Б.ОД

Сармагчны цэцэг өвчний талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. Энэ сарын 22-ны байдлаар дэлхийн 49 оронд сармагчны цэцэг өвчний нийт 3411 тохиолдол бүртгэгджээ.

Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчны вирусаар үүсгэгддэг, цагаанцэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин юм. 1980 онд дэлхийд дахинд цагаанцэцэг өвчнийг устгах үед ч сармагчны цэцэг өвчин нь Баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин.

Ихэвчлэн Төв болон Баруун Африкийн халуун орны ширэнгэн ой бүхий хэсэгт нутагшмал тархалттай бөгөөд тухайн бүс нутагт өвчлөгсдийн 3-6 хувь нь нас бардаг статистик судалгаа байна.

Сармагчны цэцэг өвчин нутагшмал байдлаар гардаг улс орны оршин суугчид болон аялагчид вирус тээж болзошгүй мэрэгч, зэрлэг ан амьтны мах идэх, харьцахаас зайлсхийх хэрэгтэй.

Уг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.

Сармагчны цэцэг өвчний үед илрэх шинж тэмдэг:

  • Тунгалгийн зангилаа томрох
  • Халуурах
  • Арьсан дээр тууралт гарах
  • Булчин өвдөх
  • Толгой өвдөх.

Уг өвчний нууц үеийн хугацаа 5-21 хоног байдаг. Сармагчны цэцэг өвчний шинж тэмдэг ихэнхдээ 2-3 долоо хоног үргэлжилдэг. Шинж тэмдэг нь хөнгөнөөс хүнд хэлбэрээр илэрч болно. Арьсан дээрх тууралт нь хөндүүрлэж загатнана.

Нүүр, гар, хөл, аман дээр цэврүүт тууралт гарна. Мөн халуурах, бие тавгүйрхэх, толгой өвдөх, тунгалгийн булчирхай томрох шинжүүд илэрнэ. Шинж тэмдэг илэрч байх үед халдварыг бусдад тараах эрсдэлтэй.

Өвчтэй хүнээс хавьтал, дуслын замаар дамжин халдварлах эрсдэлтэй.

Тухайлбал:

  • Арьсан дээрх тууралтын шарх, тав, шархны шингэн
  • Удаан хугацаанд шууд хавьтал болох үед шүлс, дуслын замаар
  • Өвчтөний бохирлогдсон эд зүйлс зэргээс халдвар авах эрсдэлтэй хэмээн мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn