Д.ЦЭРЭННАДМИД

 

Бөх хүн гэдэг Монголын ард түмний уламжилж ирсэн бахархал, үзэж харах, үгүйлж дурсах юмны эхэнд л явдаг билээ. Баяр цэнгэлийн дээд наадам тэр дотроос дэнж хотойлгон хүчээ үзэж, эр бяраа гайхуулдаг бөхчүүдээ барилдахыг хараад бид өөрийн эрхгүй өндөлзөж суудаг юм. Даангүй удам дамжсан хүчтнүүдээ хүндэтгэж урмын сайхан үгээр магтах  бол энүүхэнд юмны нэг.

За мөн ч сайхан тонгорлоо. Сайхан бөх. Өвөө нь сайн бөх явсийм гэнэлээ. Аав нь ч тэр. Улсын цолтны манлайд л явна гээд л үгээ олж ядах. Энэ удаа тийм удам дамжсан нэгэн бүлийн тухайд онцлоё гэж бодлоо. Өнгөрсөн 100 жилийн түүхээс шүүн харвал эр бяр, эрэмгий чадал нь атгандаа багтсан аварга, арслан заануудын нэр хөвөрнө. Тэдний тухай үлгэр домог шиг өгүүлье гэхэд үг цөөдөх шиг болох.

Ардын хувьсгалын жилүүдэд хорь гаруй аварга төрсөн байдаг. Тэдний нэг нь өнөөгийн даян аварга Намсрайжавын Батсуурь. Урьд нь Шаравын Батсуурь гэж нэг сайхан аварга байсан л даа. Тэгэхлээр бөхийн түүхэнд Батсуурь нэртэй хоёр аварга бичигдэж байгаа юм. Тиймээс өнөө үед бөхийн дэнжийг чимж яваа залуу Н.Батсуурь аваргын тухай "Удмын бахархал" буландаа манай сонин урьсан юм. Ингээд бөхийн дэнжид сийлэгдсэн удмын заяа тэгшхэн яваа түүний тухай өгүүлэхдээ өвөө Жотойн Гэлэгийг дурсан бичихээс эхлэе.

Улсын начин Ж.Гэлэг гэж тийм том ханхар эр байсангүй ч барилдана гэж урладаг нэгэн байсан гэдэг. Барьцгүй харваж суйлна. Тэр мэхээ ёстой л хорьсон ч хийнэ, хориогүй ч хийнэ гэдэг л байж. Ямар сайндаа сумынх нь наадамд зодоглохоор хажуугийн сумаас машин дүүрэн эрчүүд ирээд Гэлэгтэй таарсан нь суйлаанд нь үсэрчихээд бүгд ганзага хоосон буцаж байсан юм гэдэг.

Тухайн үеийн бөхчүүд нэрийг нь хэлэлгүй "Увсын суйлдаг нарийн хөх" гэдэг байжээ.

Нутаг усандаа бол нэгэн үе түүнийг торгоодог бөх ховор л гэгддэг. Ер нь л барилдаанч талаараа гаргууд юмсанж.  Увс аймгийнхаа наадамд тав түрүүлсний гадна зэргэлдээ Ховд, Баян-Өлгийд очиж нэг хоёрхон зодоглохдоо түрүүлсэн бас үзүүрлэсэн юм гэдэг. Дайны жил буюу 1945 онд Увс аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан болчихоод дараа жил нь улсад ирж зодоглосон чинь дөрвийн даваанд их аварга Б.Түвдэндоржид унажээ. Дараа жилүүдэд аймагтаа л босоо байж. Тэгж байгаад 1950 онд Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор улсын наадамд ирж барилдахдаа дөрвийн даваанд улсны заан Балбарыг давж тавын даваанд аварга Ш.Батсуурьт амлуулж барилдахдаа барьцгүй тойгдож орхиод өсөх идэр чимэгтэй улсын начин цол хүртжээ.

Улсын начин Ж.Гэлэг, улсын начин Г.Даваасамбуу.

