С.УЯНГА

Өнгөрсөн жилүүдэд хойшлуулаад байсан хүүхэд харах үйлчилгээг энэ онд сэргээж,  2.1 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Гуравдугаар сараас хэрэгжиж эхэлснээр дөрвөн хугацаанд 16 аймаг, долоон дүүрэгт 181 хүүхэд харах төв үйл ажиллагаа явуулж 2184 хүүхэд хамруулжээ. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Боловсрол, шинжлэх ухааны болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд хамтарсан тушаал гаргаж цэцэрлэгийн хүртээмж багатай Баянгол, Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, 2-3 настай 2000 хүүхдийг нэмж авахаар шийдвэрлээд байгаа юм. 
Холбогдох яамдын мэдээлснээр улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны 141 мянган хүүхэд байна. Нийслэлийн зарим шинэ суурьшлын бүс, хорооллуудад цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 100 хувь хамруулахад хүндрэлтэй. Ялангуяа, хоёр настай хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулахад амаргүй. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдахгүй үлдэх эрсдэлтэй 2-5 настай 34 мянган хүүхэд байгаа бөгөөд үүний 23 мянга нь хоёр настнууд байна. Тиймээс цэцэрлэгийн зориулалттай барилга худалдаж авах түрээслэх болон ачаалал ихтэй дүүрэг, хороодын хувийн өмчийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх замаар цэцэрлэгт бүх хүүхдийг хамруулахаар ажиллаж байна.  Энэ зорилгоор хоёр настнуудыг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжийг нэмэгдүүлэх  ажиллаж байгаа гэж БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар хэллээ. 
Харин хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдийг бүртгэх, сургалтад хамруулах, зөвшөөрөл олгох ажлыг өнгөрсөн долдугаар сарын 28-наас эхлүүлжээ. Энэ ажил наймдугаар сарын 15-нд дуусах аж. 
Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар "Хүүхдүүдийг нэг байшинд цуглуулаад хараад л суудаг ажил  биш. Тогтсон, стандартыг баталж, үүний дагуу үйл ажиллагаа явуулна. Стандартаар таван хүүхэд нэг хүүхэд харагчтай байхаар тогтоосон. Мөн нэг үйлчилгээний төв 15-аас ихгүй хүүхэд харах стандарт баталлаа. Аюулгүй байдал, хүүхдийн хөгжилтэй холбоотой стандартуудыг нарийвчилж тогтоож өгсөн . Энэ жил хүүхэд харах үйлчилгээнд 4000 гаруй хүүхдийг хамруулж, 940 орчим ажлын байр бий болгохоор тооцож байна. Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой зардлыг төр хариуцаж байгаа. Нэг хүүхдийн хувьсах зардалд 149 мянган төгрөгийг төрөөс олгож байгаа. Мөн энэ үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулах боломжийг нээлээ. Эдгээр хүүхдийн зардлыг хоёр дахин илүү байх бөгөөд нэг хүүхэд харагч гурван хүүхэдтэй ажиллах стандарт тогтоож өгсөн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд бүлэг байгуулаад хүүхэд, харах үйлчилгээ эрхэлж болно" гэж ярилаа. Хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд улсаас олгодог хувьсах зардал төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгүүдтэй ижил. Харин эцэг эхчүүдээс улсаас олгож байгаа хувьсах зардлын 60 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр авдаг байна. Тодруулбал нэг хүүхдэд олгож буй 149 мянган төгрөгийн хувьсах зардлын 60 хувь буюу 60 мянган төгрөгийг эцэг, эхчүүд төлөх юм. Хэрэв хүүхэд харах төвүүдээр үйлчлүүлэхийг хүсвэл харьяа дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвд хандан өөрийн гэрт ойр байгууллагыг сонгож болно.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 151 (6883)