломын ажил, дисертацийн нэг хувийг дотооддоо авч үлддэг. Өөрөөр хэлбэл, төгсөгчид диплом гардаж авахдаа судалгааны ажлынхаа хуулбарыг сургуульдаа үлдээх гарын үсэг зурдаг бичигдээгүй хууль үйлчилсээр байна. Гэтэл төгсөгчдийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, алтан цаг хугацаа хором мөчүүдээ зарцуулсан оюуны бүтээлийг хадгалах нэрийдлээр ашиг олж байгаа нь оюуны өмчийн зөрчил мөн үү гэдгийг хөндөх цаг иржээ. 


Их, дээд сургуулиуд судлаачийн оюуны бүтээлийг хадгалж, хамгаалж байгаа нь асуудалгүй. Мөн олон нийтэд уншуулж, хүртээж байгаа нь ч сайн хэрэг. Харин зохиогчийн тусгай зөвшөөрөл, гэрээ хийхгүйгээр зөвхөн өөрсдөө ашиг хүртэх нь хэр шударга вэ. Ийм кейсийг Монголдоо хамгийн томд тооцогдох МУИС-ийн “шилэн” номын сангаас харж болно. Тус номын санг зорьж очсон хүмүүст мастерын судалгааны ажлыг 3000, докторынхыг 5000 төгрөгийн үнэлгээтэйгээр уншуулдаг. Ийм байдлаар МУИС-ийн төв номын санг нэг хүн хэдэн ч удаа хамаагүй зорино, тэр бүртээ дээрх тарифын дагуу төлбөр төлнө. Номын санчийн бидэнд өгсөн мэдээллээр төлбөрийг цаг тухай бүрт нь бэлнээр хураадаг гэнэ. Хичээл сургууль орж байгаа оюутан олон, ачаалал их үед төлбөрт уншлага дээр өдөрт 15-20 хүний хязгаар тавьдаг бол зуны амралтаар энэ тоо эрс нэмэгддэг юм байна. Эндээс харвал сургууль төгсөгчдийнхөө оюуны бүтээлээр багагүй ашиг олдог бололтой. Өдөрт докторын судалгааг 20 хүн үзэхэд л 100 мянган төгрөг. Харин мастерынхаар тооцвол 60 мянга болж байна. Өдөр хоног хэчнээн, хүн ам хэд билээ. Ийм маягаар үржиж өгөх нь. Гэвч төгсөгчдийнхөө оюуны бүтээлийг ингэж төлбөртэй ашиглахдаа тодорхой хувийг, ядаж нэг хувийг зохиогчид нь өгдөг болов уу гэдэг асуулт гарч ирнэ. Энэ талаар Номын санч мэдээлэл өгөх боломжгүй гэсэн учраас бид МУИС-ийн номын сангийн захирал Г.Цэрэнтэй холбогдож тодруулсан юм. Тэрбээр “Манай номын сан зөвхөн өөрийн сургуулийн оюутнуудад дипломын ажлаа үнэгүй үзүүлдэг. Бусад сургуулийнханд 3000-5000 төгрөгөөр уншуулдаг. Шинэ номын сантай болсноос хойш уншигчдын тоо эрс нэмэгдсэн учраас энэ журмыг гаргасан. Ачаалалтай холбоотойгоор ийм шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрсэн. МУИС  төгсөж байгаа оюутнуудтайгаа гэрээ байгуулдаг. Гэрээндээ таны оюуны өмч нь МУИС-ийн оюуны өмч бөгөөд цаашид ийм зүйлд ашиглагдана гэж зааж өгдөг. Бид олсон орлогоо хичээлийн нэгдүгээр байранд тушаадаг. Төсөв санхүүг нь мэдэхгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн юм. 