Ш.Батсуурь аварга энэ үедээ улсад хоёр түрүүлчихсэн, нэг үзүүрлэчихсэн ид үе нь байсан гэдэг. Түүнийг харахнаа нэг нарийнхан хөх нөхөр Балбар зааныг сэмжигний барьцнаас дүүгүүрдэж сунгаад шидчихэж байж гэнэ. Аварга шилж амламхай зан нь хөдөлж "Унасан ч урамтай, унагасан ч болом" юм байна. Увсын тэр Гэлэгийг би амланаа гэж. Тэгээд барилдаж. Төдсөнгүй аварга амныхаа залуугийн тойгдох мэхэнд тэссэнгүй өнхөрчихсөн байна. Тэгээд Ш.Батсуурь аварга мэхэндээ хүчтэй сайн бөх байна гэж үнэлж байжээ. Ж.Гэлэг дараагийн даваанд улсын арслан Д.Самданжигмэдтэй барилдаж байхдаа нүдээ гэмтээж эмчийн магадлагаагаар тахимаа өгсөн байна. Түүнээсээ хойш улсын наадамд нэг удаа ирээд Ц.Чимэд-Очир аваргад унажээ.

-Бөх хүн анхны цолондоо хайртай байдаг юм. Би Дорнод аймагт Тамсгийн дивизид цэргийн алба хааж байхдаа тэр аймгийн наадамд барилдаад үзүүрлэж аймгийн заан болж байсан даа гэж. Гэлэг начин хуучилсан бий. Алба ажлын хувьд багийн дарга, худалдаа бэлтгэлийн ангийн дарга байсан л хүн юм билээ.

Энэ хүний бөх удмын хаялга нь гэвэл хоёр хүү нь улсын цолтнууд төдийгүй ач нь улсын даян аварга гээд бодоход бахархал төрнөм.

Том хүү Г.Даваасамбуу нь улсын начин. Эрдмийн мөр хөөгөөд бөхдөө дутмаг анхаарснаас түүнийг начнаар дуудахгүй өндөр цолд хүрэх нэгэн байсан гэж бөхийн хүрээнийхэн ярьдаг. Зөвхөн Үндэсний бөх биш чөлөөт бөхөөр залуучуудын улсын аварга болж байсан, самбогоор олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртсэн. Олон улсын хэмжээний мастер цолтой хүн байсан юм. Барилдаж байхыг нь харсны хувьд байсан юм гэж бардам хэлж байна л даа. Бас нэг хүү Г.Дансран нь аймгийн заан юм. Нэг зээ нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, аймгийн арслан Баярмагнай бол дүүгийнх нь  хүү улсын даян аварга Н.Батсуурь гээд л бөх бүлийн данс хөвөрнө. Г.Намсрайжав нь өнөөгийн улсын харцага цолтон. Түүний намтраас товчхон сонирхуулбал аймгийн заан, арслан гэдэг хоёр цолыг нэг жилд авсан гээд л эхэлнэ.

1988 онд 30 настайдаа улсын наадмын дөрвийн даваанд улсын начин Ө.Тулгааг, зургаагийн даваанд улсын арслан Б.Ганбатыг улсын наадамд түрүүлж арслан болсны хоёр жилийн хойно өвдөг шороодуулж долоод Б.Бат-Эрдэнэтэй (улсын заан байв) мөн л тунаж үлдээд унасан. Дараа нь 1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор тав давж начин цолоо баталсан бас л цагтаа чангахан бөхийн нэг байв. 2004 онд улсын харцага цол хүртсэн юм. Тэрбээр аавынхаа тухай олонтаа дурсан ярьсан,

-Өөрийг чинь аавынхаа насан дээр амжилт үзүүлж улсын цол хүртсэн гэдэг.

-За тийм ээ. Аав маань 29 настайдаа улсын начин болж байсан. Тэгвэл би гучин настай мөн цолыг хүртсэн хүн. Энэ маань хувь заяаны нийтгэл гээч байх.

Г.Намсрайжав гэдэг хүнийг наадамд зодоглох бүрд "Миний хүү зургаа даваарай" гэж захиж байсан нь өөрийнхөө давж чадаагүй өндөрлөг дээр гараарай гэсэн үг байсан байх. Ер нь байнга л "анхааралтай барилд", "алдаа битгий гарга", "өрсөлдөгчөө ямагт зөв үнэлж бай" гэж аав минь захидагсан.

