Гиннесийн номонд бүртгэгдэх хамгийн урт гаанс

0
хуваалцах
207
үзсэн

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Дархан хүний ур ухаан, монгол соёлын утга, бэлгэдлийг хослуулан урласан шилдэг бүтээлүүд бүхий “Монгол дархан” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээгээд буй. Үзэсгэлэнгийн хувьд анх 2016 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар үзэгчдэд хүрч байсан. Түүнчлэн гурван жилд нэг удаа монгол түмний мэлмийг баясгадаг уламжлалтай. Мөн үзэсгэлэнг үндэсний өв соёлыг илтгэх ач холбогдолтой хэмээн Ази-Европын орны дээд хэмжээний уулзалтаар зочдод дэлгэж байсан. Энэ жилийн үзэсгэлэнд 64 урчуудын 288 хосгүй бүтээл оролцож шилдэг 15 бүтээлийг шалгаруулжээ. Бид энэ удаагийн "Урлан" буландаа тус үзэсгэлэнд амжилттай оролцсон уран дархан Б.Батмөнхийн гаанс, эмээл гэсэн шилмэл бүтээлийг онцлолоо.

 

Монголын хамгийн урт гаанс

Түүний урласан алд орчим урттай гаансны соруул нь 37 см-ийн урттай хаш аж. Тиймдээ ч одоогоор Монголын хамгийн урт гаансаар тодроод байна. Түүгээр ч зогсохгүй Гиннесийн номонд бичигдэхээр зорьж байгаа гэнэ. Энэ бүтээл нь "Монгол дархан-2022" наадмаас “Ерөнхийлөгчийн нэрэмжит” шагнал хүртсэн байна.

 

 

Үнэт эрдэнэсээр бүтсэн эмээл

Монголчуудын түүхийг морьгүйгээр, морины тоног хэрэгсэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Адууг эрхэмлэн нандигнаж ирсэн учир хамгийн тансаг зүйлийг мориндоо зориулан хийж ирсэн. Үүний нэг илрэл нь цагаан хаш чулуун тоноглолоор хийсэн төв халх хийцтэй дахин давтагдашгүй иж бүрэн эмээл байв. Тус эмээлийн баавар, бүүргийн хоёр талын хавтсыг хаш, шүр шигтгэн, цалин цагаан мөнгийг алтаар шарж, нанжин гөлмөн дээр зүү ороон, ган дөрөөтэй урласан нь онцлог ажээ. Ховор нандин бүтээл болсныг үзэсгэлэнг үзсэн хүн бүр онцолж байлаа. Бүтээлийн хувьд зах зээлийн үнэлгээ нь 700 сая төгрөг. Уг эмээлд уран бүтээлчийн хоёр жилийн хүч хөдөлмөр, цаг хугацаа шингэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 6. ЛХАГВА гараг. № 132 (6864)