Д.Базардорж: БНХАУ “Эвсэлд үл нэгдэх” энхийг эрхэмлэсэн бодлого баримталдаг

0
хуваалцах
1152
үзсэн

Б.Баяржавхлан

 

Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч Д.Базардоржтой ярилцлаа. 

 

-БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван-И манай улсад айлчлаад буцлаа. Энэ удаагийн айлчлалын үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Монгол-Хятадын харилцаа маш өргөн хүрээг хамарч байдаг тул шийдлээ хүлээж тодорхойгүй нөхцөлд орших асуудлууд ч мундахгүй, тасардаггүй юм. Тиймээс хоёр талаас өргөн хүрээнд харилцаж, хэлэлцэж байж үе шаттайгаар, эрэмбэ дараатайгаар шийдэлд хүрч баталгаажуулдаг. Иймээс аль нэг айлчлалаар асуудлууд оргүй алга болно гэсэн гэнэн хүлээлттэй байж болохгүй нь мэдээж шүү дээ. Ерөнхийд нь Ван И даргын энэ удаагийн айлчлал үр дүнтэй чухал айлчлал боллоо хэмээн үзэж байна. Ялангуяа, Монгол-Хятадын худалдаанд, тэр тусмаа манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх айлчлал боллоо. 

Онцлууштай нь гэвэл, олон жил яригдаж шийдлээ хүлээсээр байсан Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын холболтын асуудал шийдэгдэв. Нүүрсний экспорт урт хугацаанд тогтвортойгоор их хэмжээгээр хийгдэх дэд бүтцийн таатай нөхцөлтэй болж байна. Ховд гол дээрх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт шийдэгдлээ. Бүтээн байгуулалт нь саадгүй явбал баруун аймгууд дотоодын эрчим хүчээр бүрэн хангагдана. Эдгээр нь манай эдийн засагт эерэг нөлөөтэй томоохон бүтээн байгуулалтууд ба шийдлүүд юм. Энэ Засгийн газраас эрчимтэйгээр хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын ахицад чамгүй түлхэц болно. Мөн цар тахалын нөлөөгөөр тодорхойгүй, зогсонги байдалд орсон Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхүйц, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулахуйц бодит шийдэлд хүрсэн үр дүнгүүд боллоо. Ер нь айлчлалын үеэр талуудын хэлэлцэн тохиролцож, шийдвэрлэн зохицуулсан асуудлуудыг агуулгаар нь хоёр түвшинд хуваан ангилах боломжтой байна. Нэгдүгээрт, бидний ярьж буй эдийн засгийн хамтын ажиллагааны эдгээр томоохон төсөл шийдлүүдээс гадна улс төрийн байр суурь, ногоон хөгжлийн хамтын ажиллагааг ахиулах зэрэг хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулсан урт хугацааны хамтын ажиллагааны асуудлууд байлаа. Хоёрдугаарт, Хятадад сурдаг Монгол оюутнуудыг танхимаар хичээллүүлэх, боомтын гацаа саадуудыг арилгах, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг цар тахлын нөлөөгөөр саарсан, саатсан цаг үеийн тулгамдсан асуудлуудад зохицуулалт хийжээ. 


-Манай Засгийн газрын тэргүүн Ван-И-тай уулзахдаа “Нэг Хятад” бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь  зарим иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа?


-Ван-И сайдын айлчлалын өмнөхөн Тайванийн асуудал хүчтэй дэгдсэн. АНУ “Нэг Хятад” бодлогыг зөрчиж, амлалтаасаа буцав, хоёр улсын олон жилийн хэвийн харилцааг эвдлээ. Бүх хариуцлагыг АНУ-ын тал хүлээх ёстой гэж Хятадын талаас үзэж байгаа. Айлчлалын үеэр манай улс өөрийн байр сууриа илэрхийлж, “Нэг Хятад” бодлогыг дэмжиж байдгаа дахин илэрхийлсэн. Энэ нь Тайванийн асуудлаас үүдэн гэнэтхэн хэлсэн үг биш гэдэг нь ойлгомжтой. Ямар ч цаг үед, хэзээ ч БНХАУ-тай харилцан өндөр дээд хэмжээний айлчлал хийх бүртээ манай талаас “Нэг Хятад”  бодлогыг дэмжиж байдгаа илэрхийлсээр ирсэн. Монгол Улсын хувьд Тайвань, Төвөд, Шинжаан, Хонгконгтой холбоотой аливаа асуудал дээр БНХАУ-ын Засгийн газрын байр суурийг хүлээн зөвшөөрдөг. Бүх Хятадыг төлөөлөх цорын ганц Засгийн газар бол БНХАУ-ын Засгийн газар мөн гэж үздэг. Өнөөгийн дэлхийн дэг журам өөрчлөгдөн хувирахгүй л бол манай улсын энэ байр суурь өөрчлөгдөхгүй, хувирахгүй юм. Бид ямар ч айлчлалын үед энэ байр сууринаас улс орны бодлогоо илэрхийлдэг. Харин олон нийтийн хувьд Хятад Тайванийн харилцаа цаашид яаж өрнөхийг барууны хэвлэл, судлаачдаар дамжуулж ойлгоод байна.“Хятад улс цэрэг хөдөлгөх гээд байна” гэсэн дүгнэлт ихэвчлэн барууны хэвлэлүүдэд гарч байна. Бидний хувьд Хятад бол мөнхийн хөрш, харилцааны мянганаар тоологдох уламжлалтай ойр ард түмэн. Тиймээс бид Хятадыг өөрийн байр сууринаас бодитоор ойлгох хэрэгтэй. БНХАУ өөрөө “Эвсэлд үл нэгдэх” энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг баримталдаг. Бүр тууштай баримталсаар байна. Тэд хэнтэй ч үл эвсэнэ, харин хэнтэй ч түншилнэ. Мөн хэнтэй ч үл холбоолно, харин хэнтэй ч хамтран ажиллана. Асуудалд хүлээцтэй хандаж, ямагт энхийн замаар яриа хэлэлцээрээр шийднэ гэсэн үзэл баримтлалтай. Үүнийгээ ч чандлан баримталсаар байдаг. Дайн байлдаан хүчирхийллийг эрс эсэргүүцдэг ийм улс. Үүнийгээ ч даян дэлхийд сурталчилсаар байгаа. Тиймээс түрүүлж цэрэг хөдөлгөх нь Хятадын бодлоготой нийцэхгүй. Бид Хятадыг өөрийн байр суурийг, өөрийн нүдээр харж, үнэлэх хэрэгтэй.


-БНХАУ дэлхийд ногоон хөгжлөөрөө тэргүүлж байна. Манай Төрийн тэргүүний санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг бас дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ? 


-Ногоон хөгжлөөр тэргүүлж буйгаас гадна энэ асуудалд асар их туршлагатай улс. Байгаль орчинд ээлтэй, ногоон бодлого хэрэгжүүлж буй байдлаараа хөгжлөө тодорхойлдог болсон. Хятадын онцлогтой социализмийг ногоон хөгжил буюу экологийн соёл иргэншлээс ангид авч үзэж боломгүй юм. Байгаль орчин бол Хятадын хөгжлийн зорилтын салшгүй нэгэн хэсэг. Эдийн засгийн хувьд хичнээн үр өгөөжтэй байлаа ч байгаль орчны хувьд сөрөг байвал их бага алив төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс эрс татгалзаж байна. Энэ нь Хятадын хөгжлийн чанарын шилжилтийг бас илтгэдэг үзүүлэлт болсон байна. Тиймээс бид  Хятадын энэхүү зарчмыг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ ч утгаараа манай улсын мод тарих хөдөлгөөнийг бодитойгоор дэмжиж байгаа юм. Ер нь бол Хятад улс биднийг өөрийн хөгжлийн галт тэргэнд сууж хамтдаа хөгжихийг байнга хүсдэг. Нэг улсаас эдийн засгийн хувьд хараат байх нь аюулгүй байдлын эрсдлийг дагуулдаг Хятад улстай харилцаагаа бүх талаар өргөжүүлж, бүхий л боломжийг ашиглах хэрэгтэй. Үүнтэйгээ зэрэгцэн ОХУ болон гуравдагч хөрш орнуудтайгаа харилцах харилцаагаа томруулах шаардлагатай. Тэгж гэмээнэ тэнцвэрийг барьж, санаа амраар бусад улсуудтай хөл нийлүүлэн алхах болно. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 153 (6885)