Ж.Гэлэгийн хоёр хүү. Улсын начин Г.Даваасамбуу, улсын харцага Г.Намсрайжав.

-Увсынхан эр нь голдуу барилддаг, хүүхнүүд нь дуучин гэсэн үг бий. Тэгэхээр танай бөх бүлийн удмыг залгах хүүд байдаг уу?

-Удамтай бөх бүлийнхэн гэж бодохоор сайхан байна. Ач хүүд бий. Даанч дөнгөж л арав гарч яваа жаахан амьтас. Бөх болно гэсэн хүсэл одоогоор ухаан санаанд нь байхгүй байж болно. Удмын заяа түшихийг хэн байг гэхэв дээ.

-Одоо та аварга болсон хүүгийнхээ барилдааныг шимтэн харж баярлаж сууна уу?

-Тэгэлгүй яахав. Наадам бүхнээр л хүүгийнхээ дээлийн захыг мушгиж суудаг. Нэмэр болдог биз. Хүү маань сайн гэж хэлэхэд багадахаар урамтай барилдаж явна. Яахав. Наадмын өмнө Увс бөхийн дэвжээний бэлтгэл дээр очиж мэддэгээ хэлж суудаг даа.

-Амжилтаасаа дурдаач гэвэл та юу хэлэх вэ?

-Миний хувьд бараг л аваргуудтай барилдчихсан хүн л дээ.

С.Цэрэн аваргад хоёр удаа амлуулж байлаа. Аравдугаар ангийн хүүхэд байхдаа Баянаа аваргатай барилдаж үзсэн. 1990 онд МАХН-ын онц их хурлын нэрэмжит барилдаанд Б.Бат-Эрдэнэ аваргыг заан цолтой байхад нь давж байлаа. Монгол үндэсний бөхийн алтан үе гэгдэх цагт л бөхийн түүхээ бичсэн юм байна.

-Залуу бөхчүүдэд хандаж та юу хэлмээр байна вэ?

-Их спортоор давхар хичээллэ гэж хэлдэг. Жүдо, чөлөөт бөхийн төрөл тамирчин хүнд уян хатан чанар суулгадаг, зайн мэдрэмж олж авна. Бас цаг хугацаатай уралдан барилдан сэтгэлзүйд сургана. Ур чадвар нэмнэ.

 

Барилдахын төлөө төрсөн хүн

 

За тийм ээ. Даян аварга Н.Батсуурийг ийм тодотголд хамааруулж болно. Түүнийг бөхийн мэргэжилтнүүд жинхэнэ барилдаанч бөх гэдэг юм билээ. Ахмадуудын дунд халгаатай бөх гэсэн яриа байдаг. Энэ нь хэнийг ч давах чадвартай ямар ч барилдаан гаргахад бэлэн байдаг гэсэн үг. Тэгвэл Н.Батсуурь тийм л бөх. Өөрөө тийм аварга том бие хаатай хүн биш ч гэсэн  хүнд бярдуулахгүй, учраагийнхаа нэг удаа алдаж гишгэхийг л анддаггүй бөх. Хүний мэхэнд үлдэцтэй гэдэг нь онцгой. Энэ тухай үеийн бөхчүүд нь Батсуурийг шуудагдаад өргөх гэхэд 200 кг жинтэй юм шиг л байдаг. Энэ нь тэгж биеэ суллаж мэх хариулдаг гэсэн үг юм. Бас нэгэн Батсуурь аварга ч бяртай дээр бөөн дадлага, нуль туршлага гэж хэлэхийг сонсож байлаа. Залуу бөх Батсуурь хорин настай, хонгор зүстэй байхдаа аймгийн начин гэдэг анхны цолоо хүртсэн ч бөхийн замнал нь тийм дардан байсангүй. Хэд хэдэн удаа аймагтаа зодоглоод ганзага хоосон буцсан удаатай. Дорноговийн наадамд цол нэмэх хүсэлтэй очоод нэгийн даваанд уначихаад уйлж буцсан хөгжилтэй намтрын эзэн.

Бас Завханы наадамд нэг удаа очиход гурвын даваанд Ш.Жаргалсайхан амлан авч гомдоож байж. Ер нь бөхийн амьдрал хатуухан гэдгийг тэгэхэд ойлгосон гэдэг. Нэгэн үе Японд суралцахдаа бөхөөс жаахан хөндийрсөн тал бий. Гэхдээ жүдо бөхийн гайгүй тамирчин болох эхлэлээ тэндээс олсон юм билээ. Олон улсын хэмжээний мастер, цолтой жүдоч болж тив, дэлхийн тэмцээнд монголынхоо нэрийг гаргаад амжсан хүн л дээ.

Аав Г.Намсрайжавыг нь улсын цолыг ёстой гуядаж авсан гэж бөхийн хүрээнийхэн хэлдэг. Тэгвэл хүү Н.Батсуурь нь эхлээд улсын харцага, харцагаасаа заан, гарьд цолыг алгасан арслан цолыг хүртсэн. Төд удалгүй аварга болсон болохоор мөн л цол бүхнийг хэзээ ч гуйж биш хүч чадлаараа авсан бөхийн нэг гэж хэлж болох бизээ.

За тэгээд удам гээд ярихаар бүр ихийг хэлэх болно. Н.Батсуурийн ижий нь Ховдын Дарвийн унаган. Бас л бөхийн удамтай. Жүдо бөхийн олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалай, улсын начин ихэр бөх Ло. Энхбаяр, Ло.Эрхбаяр нар ижийнх нь садангийнх юм билээ. Удамтай хүний үр, сүүтэй гүүний унага гэдэг хэлц үг бий.  Үүний учрыг нэг их ухаж тайлбарлахын хэрэггүй биз. Улсын даян аварга Н.Батсуурь хэрхэн барилдаж байгаа удмын түүхийг л анзаарахад болно. Аав Г.Намсрайжав нь эхээс наймуул. Гэтэл бас тэдний эр бүхэн нь сумын цолтой бөх юм гэдэг.

Нэг сонин гэвэл Г.Намсрайжав хүүдээ нэр өгөхдөө их билгэдэл санаж. Аав нь улсын наадамд барилдахдаа аварга Ш.Батсуурь гэдэг хүнээр тав давж улсын цол хүртснийг билгэшээж Батсуурь гэсэн нэр өгсөн юм билээ.

Энэ нь одоо бодоход аварга цолтон гэж хүүгээ зүсэлсэн хэрэг байжээ гэж болох мэт.

Дараа жил нь улсын арслан Х.Мөнхбаатарт унав. Энэ тухайгаа Н.Батсуурь ярихдаа,

-Өмнө нь Мөнхбаатар арсланг хоёр ч удаа давчихсан болохоор өөртөө итгэлтэй гарсиймдаг. Гэтэл том цолтой бөх чинь наадмаар хий зай нь огт арилчихсан байж таарсан. Наадмын дэнжид яаруу түргэн шийдвэр гаргаж болдоггүйг тэр барилдаанаас мэдэж авсан гэсэн байдаг. Энэ нь хат нэмж, хашир сууж байгаагийн илрэл байлаа.

Тэгээд 2013 онд аймгийн арслан цолтойгоор зодоглож зургаа давж начин цолыг алгасан улсын харцага болоод төрийн тугаа тойрч явахдаа юу эсийг бодохов. Барилдаад байна даа л гэж өөртөө "тушаал өгсөн" гэдэг.

Үүнээс хойш ямар нэг баяр, заал танхимын барилдаан алгасалгүй барилдаж олонтаа шөвгөрч бас түрүүлж, үзүүрлэж улам л урам нэмсээр байв.

