П.ЛХАГВА
Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хүмүүнлэгийн шинжлэх ухааны доктор, профессор Цэвэлийн Шагдарсүрэнгийн "Монголчуудын үсэг бичгийн товчоон", "Монголчуудын утга соёлын товчоон" номын нээлт 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо.
"Монголчуудын үсэг бичигийн товчоон" хэмээх бүтээл нь анх 1981 онд хэвлэгдэж, хоёругаар хэвлэл нь 2001 онд уншигчдын хүртээл болж байжээ. Өдгөө толилуулан буй энэ номын гуравдугаар хэвлэл нь ᠋᠋"монгол туургатны хэрэглэж ирсэн бичигийг үсэгзүй (Graphics) болон нийгмийн эрх хэмжээ (Social Status)-ний хүрээнд түрүүчийн эхэд ороогүй буюу харьцангуй сүүл үед тулгар олдсон баримт сурвалж болон олон эрдэмтний судалгааны шинэ үр дүнг нэмэн тусхасан тул бараг бүх бөлөг хэсэг түрүүчийн хоёрдугаар хэвлэлээс их бага аль нэгэн хэмжээгээр дэлгэрэнгүй болж, барагцаалбал нийтдээ арваад хувиар нэмэгдсэн" ажээ.
"Монголчуудын утга соёлын товчоон" хэмээх бүтээл нь анх 1991 онд хэвлэгдэж, 2003 онд хоёрдугаар хэвлэл нь уншигчдын хүртээл болсон байна. Харин өдгөө толилуулан буй гуравдугаар хэвлэлдээ "өмнөх хоёр хэвлэлд багтан орсон тухай тухайн сэдвээр нарийсган үзэх хүмүүст дөхөмийг бодолцож дэлхийн монгол судлалын хэвцээнд ойртуулахыг эрмэлзэж, монголын төдийгүй гадаадын судлагчдын бичсэн, анхааралгүй орхиж болошгүй гэж үзсэн холбогдох гол гол ном зохиолыг аль болохоор хамран дурдаж, ... монгол судлалын буянтай үйлсэд нэгэн үзүүр сэтгэлээр шимтэн орж байгаа залууст санаа сэдэлгэ авуулах зорилгоор судлах эзэнээ хүлээсээр буй зарим зарим сэдэвийг чухалчилан дурдсан᠋᠋᠋ төдийгүй харьцангуй сүүлд дотоод гадаадад гарсан судалгааны үр дүнг нэмэн багтаахыг эрмэлзсэн" ажээ.
Номын нээлтийн ёслолд Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, багш нар болон Ц.Шагдарсүрэн багшийн гэр бүл, номын садан нөхөд, үе үеийн шавь нар нь оролцлоо.