А.Очир: Тэмүжинд Чингис цол өргөмжилсөн нь туулийн баатар шиг тэнгэр язгууртай гэдгийг нотолж байна

0
хуваалцах
1187
үзсэн

С.УЯНГА

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тус хуралд “Чингис хаан” нэрийн учир сэдвээр илтгэл тавьсан Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн тэргүүлэх профессор А.Очиртой ярилцлаа. 

 

-Чингис хааны үйл хэргийн талаар гадаад, дотоодын 150 гаруй эрдэмтэн шилдэг илтгэл хэлэлцүүллээ. Их хааны гавьяа болоод үлдээсэн сургамжийг хэрхэн цэгнэж байна вэ? 
-Чингис хааны гавьяаг Монголын төдийгүй дэлхийн түүхэнд өндрөөр үнэлж байна. Өөрийн төрсөн үндэстэн монголчуудаа дэлхийн түүхэнд эргэлт буцалтгүй оруулж өгсөн гэж үздэг. Үүнийг Монгол талаас нь харж хэлж байгаа. Харин дэлхийн түүх талаас нь харвал Чингис даяарчлалын эхлэлийг тавьж өгсөн. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, улс төр, соёлын харилцааг өргөн дэлгэр болгох үүд хаалгыг нээж өгсөн гавьяатай. 

Хуучин цагт Чингис хааныг байлдан дагуулагч харгис хэрцгий гэж үздэг байсан. Гэхдээ хоёр талтай. Нэг нь Чингис хааны гавьяа үйлс бол нөгөөх нь сөрөг талаас нь харж ирсэн. Жингийн туухайн дээр тавьбал эерэг тал буюу түүхэнд оруулсан хувь нэмэр нь илүү жин дарж байна. Тиймээс зах зээлд шилжиж, Монгол орон нээлттэй болж, эрдэмтэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж эхэлсэн үеэс Чингис хаан судлал, Монгол судлал өргөжин дэлгэрч байна.
Их Монгол Улс, Эзэнт гүрнийг байгуулсан үйл явдал бол Чингис хаантай салшгүй холбоотой. Дэлхийн хуурай газрын тэн хагасыг эзэлсэн Эзэнт гүрнийг монголчууд байгуулсан. Тэр үед цэрэг, техник талаасаа ч хамгийн хүчирхэг байсан нь Чингис хааны гавьяатай холбоотой. Чингис хаан Монголын анхны нэгдсэн тулгуур төрийг байгуулж өгсөн. Энэ бол монгол үндэстэн, угсаатан бүрэлдэн тогтох, Монголын соёл төлөвшиж хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн. Урьд нь Татар, Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Онгуд, Ойрад гэсэн жижиг аймаг хоорондоо байлдсан тархай бутархай байсан бол бүгдийг нь нэгтгэж нэг төрийн жолоонд оруулснаар монголчуудын соёл, угсаатны нийтлэг зүйл бүрэлдсэн. Нэг аймгийн соёл нөгөөд дэлгэрч, олон аймаг нэгдэж соёлоо хөгжүүлж, дэлгэрүүлснээрээ  Чингис хаан монгол угсаатан бүрэлдэх нөхцөлийг бий болгосон. 


-Одоо ч гэсэн зарим үед Чингис хааныг тааруухан үнэлж, сөрөг талыг нь дөвийлгөдөг судлаачид байдаг л даа?  
-Сөрөг талыг нь томруулдаг судлаачид мэр сэр байгааг үгүйсгэхгүй. Энэ бол дэлхийн судалгааны чиглэлийн хандлагын эсрэг гэж хэлж болохоор зүйл. Учир нь хуучны үзэл сурталжсан, улстөрждөг зүйлээс холдож салж чадаагүй байгаагийн илрэл. Мөн улс төр, үзэл суртлын бодлого нь үргэлжилж байгаа үзэгдэл байж мэднэ. Ийм цаг үед бид их хааныхаа алдар гавьяаг үнэн мөнөөр үнэлж дүгнэх нь чухал. Түүхийн сургамж гэж бий. Болсон түүхээсээ үлгэр жишээ аваад сайн талыг нь хөгжүүлэх, сургамжийг нь орхих хэрэгтэй. Өнөөдөр бидний өмнө нэн чухлаар тавигдаж буй зүйл бол Чингис хааны байгуулсан Их Монгол Улс болоод дэлхийн эзэнт гүрний түүхэн туршлагыг нэгтгэн дүгнэж урагшлах ирээдүйгээ харахдаа авах, гээхийн ухаанаар хандах учиртай. 


