П.АМГАЛАН
Гэрэл зургийг Р.Оюун
Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр экологич Д.Туяа байр сууриа илэрхийлж, холбогдох шийдвэрүүдтэй холбоотой асуудлуудыг хөндлөө. Тэрээр “Нийслэлийн Засаг даргын орлогч гадны хөрөнгө оруулалттай компанид давуу байдал олгосон байж болзошгүй, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулан, иргэдэд худал мэдээлэл тарааж байгаа нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Тиймээс холбогдох байгууллагууд анхааралдаа авч, шалгаж, шаардлагатай арга хэмжээ авч өгнө үү.
Мөн Эрүүгийн цагдаагийн албанд гомдол гаргасан. Учир нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байдал ажиглагдаж байгаа. Нийслэлийн зарим удирдлагууд гадны хөрөнгө оруулалттай компанийн өмнөөс яриад байгаа нь улсын аюулгүй байдалд нөлөөлөх, цаашлаад улс орны тусгаар тогтнолд халтай” гэв.
Тухайн компани усны нөөцийн дүгнэлт гаргаагүй байхад Байгаль орчны яамтай үгсэн хувилдаж үнэлгээ батлуулсан. Тиймээс Байгаль орчны яамны нэр бүхий албан тушаалтнууд, болон тухайн компани хуулийн хариуцлага хүлээх ёстойг онцоллоо.
Мөн дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон 15 хорооны иргэдийн нийтийн хурлаас санал авахгүйгээр тухайн компани замын ажил эхлүүлсэн. Нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд бүх хороо, дөрвөн дүүргээс санал авч, хурлын тогтоол тэмдэглэл гарсны дараа нийслэлийн ИТХ-ын газар баталж өгөх ёстой байсан гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн кемп байгуулах газар болон менежментийн төлөвлөгөөтэй холбоотой шийдвэрүүд хуулийн хүрээнд явагдаагүй гэв. Тодруулбал, Байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн яамныхны хувьд усны боломжит нөөцийн дүгнэлт гараагүй. Мөн бүх хороодоос албан ёсны хурлын тогтоол ирээгүй байхад үнэлгээ баталж өгсөн гэлээ. Тэрээр “ Тухайн хорооны иргэдийн нийтийн хурлаар санал аваад дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаад дараа нь кемп барих газрын зөвшөөрөл олгодог. Гэтэл Хан-Уул, Баянгол дүүрэгт очиход тогтоол шийдвэр гараагүй байсан. Мөн менежментийн төлөвлөгөөний асуудал байна. Байгаль орчны яам өөрсдөө менежментийн төлөвлөгөө батлаагүй мөртлөө тухайн компани 20 гаруй хууль бус үйл ажиллагаа явуулсан асуудлыг таслан зогсоохгүй дэмжсэн. Хууль бус үйлдлийг таслан зогсоох, лаз тавих, торгууль шийтгэл оногдуулах, улсын орлого болгох эрх нь байхад Байгаль орчны яамны өнөөгийн удирдлагууд чимээгүй байж, компанид давуу байдал олгож үйлчилсэн нь гэмт хэргийн шинжтэй байна” гэлээ.
Эх сурвалж:www.zms.mn