1300 метрийн гүнд автобусаар зорчсон тэмдэглэл

0
хуваалцах
477
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

 

Монгол Улсын топ 100 компанийг өнгөрсөн сард зарлав. Энэ жагсаалтын хоёрдугаарт дэлхийн хэмжээний томоохон зэсийн ордны нэгд тооцогддог  “Оюу толгой” компани шалгарлаа. Үүнтэй холбогдуулан топ компани хэрхэн ажилладаг, юуны учир, ямар үзүүлэлтээр шилдэг ААН болчихов гэдгийн шалтгааныг олохоор Өмнөговь аймгийн Ханбогд сумыг зорив. Оюу толгойн орд нь зэс, алт болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг билээ. Эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалыг экспортод гаргах нь үндсэн үйл ажиллагаа нь юм.

Зуны улирал эхэлж, гадаа 27  хэм хүртэл халж байна. Хувцсаа нимгэлж, нарны малгай, шил зүүгээд ч хөлс урсаж, амьсгаа давчидсан энэ өдрүүдэд газрын дор 1300 орчим метрийн гүнд 18-27 хэмийн халуунд хамгаалалтын хувцас, малгай, шил, масктай нүүрээ битүүлсэн уурхайчид баялаг бүтээхийн төлөө хөдөлмөрлөж байна. Бидний сурвалжлах баг уурхайчдын адил хамгаалалтын иж бүрэн хувцастай, масктай, 2.5 кг жинтэй амьсгалын аппарат бүсэлхийндээ зүүн хоёр цаг орчим хугацааг Оюу толгойн гүний уурхайд өнгөрүүлсэн юм. Хоёр гаруй кг жинтэй амьсгалын аппаратаа дааж ядан, хөлсөө цувуулан, дотор бачуурч алхаж явахад бидэнтэй яг ижил хувцас, хэрэглэлтэй уурхайчид тоож байгаа зүйл алга. Харин чиг инээмсэглэл тодруулан, гүний уурхайн бүх үе шатыг нэг бүрчлэн бидэнд тайлбарласан юм.

Ийн “Оюу толгой” компанийн гүний болон ил уурхайтай танилцсан тэмдэглэлээ уншигч таньд хүргэж байна. “Оюу толгой” уурхайн нийт ажилчдын 97 хувь нь Монгол. Тэдний 50 орчим хувь нь гүний уурхайд ажилладаг.

 

“Blue Sky” цамхагийг 13 давхарласантай тэнцэх хэмжээний гүнд уурхайчид ажилладаг

“Оюу толгой” компанийн гүний уурхай газрын дор 1300 километрт оршино. Зүйрлэвэл “Blue Sky” цамхагийг 13 давхарласантай тэнцэх хэмжээний гүнд уурхайчид эх орныхоо эдүгээ болон ирээдүйн төлөө ажиллаж байна. Гүний уурхай 12 цагаар хоёр ээлжээр 365 өдөр тасралтгүй ажиллах хуваарьтай. Нэг ээлжиндээ 1000  гаруй ажилтан ажилладаг. Тэд цахилгаан шатаар хоёр минутад 1284 метрийн гүндэх ажлын талбар руугаа очно. Цахилгаан шат нэг дор 300 хүн тээвэрлэх чадамжтай. Мэргэжлийн хэллэгээр бол үүнийг үйлдвэрлэлийн амны үйлчилгээний өргүүр гэнэ. Газрын түвшнээс дээш 96 метрт орших өндөр цамхаг буюу үйлчилгээний өргүүрээр уурхайн гүн рүү ажилчдаа зөөж, ачаа тээвэрлэж, хүдрийн чулуулгийг дээш гаргадаг юм.

