П.АМГАЛАНБАЯР

Тайз, дэлгэцийн урлагт өөрийн өвөрмөц төрх, ур чадвараараа гэрэлтэж буй авьяаслаг жүжигчин  Б.Одгэрэлийг “Өөр зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр “Гэгээн муза-16” наадамд “Хүн гөрөөс” жүжгийн Оюумаагийн дүрээр тэргүүлсэн билээ.

 

 -Танд Гэгээн муза хүртсэнд баяр хүргэе. Цом атгасан мөч цаг хугацаа, хүч хөдөлмөрийн тань үр шим цэцэглэсэн үе байсан болов уу?

-Би урлагийн салбарт өөрийн орон зайг бүтээж яваа залуу уран бүтээлч. Тиймээс  Гэгээн муза наадмын ёслолд оролцож, нэр  дэвших нь өөрөө миний хувьд том шагнал. Ардын жүжигчин Г.Равдан ах тайзан дээр  жүжигчний тухай шүлэг уншиж, дараа нь дугтуйг задлаад, “Б.Одгэрэл” гэж дуудахад их догдолсон, баярласан. Би өмнө энэ нэр хүндтэй наадамд хоёр удаа нэр дэвшиж байсан юм. Ийнхүү гурав дахь жил дээрээ цомын эзэн боллоо. Уран бүтээлч хүн ялж, ялагдаж сурах хэрэгтэй гэж боддог. Амжилт гаргасан нэгэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэх чанар надад байдаг. Миний хувьд их чадварлаг уран бүтээлчидтэй өрсөлдсөн. Тайзан дээр Музаг гардан авах мөчид илүү ихийг бүтээх, ажиллах ёстой гэдгээ мэдэрлээ.

-“Хүн гөрөөс” жүжиг тухайн үеийн нийгмийн өнгийг тусгасан П.Баярсайхан зохиолчийн сор уран бүтээлийн нэг. Анх зохиолоо уншаад ямар мэдрэмж төрж байв?

-Би дэлхийн сонгодог зохиолуудыг унших дуртай. Харин “Хүн гөрөөс” жүжгийн зохиолыг уншаад монгол зохиолд дурлах, хайрлах, бахархах мэдрэмжийг авсан. Учир нь дэлхийн хэзээ  ч үнэ цэнээ алдахгүй гайхалтай зохиолуудтай дүйцэхүйц, сонгодог бүтээл болж чадсан юм билээ. Мөн хүний амьдралын олон араншинг харуулсан. Дүрүүд  нь ч жүжигчнээс ур чадвар, ажиллагаа шаардсан жүжиг.

-Анх Ардын жүжигчин С.Сарантуяа Оюумаагийн дүрээр  тайзнаа гарсан. Таны хувьд энэ дүрийг тайзнаа амьдруулсан  гурав дахь жүжигчин боллоо?

-Хамгийн анх Ардын жүжигчин С.Сарантуяа эгч, дараа нь Гавьяат жүжигчин Ж.Оюундарь эгч энэ дүрд тоглосон байдаг. Би гурав дахь Оюумаагийн дүрээр үзэгчидтэйгээ уулзаж байгаа минь нэр төрийн хэрэг.  Ерөнхий найруулагчаар Б.Мөнхдорж багш ажилласан. Найруулагчийн уран бүтээлчидтэйгээ ажиллаж байгаа ухаан нь гайхалтай. Жүжгийн туслах найруулагчаар С.Сарантуяа эгч ажилласан. Анхны Оюумаагийн дүрээр тайзнаа гарсан чадварлаг жүжигчинтэй хамтарч ажиллахад их түшиг боллоо. Эгч маань урьд нь би Оюумаагийн дүрд ажиллаж байхдаа энэ хэсэг дээр дутуу ажилласан байна. Тэгэхээр энэ текс дээр ингэж  хэлбэл зүгээр юм байна гэж  зөвлөсөн бүхэн нь миний төлөө байсанд баярладаг. Залуу уран бүтээлчийн хувьд Оюумаагийн дүрд ажилласнаар уран чадвар ахисан гэж бодож байгаа. Урьд нь уурладаг эсвэл инээдэг хэсэгт сэтгэл хөдлөлөөрөө явдаг байсан бол энэ удаад сөрж тоглосон. Хэрэв өөр зохиол дээр ажилласан бол уйлаад, өөрийгөө өрөвдөөд ярих байсан болов уу. Тиймээс жүжгийн туршид  жижигхэн шаглаа, үйл хөдлөл  бүрийг ойлгож мэдэрч ажиллахыг хичээсэн. Мөн театрыг зорьж ирсэн үзэгчид соёлтой боловсролтой болж буйд баяртай байна. Бас залуучууд жүжиг их үздэг болжээ. Хамгийн гайхалтай нь бүгдээрээ зохиолоо уншаад ирсэн байсан. Жүжиг дуусаад үзэгчидтэй хэдэн минутын ярилцлага хийхэд “Яагаад тэр хэсгийн текстийг хэлээгүй юм бэ” зэрэг олон асуулт тавьж байлаа.

