Р.Оюун
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II компакт гэрээ буюу Усны компактын хүрээнд бүтээн байгуулсан Монголын анхны Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг нээж, үйл ажиллагааг эхлүүлэх ёслолын арга хэмжээ боллоо. Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд Биокомбинат, Шувуун фабрикийн орчимд 30 гүний худаг гаргаж Монгол Улсад анх удаа дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг шугам хоолой, хяналт удирдлагын системийн хамт байгуулаад байна. Ус хангамжийн баруун эх үүсвэр нь жилд 50 сая шоометр усыг нийслэлийн унд ахуйн хэрэглээнд нийлүүлэх найм дахь эх үүсвэр буюу Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том ундны усны эх үүсвэр болох юм. Нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-аас Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Ричард Буанган, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Монголын Мянганы сорилтын сан, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, төслийн гүйцэтгэгчид, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган нар Ус цэвэршүүлэх үйлдвэрийн ус хүлээн авах хүрдийг нээж, үйлдвэрийн үйл ажилагааг албан ёсоор эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Өнөөдрийн энэ арга хэмжээ зөвхөн нэг үйлдвэрийн нээлт биш. Монгол Улсын ирээдүйн тогтвортой хөгжил, ард иргэдийн маань ая тухтай амьдралыг баталгаажуулах, Улаанбаатар хотын өргөжин тэлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буйг илэрхийлэх түүхэн ач холбогдолтой арга хэмжээ юм. Усны компакт хөтөлбөр Монгол Улсын усны салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг цогцоор нь харж, хоорондоо нягт харилцан уялдаатай хатуу болон зөөлөн дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж салбарын хөгжлийг шинэ түвшинд хүрэхэд бодитой дэмжлэг үзүүлж чадснаараа онцлог юм. Миний бие хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулсан хоёр том үйлдвэрийн шавыг нь тавихаас эхлээд үүдээ нээж, үйл ажиллагаагаа эхлүүлэх хүртэлх энэ бүх хугацаанд та бүхэнтэй хамт байж, түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна.
2000-аад оны үеэс эхлэн эрдэмтэн судлаачид Улаанбаатар хотын усны хомсдолд орох эрсдэл бодитоор нүүрлэж байгааг анхааруулж төр, засгийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг эрчимтэй хайж байсан тэр үед бид АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран Монголын Усны компакт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь Монгол Улсын Засгийн газрын хувьд алсыг харсан, стратегийн шийдвэр байсан юм. Урт хугацаанд бодит үр өгөөжөө өгөх, улс орныхоо ирээдүйн хөгжлийг баталгаажуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх томоохон хөтөлбөрийг Монгол, Америк улс хамтран амжилттай хэрэгжүүллээ гэж өнөөдөр энд итгэл төгс зарлаж байгаадаа Монгол Улсын төрийн тэргүүний хувьд сэтгэл дүүрэн байна. Усны компакт бол Монгол Улс, АНУ-ын стратегийн түншлэлийн бодит илэрхийлэл, хамтын амжилтын бэлгэ тэмдэг мөн" гэсэн юм.
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри "Монгол Улс хувийн хэвшилд тулгуурлан эдийн засгаа төрөлжүүлж буй энэ үед найдвартай дэд бүтэц нэн чухал. Усны компактын үр дүнд урт хугацааны ус хангамжийг баталгаажуулснаар үйлдвэрлэлийн шинэ салбаруудыг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлах эрсдэлийг бууруулан, Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, хөгжлийг дэмжих чухал баталгаа болж байна. Компакт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр бид хөгжлийн хамтын ажиллагаанаас бодит үр дүн рүү, бүтээн байгуулалтаас ашиглалт руу, хамтран бүтээн байгуулагчаас эдийн засгийн өсөлтийн түншүүд болох шинэ үе шат руу шилжиж байна. Эцэст нь АНУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс та бүхэнд талархлаа илэрхийлэхийн сацуу энэ компакт хөтөлбөр нь бидний хамтын түншлэл, эдийн засгийн боломж, өсөлтийн төлөөх нийтлэг зорилгын бат бөх бэлгэ тэмдэг болон үлдэхийг хүсэн ерөөе" гэв.
Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьсан тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2021 онд шав тавьснаас хойш эрчимтэй өрнөж өнөөдөр нээлтээ хийлээ. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцан ажиллах Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан үйлдвэрийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын шатнаас эхлэн дадлагажиж, 2025 оны наймдугаар сарын 1-нээс ажилдаа оржээ. Монголын Мянганы сорилтын сан нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаас бүрдэх 461 сая ам.долларын санхүүжилтээр нийслэлчүүдийн усны эрэлтийг урт хугацаанд, тогтвортой хангахад чиглэсэн Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, түүний дотор Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус боловсруулах, усны салбарын тогтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаа бүхий гурван том төслийг товлосон хугацаа, батлагдсан төсөвтөө багтаан амжилттай хэрэгжүүлж дууссан байна.
Эх сурвалж www.zms.mn