 Гүний уурхайд Эрх чөлөөний хөшөөтэй ойролцоо өндөртэй Үйлдвэрлэлийн ам хэмээх 92 метр өндөр барилга бий. Энэ амаар дамжуулж зэс, алтны агуулга өндөртэй их хэмжээний хүдрийг газрын гадарга дээр богино хугацаанд гаргана. Үйлдвэрлэлийн амны бүтээгдэхүүний өргүүр хоногт 28 мянган тонн хүдрийг 20 метр секунд хүрэхгүй хурдтайгаар тээвэрлэдэг.  Цахилгаан шатнаас буугаад  уурхайчид 12 хүний суудалтай транзит автобусаар зорчин өөр өөрсдийн ажиллах талбар руу очно. Бид ч  энэ транзит автобусаар 1300 метрийн гүнээр “аялж” уурхайн бүх үйл явцтай танилцлаа.

Гүний уурхайгаас хүдэр олборлоход “блокоор нураан олборлох” гэсэн өндөр бүтээмжтэй, дэвшилтэт, зардалд хэмнэлттэй арга технологийг ашигладаг юм байна. Энэ нь хүдрийн биетийн хүндийн жинг ашиглан доороос нь бутлан, хүдэр буулгуураар цуглуулан авч, туузан дамжуулгаар газрын гадарга дээр гаргадаг арга юм. Туузан дамжуулагчийн нийт урт нь 13.2 километр буюу Сүхбаатарын талбайгаас Толгойтын өртөө хүрэх зайтай тэнцэнэ. Блокчлон олборлох энэ аргыг дэлхийд цөөн компани ашигладаг юм билээ. Тодруулбал, хүдрийн биетийг доороос нь тэсэлгээ хийн хөдөлгөөнд оруулж, уулын даралтын хүч буюу газрын татах хүчийг ашиглан нурааж, нурсан хүдрийг доороос нь татан авч олборлодог аж.

Олборлох хүдрийн биетийнхээ дор орших уулын цулд тэсэлгээ хийж хөдөлгөөнд оруулах үйл явцыг огтлох малтлага хэмээнэ. Энэ малтлага амжилттай болбол уурхайн гүнд байрлах 2.5 километр урт 300 метр өргөнтэй хүдрийн биетийг аюул осолгүй, олборлох нөхцөл бүрдэнэ. Гүний уурхайн гол зорилго ч энэ хүдрийн биетийг олборлох юм. “Оюу толгой” компани энэ том ажлыг эхлүүлэхийн тулд 2010 оноос бэлтгэл ажлаа эхлүүлсэн түүхтэй.

Тэсэлгээ хийхдээ уулын цулд өрөмдлөг хийнэ. Өрөмдлөгийн цооногоо бэлтгээд тэсрэх бодисоор цэнэглэн алсын удирдлагаар тэсэлгээ хийдэг. Ингэснээр уулын цул хүнд даацын машинд ачих хэмжээнд хүртэл жижиг хэсэг болон бутарна. Жижиглэсэн чулуулгийг татан авахад тухайн хэсэгт хөндий орон зай үүсдэг. Энэ хөндий орон зай үүссэнээр хүдрийн биет өөрөө бутран нурж, тэсэлгээ байнга хийх шаардлагагүй болдог юм.

Нурсан хүдрийг хутгуурт ачигч хүдэр дамжуулах босоо  малталтаар тээврийн түвшин рүү буулгана.  Үүний дараа хүдрийг хүнд даацын машинд ачиж гар бөмбөгийн хэмжээтэй болтол нь буталдаг анхдагч бутлуур руу тээвэрлэдэг. Анхдагч бутлуур нь долоон давхар барилгатай тэнцэхүйц өндөр. Бутлагдсан хүдэр туузан дамжуургаар 8.2 километр зам туулж газрын гадаргад хүрнэ. Гүний уурхайгаас олборлосон хүдэр туузан дамжуулгаар дамжин анхдагч хүдрийн агуулах руу очин баяжуулах үйлдвэрт боловсруулагдана.  Гүний уурхайгаас газрын гадаргуу руу хүдэр тээвэрлэх туузан дамжуулагч нь 10 километр урттай. Энэ дамжуулагч нь газрын гадарга дээрх туузан дамжуулагчтай нийлдэг.

 

Баяжуулах үйлдвэр өдөрт 120 мянган тонн хүдэр боловсруулна

Хүдрийг олборлосны дараа баяжуулах үйлдвэрт боловсруулан экспортын эцсийн бүтээгдэхүүн болох 25-30 хувийн зэсийн агууламжтай зэсийн баяжмалын нунтгийг үйлдвэрлэдэг. Эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын нунтгийг савлахад бэлэн болгож, баяжмал хадгалах агуулах руу тээвэрлэдэг. Эцсийн баяжмалыг хоёр тоннын уутанд савлаж, химийн шинжилгээний сорьц авч шинжлээд шошго зүүнэ. Гаалийн үзлэгийн дараа баяжмал ачсан 16 машиныг нэг цуваа болгон худалдан авагч тал руу тээвэрлэнэ. Энэ үе шат өдөр бүр үргэлжилнэ. Ил болон гүний уурхайн зэсийн баяжмал үйлдвэрлэх явц яг ижил.

Таван хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээтэй Оюу толгойн баяжуулах үйлдвэр 2012 оны сүүлээр ашиглалтад орсон. Өдөрт ойролцоогоор 120 мянган тонн буюу олимпийн тоглолтод ашигладаг 40 усан санг дүүргэх хэмжээний хүдэр боловсруулах хүчин чадалтай. Харин том бутлагдсан хүдрийн агуулах нь 700 мянган тонн хүдэр агуулах багтаамжтай. Энэ нь олимпийн тоглолтын хэмжээтэй 240 усан сантай эзлэхүүнээрээ дүйцнэ. Тус үйлдвэрт байрлах эгнүүлэн тавьсан хөвүүлэн баяжуулалтын машинуудаар дамжин зэс болон алт агуулах эрдэсүүдийг салгаж авна. Мөн баяжмал дахь зэсийн агуулгыг нэмэгдүүлнэ.  Баяжуулах үйлдвэр нэг тонн хүдэр боловсруулахад бусад зэсийн уурхайгаас гурав дахин бага ус хэрэглэхийн сацуу ашигласан хаягдал усныхаа 86 хувийг дахин боловсруулдаг.  Энэ нь тус үйлдвэр байгальд хэрхэн ээлтэй ажиллаж байгаагийн нэгэн тод илэрхийлэл юм.

 

Оюу толгойн ордын нөөцийн 80 гаруй хувь нь гүнд байдаг

 

Оюу толгойн бүлэг ордын нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд байдаг. Ил уурхайтай харьцуулахад гүн дэх бүлэг орд нь эрдсийн өндөр агуулгатай байдгаараа онцлог. Гүний уурхайн олборлолт нэмэгдвэл оргил үедээ өдөрт 95 мянган тонн хүдэр олборлоно.

 Газрын гүн дэх хүдрийг шууд хүнд даацын машинаар газрын гадаргад гаргахад их хэмжээний хөрөнгө, хугацаа зарцуулна. Тиймээс “босоо ам” хэмээх дэд бүтцийг барьж, гүний уурхай дахь хүдрийг газрын гадарга дээр гаргана. Гүний уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг нь босоо ам юм. Оюу толгойн  гүний уурхай үйлдвэрлэлийн ам, үйлчилгээний ам, агааржуулалтын хойд, дунд, урд ам гэсэн 6.1 километр урттай таван босоо амтай. Босоо амны хамгийн доод талын станцыг гүний уурхайн ашиглалтын давхраас ирж буй хүдрийг хүлээн авах, босоо ам руу шилжүүлэн ачихад ашиглана. Ингэхдээ босоо амнаас аль нэг тийш нь хөндийлөн малтаж, ачилтын хөндий гаргах ба энэ хэсэгт хүдэр шилжүүлэн ачих байгууламж байгуулна.

