Б.ОД

Орон нутгийн замд ноцтой осол гарч нэг хүн амиа алдаж, гурван хүүхэд гэмтжээ. Тодруулбал, Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын III багийн нутаг дэвсгэр Бэлчрийн энгэр гэх газарт өчигдөр Toyota Prius 20 маркийн автомашин онхолдож зорчигч 59 настай эмэгтэй нас барж, ес, долоо, дөрвөн настай гурван хүүхэд гэмтжээ.

Тус осолд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Манай улсад 2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар зам тээврийн осолд өртсөний улмаас 15957 иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бол 468 иргэн амь насаа алдсан байна. Харин энэ он гарсаар зам тээврийн осол 7408 бүртгэгдэж үүнээс 175 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өсжээ.

 Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын гол шалтгаан нь:

  • Хурд хэтрүүлэх
  • Гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх
  • Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах
  • Жолоочийн нойр дутуу ядарсан үед жолоо барих
  • Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх
  • Жолооч биш хүнд жолоо шилжүүлэх нь зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл болж байгааг ТЦА мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn