З.БАТЦЭЦЭГ

Зохиолч жилд 11 ном бичдэг гэсэн статистик бий. Үнэнийг хэлэхэд энэ бол их тоо. Тиймээс Дарья Донцоваг ганцаараа биш, бүлэг зохиолчтой хамт бичдэг гэсэн яриа байдаг. Энэ нь Дарья хууран мэхэлсэн гэж сэжиглэгдсэн цорын ганц тохиолдол биш юм.

 

Тэрбээр  гэрлэж, нэрээ солихоосоо өмнө Агриппина Васильева гэдэг нэртэй байсныг бүгд мэднэ. Түүний аав Аркадий Васильев зохиолч, ээж Тамара Новацкая нь Москонцертод найруулагч байжээ. Тэр хүүхэд байхдаа өвөө эмээтэйгээ Скаковая гудамжинд нурж унах гэж байгаа модон байшинд амьдардаг байж.

Охиныг төрөх үед Васильев, Новацкая нар гэрлээгүй байж. Зохиолч “Правда” сонины сэтгүүлчтэй гэрлэсэн байжээ. Тамараг Москвагаас нүүлгэнэ гэсэн аюул заналхийлж эхлэхэд л Аркадий Николаевич анхны эхнэрээсээ салжээ. Дараа нь Агриппина эмээгийнхээ хамт Кировын гудамжинд байрлах нийтийн байранд нүүж, гурван жилийн дараа тэднийх “Москвагийн зохиолчдын нэгдэлд” байр авахад эцэг эхтэйгээ уулзсан байна. Тэр үеэс л тансаг амьдрал эхэлжээ. Агриппина франц, герман асрагчтай болж, тэдний ачаар гадаад хэл сурсан байна. Зуны амралтаа Переделкинод өнгөрөөж, Корней Чуковскийтэй ярилцаж, 1960-аад онд аавтайгаа хамт Герман явж байж. Гэхдээ Дарья аав ээжийхээ татаасаар зохиолч болоогүй. Тэр тусмаа түүний аав 1970-аад оны эхэн үед нас барсан. Зургадугаар сарын 7-нд зохиолч 70 нас хүрсэн бөгөөд түүнийг ямар алдарт гарсан, үүнээс болж ямар шуугианд өртсөн талаар ярилцъя.

Салсан орчуулагч

 

Аавыгаа нас барахад Дарья 20 настай байсан

Сургуулиа төгсөөд тэр Москвагийн Улсын Их Сургуулийн сэтгүүлзүйн тэнхимд элсэн орсон бөгөөд гадаад хэл сурах хүсэл эрмэлзэл, хүргэн ах Владимир Ягодкины бичиж өгсөн тодорхойлолтын ачаар Сири дэх Зөвлөлтийн консулын газарт хоёр жил ажилласан. Москвад буцаж ирэхэд хүргэн нь түүнийг сонинд сурвалжлагчаар ажилд оруулжээ. Хэдэн жилийн дараа Агриппина сэтгүүл рүү шилжиж, дараа нь герман, франц хэл заадаг болов.

Тэр анхны зоихолоо 1984 онд бичсэн боловч текстийг илгээсэн сэтгүүл нь уг бүтээлийг сонирхоогүй байна. Дараагийн оролдлого хүртэл 15 жил өнгөрч, хэд хэдэн үйл явдал болжээ.

Хувийн амьдралд нь эрс өөрчлөлт гарсан. Тэрбээр Коктебелийн эрэг дээр Дмитрий Деминтэй танилцаж оюутан байхдаа гэрлэжээ. Гэвч хүүгээ төрүүлэхээс өмнө жирэмсэн байхдаа нөхрөөсөө салсан байна.

 

...аавыгаа нас барснаас 1 сарын дараа хүү Аркадияг төрүүлжээ

Дарья НТВ телевизд өгсөн ярилцлагадаа “Надад амьдрах мөнгө байгаагүй, үнэхээр аймшигтай. Тэр нэг л өдөр гэртээ ирэхээ больсон. Би Киевский вокзалын жорлон угаадаг байлаа. Дараа нь шүдний эмнэлэгт угаагч байсан. Тэр хүн дахиж ирээгүй. Салаад явснаасаа хойш нэг ч удаа утасдаагүй. Би эхлээд түүнийг олохыг хүсэж байсан. Идэх юм байхгүй, манай хүүд пальто ч байгаагүй” гэсэн байдаг.

Түүний анхны хуримны гэрчийн нэг нь Борис Капустин  байсан бөгөөд тэд байнга уулздаг байсан. Удалгүй тэд гэрлэсэн ч  бас түүнд аз жаргал авчирсангүй, долоон жилийн дараа салсан юм. “Миний эхний хоёр нөхөр аль аль нь өөр эмэгтэй рүү явсан. Чамтай хамт амьдрахыг хүсэхгүй байна гэж хэлээд л тэд явсэн. Түүнээс биш өнөөдөр гэртээ, маргааш айлд гэсэн хоёрдмол байдал үүсгэж байгаагүй” гэж гэрлэлтүүдийнхээ талаар дурссан байдаг.

 

Дарья дагавар хүү Диматай сайн харилцаатай байсан

Гурав дахь удаагийн оролдлогоор бүсгүй аз жаргалаа олж чадсан юм. 1983 онд тэр сэтгэл зүйч Александр Донцоватай гэрлэж, гурван жилийн дараа охин Мария нь мэндэлжээ. Танилууд нь тэднийг төгс гэр бүл гэж нэрлэдэг ч Дарья хэлэхдээ хамт амьдарч байгаа хүнээ хязгаарлаж, 100 хувь анхаарал нэхэж, “хөрөөдөх” шаардлагагүй гэдэг.

 

Тэд амьтанд хайртай. Хэдэн жилийн өмнө Дарья хэлэхдээ тэднийх 4 мопс нохойтой, мууртай гэж байсан.

Тэдний гэр бүл том шалгуурыг давж чадсан. 1997 онд Дарьяд хөхний хорт хавдрын сүүлчийн шат гэсэн онош тавьжээ. Тэр үед Дарья нөхрөөсөө хагалгааны дараа үлдэх үү гэж асуухад нөхөр нь “Бүх эрхтнийг чинь тайраад, чамаас ганц чих үлдсэн ч хажууд чинь байна” гэжээ. Тэдний хувьд жинхэнэ аймшигтай үе эхэлсэн юм. Эмч нар түүнийг гурван сар амьдрана гэж байсан. Гэвч 4 хагалгаа, 18 курс химийн эмчилгээг амжилттай давж чадсан юм.

 

Тэр нэг бус удаа хамгийн алдартай зохиолчоор шалгарч байсан

Хамгийн найдваргүй гэгдэж байсан тэрбээр жилийн дараа эмчдээ үзүүлэхдээ “Би яагаад одоог хүртэл амьд байна” гэж асуужээ. Тэгэхэд эмч “Бурханд танд зориулсан төлөвлөгөө байгаа юм байлгүй дээ” гэж хэлэхэд огт шашин шүтлэггүй явсан би энэ үгийг сонсоод айж цочирдсон” гэж зохиолч “Хүний хувь тавилан” нэвтрүүлэгт орохдоо ярьжээ.

Эмнэлэгт хэвтэж байх тэр үед нь нөхөр нь түүнд бал, цаас авчирч өгснөөр тэрээр бичиж эхэлсэн байна. Түүний анхны уншигч сувилагч байсан юм. Нөхөр нь зохиолыг хэвлэгчдэд үзүүлэх санаа гаргаж, үүний дараа тэр жинхэнэ од болон, бүх ном нь худалдагдан, зарим нь кино болжээ.

 

Дарья номондоо танилуудаа их оруулдаг

Зарим танил нь түүнийг далдыг харах шидтэй гэдэг. Номондоо бичсэн зарим зүйл нь биеллээ олдог байна. Түүний зохиолын гол баатар мөрдөгч эмэгтэй Даша Васильевагийн хүүхдүүдэд тэр өөрийхөө хүүхдүүдийн нэрийг өгсөн. Номон дээрээ Аркадий осолд ороход, гурван сарын дараа түүний хүү осолд орсон байдаг. Дараа нь Машаг салхин цэцэг туссан гэсэн ном гарсны долоо хоногийн дараа өөрийнх нь охин Маша салхин цэцэг тусчээ. Бас нэг номондоо өвчтөн нь эмчдээ талархаад ВАЗ-2108 машин бэлэглэхэд түүний найз эмч Оксана сарын дараа түлхүүр үзүүлээд “Чи номондоо бенз машин гэж бичихгүй яасан юм бэ? гэж хэлж байжээ. Энэ эмчийн хүүг 10 настай байхад нь малын эмч болно гэж бичиж байсан нь одоо мал эмнэлгийн ухааны доктор болжээ.

 

Түүний мопсын цуглуулга 2000 хол давахаар нь тоолохоо больжээ

Хэдэн жилийн өмнө түүнийг зохиолоо өөрөө бичдэггүй, баг ажилладаг гэж буруутгаж байв. Гэвч тэр зохиолоо компьютер дээр бичдэггүй. “Би өглөө 5 цагт босоод, 6 цагаас бичиж эхэлдэг. Өдөр бүр 30 хуудас бичиж байж босдог. Дундуур нь сүм орох гэж л завсарлага авдаг. Дараа нь бусад ажлаа хийдэг. Дан гар бичмэл, надад хадгалсан файл байхгүй, баллаж цохолсон эрээн цааснууд л бий. Миний баг бол миний ноход” гэж хариулжээ. Тэрээр мопс нохойд маш хайртай тул их хэмжээний цуглуулгатай болжээ.

Дараагийн маргаан түүнийг хоолны ном бичиж эхлэхэд үүсчээ.  1970-аад онд хэвлэгдсэн Гюнтер Линде, Хайнц Кнблоч нарын бүтээлээс авсан жорыг "Залхуу хүний ​​хоолны ном"-д хуулбарласан гэж байв. 2005 онд Концептуал театрын дарга Кирилл Ганин сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. "Шүдний эмч нар ч уйлж байна" романд дүрүүдийн нэг нь тус байгууллагын жүжгийг "илэрхий порнограф" гэж нэрлэжээ. Ганины нэхэмжлэлийг үгүйсгэсэн, ялангуяа Донцовагийн өмгөөлөгчдийн хэлснээр Кирилл түүний дүр төрхийг нэгэн продакшн дээр зөвшөөрөлгүй ашигласан байж.

 

Хорт хавдрыг даван туулсан хүмүүсийн цуглаан өвчтэй хүний сэтгэхүйд 10 удаа сэтгэл зүйч дээр очсоноос ч илүү эерэгээр нөлөөлдөг гэдэгт Дарья итгэдэг. Түүний өвчинтэй холбоотой маргаан хамгийн их дургүйг нь хүргэжээ. 2008 онд “хөхний хорт хавдрын эсрэг” хамтдаа буяны ажил зохиож, 2018 онд “Би амьдрахыг хүсч байна” нэвтрүүлэг хөтлөх болсон. Өөрийн жишээгээр тэр хүмүүст итгэл өгөхийг хүссэн. Гэвч түүнийг худлаа оношоор өөрийгөө сурталчилсан хэмээн буруутгаж байв. “Надад өөр арга зам үлдээгүй. Нэг нэвтрүүлэг дээр камераа хааж байгаач гэж хэлээд цамцаа тайлаад хөхөө тайруулсан хагалгааны сорвио үзүүлсэн. Тэр хөтлөгчийн царайг би хэзээ ч мартахгүй. Зааланд нам гүм болсон байсан...” гэж ярилцлагадаа хэлжээ. Тэр коронавирусээр өвдсөний дараа эмэгтэйчүүдийн хавдартай болох нь тогтоогджээ. Харин гэгээн ариун газар руу явсаны дараа хавдар арилсан байв. Эмчид ирээд үзүүлтэл уйланхай байгаад тэр нь идэвхтэй хөдөлгөөний нөлөөгөөр хагарсан байж. Хоёрдугаар сард түүний нөхөрт гэдэсний хорт хавдрын 3 дугаар үе гэсэн онош тавьжээ. Александр Иванович хагалгаанд орон хэд хэдэн химийн эмчилгээ хийлгэжээ. “Өөртөө хэзээ ч санаа зовж байгаагүй, нөхрийгөө өвдөхөд маш их сандарсан” гэж зохиолч ярьжээ. Нөхрийгөө эдгэнэ гэдэгт итгэлтэй байгаа. “Хүн бүрийн амьдралд шалгуур сорил байдаг. Жишээ нь Наташа Ростова нэгэн зэрэг сүрьеэ, хавдраар өвддөг. Тэр өвчтэй байх үеэрээ нөхөртэйгөө учирсан хэмээн баярлаад яриад сууж байдаг даа. Би үргэлж хэлдэг. Хавдар бол зальтай. Үүнд тайван хандаад, хэнийг ч буруутгахгүй байх юм бол эцэст нь ямар нэгэн шагнал хүртдэг” гэж зохиолч ярьсан байна.

Эх сурвалж: www.polit.mn