-Бусад улс орны эрдэмтэд Чингисийн талаар их сонирхолтой сэдвээр илтгэл тавьж байна лээ. Үүнээс харвал Монголын түүх дэлхийд цар хүрээгээ тэлсэн, олон орны эрдэмтдийн анхаарлын төвд байна гэж ойлголоо? 
-Дэлхийн дундад эртний буюу XIII, XIV зууны түүх судалдаг дэлхийн томоохон эрдэмтдийн дунд Чингис хааны талаар бичээгүй хүн бараг байхгүй. Өөрөөр хэлбэл, XIII, XIV зуун бол монголчуудын ертөнц байсан. Тухайн үеийн дэлхийн цэрэг, улс төрийн бодлогыг тодорхойлогч, гол тоглогч нь монголчууд  байсан.Тиймээс дэлхийн түүхийг судлахын тулд Монголын түүхэн дээгүүр харайх аргагүй. Дундад эртний түүх судалдаг ихэнх эрдэмтэн Чингис хааны тухай бичсэн. Одоо ч өргөжүүлж судалсаар байна. 


-Чингис хааны гавьяа, зүтгэлийг мэдэхээс биш нэрийнх нь учрыг төдийлөн уншиж судлаагүй мэт санагддаг. Таны судалгаагаар Чингис нэрийг хэрхэн тайлав? 
-Чингис нэрийг яагаад Монголын хаан Тэмүжинд өгсөн бэ гэдэг сонирхол татдаг. Одоогийн илэрч мэдэгдээд байгаа баримтаас үзвэл Чингис гэдэг нэр бол монголчуудын бөөгийн догшин тэнгэрийн нэр юм байна. Хажир Чингис, Атаа тэнгэр, Тэнгэрийн тэнгэр Чингис, Чингис тэнгэр гэж хуучин монгол бөөгийн тахилгын сударт өгүүлээд цацал цацаж өчил өчиж байна. Энэ нь бөөгийн ёсоор Чингис тэнгэрийг тахиж байсан гэдэг ойлголт өгнө. Чингис нэртэй туулийн баатар бас Монголд байна. Жишээлбэл, 150 насыг насалсан халхын хөгшин луун мэргэн хаан гэдэгт Чингис нэртэй баатар гарч ирсэн. Мөн Алтай ноён галуу хүү гэдэгт Чингис нэртэй туулийн баатар байгаа. Ингэж Чингис бөөгийн тэнгэр, туулийн баатар хоёр давхардаж байгаа нь бас учиртай. Монгол тууль анх үүсэхдээ бөөгийн яруу найраг, домог, үзэл бодлын ойлголтод тулгуурлаж бий болсон. Тэгэхээр бөөгийн тэнгэр, монгол тууль хоёр хүйн холбоотой байж байгаад яваандаа тууль нь салж өгсөн. Туулийн баатрууд нь бөөгийн тэнгэр болж дүрслэгдэж туульд үлдсэн тохиолдол их бий. Үүнээс гадна манай улсад Чингис нэртэй газар, ус олон байдаг. Ховд аймгийн Булган сумын нутагт Чингисийн гол мөн аймгийн Үенч, Архангай аймгийн Жаргалан суманд Чингист гол гэж бий. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд Чингис уул, Налайх дүүрэгт Туул голын Тэрэлжийн гүүрний дээхэн зүүн талд Туул гол руу хойноосоо шахаж тогтсон уулыг Чингис гэж одоо ч нэрлэдэг. Энэ мэтээр Чингис нэртэй газар, усыг олноор нь илрүүлж цуглуулж болно. Монголчуудын бөөгийн ойлголтоор ертөнц гурван давхар гэж үздэг. Дээд тэнгэрт бөөгийн тэнгэрүүд, ихэс байдаг. Дунд ертөнцөд хүн амьтан, доод ертөнцөд тамын амьтад бий гэж ойлгодог байсан. Энэ бол монгол бөөгийн домог, баатарлагийн туульд өргөн өгүүлэгддэг. 
Дээд ертөнцөд суудаг бөөгийн тэнгэрүүд газарт бууж ирэхдээ заримыг нь гэсгээж, ивээн тэтгэдэг гэсэн ойлголт бий. Өөрөөр хэлбэл, Чингис тэнгэр газарт бууж ирэхдээ дээр дурдсан газруудад орогнон суудаг байсан гэдэг. Тиймээс Чингис гэсэн догшин тэнгэрийн нэрээр нэрлэсэн. Ийм үзэгдэл ганцхан Чингис тэнгэрт байгаа юм биш. Атаа буюу Атас, Хайртхаан гэх мэтээр өөр бусад тэнгэр ч газарт ирдэг. Баруун буриадын Түнхэн тосгоны зүүн хойхон Эрхүү гол руу хойноосоо шахаж тогтсон өндөр чулуун цохион дээр бух  ноён заларч ирэхдээ суудаг байсан гэж бөөгийн домогт өгүүлдэг. Тэгэхээр монголчуудын бөөгийн домогт ийм ойлголт түгээмэл байдаг учраас бөөгийн тэнгэр, туулийн баатрын нэртэй газар, ус бий болоод байжээ. 