-Оюумаагийн дүр дээр ажиллахад аль хэсэгт нь та хамгийн их догдолж байв?

-Бүхий л хэсэг нь намайг догдлуулдаг. Тэр тусмаа өнгөрсөн амьдрал, нөхөр, хүүхдийнхээ тухай сэтгэлийн хаттай , хүчирхэг, ухаалгаар бусдад  ярьж өгч байгаа хэсэг илүү гоё мэдрэмж төрүүлдэг. “Хүн гөрөөс” хоёр хүний жүжиг учраас үзэгдэл солигдоод нэг үзэгдлийн дараа тайзан дээр гарах боломжгүй. Жүжиг дуустал тайзан дээр дүрээрээ амьдардаг. Тайзан дээр гарч байгаа мэдрэмж бүхэн шинэ санагддаг. Хоёр хүний жүжигт уран бүтээлчид бие биедээ итгэж, түшиг болж ажилладаг. “Bee” театр бол жүжигчний лаборатори театр. Тийм болохоор багтаамжийн хувь бага учраас  цөөн хүн үздэг онцлогтой. Тэгэхээр орон зайн хувьд үзэгчидтэй илүү ойроос харьцдаг учраас жүжигчнээс уран чадвар, нарийн шаглаас гаргахыг шаарддаг л даа. Ер нь жүжигчин хүн тайзан дээр худал амьсгалах ч эрхгүй.

-Таныг УДЭТ-ын олон уран бүтээлээс харсан. Сургуулиа төгсөөд удаагүй байхдаа энэ том айлын гишүүн болох саналыг авч байсан гэсэн?

-Сургуулиа төгсөөд “To Be or Not to Be” театрчилсан шоуны эхний дугаарт нь орж байсан. Гуравдугаар шатанд миний үзүүлбэрийг үзээд  найруулагч Н.Наранбаатар, Ардын жүжигчин Н.Сувд багш, шүүгчид урмын үг хэлж, драмын театрт байх ёстой хүүхэд байна гэсэн. Тухайн үед Д.Сосорбарам ахын “Төгс”   жүжигт ажиллаад Драмын теарт орж чадаагүй. Харин 2013 онд очиж шалгалт өгөөд тухайн үед охид дундаас хамгийн өндөр оноо авч, театрынхаа босгыг алхаж байлаа. Театрт ороод хамгийн анх Ч.Түвшин найруулагчийн “Уучлаарай та дугаар андуурч” жүжигт хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйн дүрд ажилласан. Олон жүжигт тоглож, олон зүйлийг сурсан сайхан газар минь. Миний амьдралын гайхалтай долоон жилийн дурсамж, цаг хугацаа тэнд хөврөн байгаа. Би оюутан байхаасаа л театрын тайз, энерги, тоглолтуудын сайхныг мэдрэхийг хүсдэг байсан. Энэ хүслээ ч биелүүлсэн. Тиймээс илүү ихийг сурч мэдэх, хөгжих  хэрэгтэй юм байна гэж бодсон. Энэ үед Драмын театрт ажиллах хугацаа минь болсон юм шиг санагдсан учраас дараагийн шинэ зүйлд өөрийгөө сорьж үзэхийг хүсэж, гарах шийдвэр гаргасан.