 Харин зарим хуульчдын зүгээс бусдын оюуны өмчийг ашиглаж мөнгө олох нь зөрчилд тооцогдож магадгүй гэлээ. Энэ талаар хуульч А.Базар “Зохиогчтой гэрээ байгуулсан эсэх, бүтээлийг ямар тохиолдолд ашиглах зэргээс нь харвал олон талтай. Нарийн судлаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ оюуны өмчийн зөрчилд тооцогдох магадлалтай” гэсэн юм. Бид мөн Оюуны өмчийн газраас тодруулахад “Бүтээлийг нь ямар байдлаар ашиглах зэргээр албан ёсны гэрээ байгуулсан эсэхээс шалтгаална. Нарийн гэрээ байгуулаагүй хэрнээ бүтээлийн эзэнд урамшуулал өгөхгүйгээр ашиглана гэдэг оюуны өмчийн зөрчил болно” гэлээ. 
Оюуны өмчийн хуульд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоож болно гэж тусгажээ. Мөн Номын сангийн хуульд номын сан нь зохиогчийн эрх эзэмшигчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр өөрийн сан хөмрөгт байгаа ном хэвлэлийг бүрэн болон хэсэгчлэн цахим хэлбэрт оруулж цахим уншлагын үйлчилгээг үзүүлнэ. Номын сан өөрийн үйл ажиллагааны орлоготой холбоотой хэвлэх цех, дэлгүүр ажиллуулж болох бөгөөд өөрийн үйл ажиллагааны орлогыг захиран зарцуулна гэжээ. Гэхдээ номын сан төлбөртэй үйлчилгээ үзүүлэх заалтыг харвал, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн дараах тохиолдолд төлбөртэй үйлчилгээ үзүүлж болно. Нэгдүгээрт, нэмэлт үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд, хоёрдугаарт, гэрээний үндсэн дээр тодорхой нэг салбарын мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, гуравдугаарт, улсын болон орон нутгийн номын сангийн нэмэлт үйлчилгээ үзүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэжээ. 


Бид дээрх кейстэй холбоотойгоор бусад номын сангуудаар орж лавласан юм. Улсын төв номын сангийн хувьд зөвхөн докторын дипломын ажлыг харж болно. Ингэхдээ номын сангийн карт нээлгүүлэн үнэ төлбөргүй үзүүлдэг байна. Нацагдоржийн номын сан нь мөн адил карт авч үнэгүй үйлчлүүлж болно гэв. Харин Хүмүүнлэгийн ухааны номын сан зуны улиралд амарч байсан бол  ХААИС нь төлбөргүй үзүүлдэг гэв. Энэ талаар МУБИС-иас тодруулахад “Манай сургуулийн мастер, докторын ангид сурч байгаа бол долоо хоногт хоёр удаа төлбөргүй сууж болно. Гадны хүмүүст үйлчилдэггүй” гэлээ. 


Номын сангууд мастер болон докторын дипломын ажил, дисертацийг төлбөртэй үзүүлж байгааг буруутгах гэсэнгүй. Оюуны бүтээлийг тодорхой хэмжээнд үнэлж байгаа нь сайшаалтай. Гэхдээ оюуны бүтээлээр зөвхөн сургууль ашиг олох биш зохиогчид нь тодорхой хувийн урамшуулал, санхүүгийн дэм үзүүлдэг байвал... Энэ өнцгөөс харвал төгсөгчдийн бэлэглэлийн гэж хэлж болохоор гэрээтэй учраас МУИС-ийн номын сан хууль зөрчөөгүй байж мэднэ. Угаас хууль журмаар далайлгаж шүүх ч гэсэнгүй. Гэхдээ дэлхий нийтээр хүний эрх, оюуны өмчийн асуудалд онцгой анхаарч буй энэ үед номын сангууд маань журмаа өөрчилж эрдэмтэн, судлаачидтай оюуны өмчийн гэрээ байгуулдаг болох жишгийг нэвтрүүлээсэй. Энэ бол зөвхөн хэдэн өдөр биш хэдэн жилээр сурч боловсрох, ашиглах асуудал шүү дээ.Оюутнууд өөрсдөө кредит төлж диплом бичдэг атал буцаагаад зарж, түрээслүүлнэ гэхээр бас л сонин. 

 

НОМЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Төлбөртэй үйлчилгээ үзүүлэх

25.1. Номын сан нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн дараах тохиолдолд төлбөртэй үйлчилгээ үзүүлж болно:

25.1.1. Нэмэлт үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд;

25.1.2. Гэрээний үндсэн дээр тодорхой нэг салбарын мэдээллийн үйлчилгээ үзүүлэх.

25.2. Улсын болон орон нутгийн номын сангийн нэмэлт үйлчилгээ үзүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. Баасан ГАРАГ. № 154 (6886)