Тэгээд Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар одтой сайхан барилдаж Завханы Идэр сумын уугуул Ш.Жаргалсайхантай үзүүр түрүүнд үлдэж түрүүлээд улсын арслан болжээ. Тэгвэл цол дагаж бяр нэмдэг гэсэн үгийн үнэнийг нотолж түүнээсээ гурван жилийн дараа буюу 2018 оны наадамд дахин түрүүлж аварга болов. Тэр жилийн наадмын сонинг жаахан тодруулбав, дөрөв, тавын даваанд Хөвсгөл аймгийн арслан Ц.Сандагдорж, Булганы бөх улсын начин Д.Амарсайхан нарыг тун торолгүй давсан бол зургаагийн даваанд аймгийн хурц арслан, начны болзол хангаад байсан Ц.Бямба-Очирыг өвдөглүүлж, долоод заан цол горилж гарч ирсэн Н.Золбоотой нэлээд удаан үзсэн. Барьц сонгож хаяжээ. Их шөвөгт түрүүлэх бөхийн тоонд багтаж байсан улсын заан Н.Жаргалбаяртай тунаж барилдахдаа түүнийг баруун талдаа мордоход нь Батсуурь талаа сольж сунгаж татаад давж байсан. Дараа нь аварга Ч.Санжаадамбыг шуудагдан татаж орхиод үзүүр түрүүнд үлдсэн ойрхны түүх бий.

 

*  *  *

 

Дэндүү дээ дэндүү гэгчээр удам гэдэг угаасаа учиртайхан болохоор аав нь  хүүдээ, хүү нь хүүхэддээ нэгэн ижил заяа тавилан хайрладаг байх юм.

-Би барилдаад давах бүрийдээ өвөөгөө дурсдаг гэж Батсуурь хэлдэг. Энэ нь удмаараа бахархдаг гэсэн үгийн нэг хувилбар юм.

Н.Батсуурь нэг сонин дурсамж ярьдаг. Үүнийг сонирхуулбал аймгийн арслан  Ж.Гэлэг өвөө нь начин болдог жилээ улсын наадамд барилдах гэж Увсаас гарч хагас сар замын унаанд дайгдаж явсаар яг наадмын өглөө Улаанбаатарт ирж. Цэнгэлдэхэд очиход нь "Бөхийн бүртгэл дууссан" гэж. Алс холоос зорьж өдөр хоног барж явсаар ирсэн учраа хэлэхэд бөх бүртгэж байсан цэргийн дарга хоёр цэрэг дуудаж авчраад хооронд нь барилдуулж унасныг нь хасаад өвөөг маань бүртгэлд багтаасан юм гэнэлээ гэж. Ийнхүү нэгэн бөх удмын түүх зузаарахын хэрээр даян аварга Н.Батсуурийн ой санамжид энэ мэт олон сайхан дурсамж багтанхан явах нь дамжиггүй  биз ээ.

Бөхийн цол дуудав "Увс аймгийн Ховд сумын харьяат, Увс нуур бөхийн дэвжээ, "Сүлд" спорт хороо, "Химон констракшн"-ий бөх, улсын даян аварга Намсрайжавын Батсуурь манлай хэмээн цангинах ажээ. Улсын начин Ж.Гэлэгийн удмын бөх бүлийн гайхамшигтай намтар өдрөөс өдөрт ийнхүү улам баяжиж байхын хэрээр нутгийнх нь уул ус ч баярладаг биз ээ.

Бөх хүнийг наадамд ирэхэд нутгийнх нь уулс хамт ирдэг гэсэн үг ч бий. Тийм болоод л Н.Батсуурийг шинэ цолд хүрэх бүрт Ховд сумынхан шүтээн болсон "Хөх овоо"-доо гарч баярлацгаадаг юм билээ. Н.Батсуурь удмын түүхээ бичиглэсээр байна. Энэ нь түүнд дээд удмаас нь оноосон үүрэг. Тэр үүргээ нэр төртэй биелүүлж даян аварга болоод байгаа билээ. Бөх бүлийн хувьд хамгаас догдлон хүлээдэг сайхан баяр нь улсын баяр наадам тун дөхлөө. Иймийн учир бөх удмын заяа тэгш халуун бүлийнхэнд дархан аваргатай болоорой гэсэн ерөөлөөр бяцхан хөргөө төгсгөе юү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 125 (6857)