-Тэгвэл Тэмүжинд яагаад Чингис нэр өгсөн юм бол? 
-Бидний бодоход цэрэг, улс төрийн учир холбогдолтой. Тэмүжин 1189 онд Хамаг Монголын хаан суухад Чингис хэмээх цол өгсөн нь түүнийг бөөгийн догшин тэнгэрээр өргөмжилсөн. Тэмүжин монгол туургатныг нэгтгээд 1206 онд Их Монгол Улсын хаан суухад Чингис цолыг дахин өргөмжилсөн нь ердийн тохиолдол биш. Бөөгийн тэнгэр мөн гэдгийг лавшруулан дахин баталсан явдал. Тийнхүү Монголын хаан Тэмүжинг бөөгийн догшин тэнгэрээр дахин өргөмжилсөн нь зөвхөн монгол туургатан төдийгүй Төв болон Зүүн Азийн нүүдэлчид бөөгийн шүтлэгтэн байсныг харгалзан үзсэн монголчуудын улс төр, цэргийн бодлоготой холбоотой байсан юм болов уу. Нөгөө талаас Тэмүжинд Чингис цолыг өгсөн нь Их хааны, Их Монгол Улсын сүр хүчийг тэнгэрийн ивээлтэй хэмээн бадруулан тунхагласан хэрэг. Үүнтэй холбогдуулан Монголын нууц товчооны эхэнд “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, Гоо марал ажгуу” гэдэг. Үүнд Тэмүжинг туулийн баатар шиг тэнгэр язгууртай хэмээн нотлон өгүүлсэн нь санамсаргүй зүйл биш. Тухайн үеийн үзэл суртлаар ер бусын тэнгэрлэг төрөлтөн гэдгийг цохон өгүүлсэн гэж үзэж байна. Монголчууд Тэмүжинг бөөгийн тэнгэрчлэн шүтэх үзэл санаа нь Монголд бурхны шашин дэлгэрэн нэвтэрсэн цагт өөрчлөгдөж, бурхны шашны бурхнаар өргөмжилдөг болсон. Очирваанийн хувилгаан Тэмүжин нэрт хан хөвгүүн төрж хамаг замба тивийг эрхэндээ оруулсан гэж өгүүлдэг. Хожим нь түүний удмын зарим хаад ноёд болох Халхын автай хан, Гомбодорж нарыг Очирваань хувилгаан гэх болсон. Очирваань бурхан төрд ивээлтэй учраас төр төвхнөн дээшилдэг гэж шүтэж ирсэн. Үүнтэй нэг адил Чингис тэнгэр ч төр төвхнүүлэхтэй холбоотой байж магадгүй гэж бодох үндэслэл бий. 


-Сүүлийн үед Чингис нэрийг идэж уух, эдэлж хэрэглэхээс эхлээд олон зүйл дээр ашигладаг боллоо. Нэрийн утга учрыг судалж ирсний хувьд ямар бодолтой байдаг вэ? 
-Чингис гэдэг үгийг хязгаартай хэрэглэх ёстой. Энэ бол төр ёс, их хаанаа хүндэтгэж байгаа хэрэг. Мон­гол­чуудын төрт ёстой холбоотой зүйл учраас хаа хамаагүй зүйлд хэрэглэж Чингис нэрийн утгыг дор­дуулж бо­лох­гүй. 1990-ээд оны сүүлчээр Чингис  архи гарахад нэрийг нь хязгаартай хэрэглэх талаар ярилцаж байсан. Чингис нэрийг хязгаартай хэрэглэхийг хууль, журмаар зохицуулж болно. Бөөгийн догшин тэнгэрээ өдөр бүр дуудаад байж болохгүй шүү дээ. Үүнтэй адил их хааныхаа алдрыг юунд ч хамаагүй ашиглаж байгаа нь монголчуудын ёс зүйтэй холбоотой юм. Дэлхийн жишгээр бол хүндтэй, сор болсон зүйлд Чингис нэрийг хэрэглэж болмоор. Ерөнхийлөгчийн зарлигаар айл гэр, албан байгууллагад Чингисийн хөргийг залахыг дэмжиж байгаа. Зөв, зүйтэй шийдвэр гэж харж байна. Чингис хаан бол монголчуудын эв нэгдэл, хүчирхэг байдлын бэлгэ тэмдэг учраас нандигнан дээдлэхээс гадна Чингисийн тахилгыг сэргээж болно. Тахилгыг төрсөн газар нь сэргээх бүрэн бололцоотой. Чингисийн тахилгын судар нь байгаа юм. Хуучин сүмүүдэд ч тахиж байсан юм билээ. Чингисийн онгоныг анх Хэрлэн голын хөвөөнд байгуулсан юм шүү дээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 152 (6884)