-Театр бүр өөрийн онцлог арга барилтай. Тиймээс жүжигчний хувьд олон зүйлийг сурч мэдэх хөшүүрэг болдог болов уу?

-Тэгэлгүй яахав. Театр бүр өөрийн тоглолтын арга барил, агаар, уур амьсгалтай. Би УДЭТ-аас гараад “Альфа”, “Bee”, “Орфей”, “Блэкбокс” театруудад ажиллаж байна. Нэг удаа “Эгч дүүс” гээд хоёр хүний жүжгийг кофе шопт тоглож байсан юм. Тэр үед кофены машины чимээ, хүүхэд уйлах чимээнээс өөрийгөө олж, тасарч, мэдэрч тоглоно гэдэг их ур чадвар шаардаж байлаа. Энэ нь намайг цаашлаад хоёр хүний жүжигт тоглоход том хөшүүрэг, туршлага болсон. Харин УДЭТ-таа ажиллаж байх хугацаанд олон үзэгчидтэй харьцаж, урагшаа төвтэй тоглолтыг илүү сурсан санагддаг шүү.

-Та жүжигчин мэргэжлийн үнэ цэн, сайхан нь  юундаа оршдог гэж  боддог вэ?

-Жүжигчин бол хүн судлаач мэргэжил. Тийм болохоор хорвоо ертөнцийн талаарх сонин сайхан, хүний амьдрал, мөн чанар, хүн чанарыг чин сэтгэлээсээ харж ойлгохыг хичээж, энэ мэдрэмжийг бусдаас түрүүлж мэдэрдэг нь таалагддаг. Амьдрал дээр худал ярьдаггүй хүн тайзан дээр сайн жүжиглэдэг байх гэж би боддог. Хөлс хүч, цаг хугацааныхаа үнэ цэнийг үзэгчдэд хүргэсний дараа халуун алга ташилтыг мэдрэх гайхалтай. Тайзан дээрх миний сэтгэл хөдлөл бүр үзэгчдэд хүрч,  нэгэн хэм болон баярлаж, гуних тэр агшин үгээр төсөөлөхийн аргагүй сайхан. Жүжигчин мэргэжил уран бүтээлчид сэтгэлийн тэнхээ өгдөг болов уу. Бидэнд сэтгэлээр унах, баярлах агшин их. Гэхдээ тэр бүхэн магтаалд хөөрөхгүй, шүүмжлэлд унаж доройтохгүй байх хэрэгтэй гэж боддог доо.

-Гэр бүлийн хүн тань найруулагч мэргэжилтэй гэсэн. Таны уран бүтээлийн анхны үзэгч, шүүмжлэгч, зөвлөгч байдаг байх даа?

-Нэг салбарт ажилладаг учраас  ажлыг минь  сайн ойлгодог. Тиймээс  би ар гэртээ санаа зовохгүйгээр ажилладаг. Гэр бүл биш уран бүтээлч хүний хувьд хамгийн үнэн зөвлөгөөг өгдөг. Сайн муу талыг  минь шүүмжилж хэлдэг. Энэ дүрд ажиллахдаа зорилгоо юу гэж  тодорхойлсон юм бэ гээд үргэлж надад үнэтэй зөвлөгөөг өгдөг.

-Яг энэ цаг үед таныг “Хайрыг битгий гомдоо” киногоор харж байна. Дүрийнхээ тухай яриач?

-Энэ кинонд тоглосноороо их зүйлийг сурсан. Киноны найруулагчаар Гавьяат жүжигчин  И.Одончимэг  эгч ажилласан. Одноо эгч бол төрмөл авьяастай, гайхалтай хүн. Жүжигчин хүн авьяастай, дээрээс нь ухаанаа ажиллуулдаг байх хэрэгтэй гэж уран бүтээлчиддээ хэлдэг. Энэ үг нь биднийг илүү хурцалдаг байсан. Найруулагч тухайн жүжигчинд  итгэж дүр дээр ажиллах боломж олгоно гэдэг итгэл сэтгэл, хүн чанар гэж би боддог. Тиймээс надад итгэж нарийн тоглолттой дүрд ажиллах боломж олгосонд Одноо эгчдээ их баярладаг. Хэдий хүнд зураг авалттай ч тэр бүхэнд хайраа шингээж тоглосон.

-Киноны санал ирэхэд хамгийн түрүүнд юуг голчилж хардаг вэ?

-Эхлээд зохиолоо уншина. Дараа нь хамтран ажиллах баг, уран бүтээлчдээ хардаг. Миний  хувьд  дүр голдоггүй. Харин тэр дүрийг мөрөөдлийн дүр юм шиг болгож ажиллахыг хүсдэг. Театрын тайзнаа нарийн тоглолт, ажиллагаа, ур чадвар  гаргах, надад илүү их зүйлийг сургах дүрд ажиллах хүсэлтэй. Харин кино урлагт өөрийнхөө насанд өөр шигээ эмэгтэй хүний дүрд тоглохыг зорьдог. Би чинь амьдрал дээр их зөөлөн эмэгтэй.

-Тайз, дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон. Цаашид аль төрөлд нь давуу  ажиллахыг зорьж байна?

-Гуравдугаар дамжаандаа “Цагдаагийн тангараг” кинонд туслах дүрд ажилласан. Сургуулиа төгсөөд “Хунгийн сүүлчийн дуу” кинонд ажилласны дараа  Драмын театрт ороод тайзны уран бүтээлд голчилж ажилласан байна. Миний хувьд тайз дэлгэцийн урлагаа аль алийг нь хослуулаад явах зорилготой. Мэдээж тайз, дэлгэцийн уран бүтээлийн үзэгчдэд хүрэх арга барил нь өөр. Гэхдээ хоёуланд нь үнэн байх  ёстой гэсэн нэг хууль үйлчилж байгаа.

-Таны мэргэжлийн багш бол Сугарын Болормаа. Багш тань хэрхэн зааж зөвлөж, сургадаг байв?

-Багш маань миний ээж шиг хүн байдаг. Багштайгаа би царай зүс, зан аашаараа ч төстэй. Их сургуулийн дөрвөн жил тухайн хүүхдийг гардаж авсан багш нь ур чадвар, ертөнцийг үзэх үзэл, хүмүүжил, амьдралыг харах өнцөгт их нөлөөлдөг юм шиг санагдсан. Бид багшийгаа шүтнэ, хүндэлнэ. Ажил, амьдралд ч багш шигээ болохыг хүсдэг. Багш маань зарчимч, цаг сайн барьдаг, хариуцлагатай, онол талдаа сайн, жүжгийн зохиолыг  сайн задалдаг, дотортой жүжигчин. Мэдрэмжтэй, хүн  чанартай гээд бүхий л гайхалтай зан чанаруудыг цогцлоосон хүн дээ. Багшийн минь  зааж зөвлөдөг бүхэн миний өдий зэрэгтэй уран бүтээлч болж байгаагийн гол хүч нь гэж боддог. 

-Таны уран бүтээл болон амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Уран бүтээлч хүн эхлээд хүн чанартай байх хэрэгтэй. Үгүй бол хэзээ ч жүжигчин болж чадахгүй. Бас мөн чанартай, шударга, өөрийн гэсэн үзэл бодлоо хаана ч илэрхийлэх чадвартай байх хэрэгтэй гэж бодож байна. Хэн нэгэн хүнийг ялгаж харьцдаггүй байх. Мөн ан амьтан, байгаль дэлхий, хорвоо дээр орших бүхнийг хайрлах сэтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Өглөө мандаж байгаа нарнаас эхлээд бидний эргэн тойронд буй бүхэн аз жаргал. Тиймээс  хэт мөрөөдөл биш бодит зүйлээс таашаал авахыг хүсдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 119 (6851)