Гүний уурхайд өрөм, хутгуурт ачигч, тээврийн машин гэсэн 350 гаруй машин, тоног төхөөрөмж ажилладаг. Ажлын талбарын ойролцоо орших гүнд байрлах зөөврийн хоргодох байрууд нь  аюул ослын үед уурхайчдыг ус, хүчилтөрөгчөөр хангаж, түр байрлуулна. Хоргодох байр нь 36 цагийн турш уурхайн хортой нөхцөлөөс хамгаалдаг. Гүний уурхайн хяналтын өрөө уурхай, үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагааг хянаж, аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг. Мөн газрын гүндээ ил уурхайтай адил засварын цехтэй. Энэ нь машин, механизмын эвдрэлийг хариуцна.  Ил уурхайн засварын хэлтэс нь хүнд машин механизмын засвар болон үндсэн үйл ажиллагааны хэсгээс бүрддэг билээ.

 

Нэг дор 1500 хүн хооллох боломжтой Монголын хамгийн том гал тогоо

Бидний сурвалжлах баг 23:00 цаг өнгөрч байхад Оюу толгойн үндсэн оффис дээр ирсэн юм. Хэдийнэ хүмүүсийн амардаг цаг өнгөрсөн боловч уурхайн угтах хэсгийн ажилчид сэрүүн байлаа. Уул уурхайн компани учраас зочдын аюулгүй байдлын үүднээс дотогш нэвтрэхэд өндөр шаардлагатай. Хамгийн эхэнд хамгаалагч гарч ирэн батлан дааж байгаа хүн хаана байгааг асуулаа. Хариуцан авч яваа хэвлэлийн ажилтан уулзсаны дараагаар бид шинжилгээ өгөх өрөө рүү оров. Оффисын гадаа хөл тавьсан цагаас эхлээд маск зүүж халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлах ёстой. Ийн COVID-19-ийн шинжилгээ өгөөд хариу сөрөг гарсны дараа ачаагаа шалгуулна. Дараа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тусгай төхөөрөмжөөр шалгана. Ямар нэгэн асуудал гарахгүй бол уурхай орох үед өмсөх хамгаалалтын малгай, шил, гутлаа аваад байрлах кемп рүүгээ явна. Уурхайд өмсөх гуталны хэмжээг урьдчилан авдаг юм билээ.  Ийн бид өглөө 07:00 цагт нэг дор 1500 хүн хооллох боломжтой Монголын хамгийн том гал тогоо гэгддэг “Мазаалай” хоолны газар өглөөний цайгаа уугаад ил уурхай руу хөдөлсөн юм. Өдөрт 12 мянган хоол гаргадаг тус хоолны газрын дотоод тохижилт маш сайны сацуу хоолны сонголт арвин. Тухайн ажилтан мах багатай ногоо ихтэй хоол, жимс жимсгэнэ илүүтэй идэхийг хүсвэл эрүүл хооллолтын тусдаа хэсэгтэй. Яах аргагүй Монголын топ компанийн хоолны газар ийм байдаг гэлтэй. Ажилчид ч хоолны заалны багтаамж, тохижилт болон амт, шимтэнд нь сэтгэл хангалуун байдгаа бидэнд хуучилсан юм.

 

Ил уурхайгаас хүдэр олборлоод 10 жил өнгөрчээ

 

Ил уурхайгаар Оюу толгойн үндсэн гурван ордын нэг болох Өмнөд Оюу ордыг олборлож байна. Өмнөд Оюугийн ордын хөрс хуулалтын ажил 2011 оны наймдугаар сард эхэлсэн. Үүний дараагаар Оюу толгойн ордын анхны хүдрийг 2012 оны дөрөвдүгээр сард ил уурхайгаас олборлож байв. Өнөөдрийн байдлаар ил уурхайд 560 орчим хүн ажиллаж өдөрт 100 мянган тонн хүдэр олборлон гаргаж байна.

Ил уурхайн олборлосон хүдэр баяжуулах үйлдвэрт очиж зэсийн баяжмал болон гарахдаа таван үе шатыг дамжина. Нэгдүгээрт, тэсрэх бодисыг хийх нүхнүүдийг өрөмдөнө. Хоёрдугаарт, цооногт тэсрэх бодис хийж тэсэлнэ. Ингэснээр хөрс малтахад бэлэн боллоо гэсэн үг. Гуравдугаарт, тэсэлсэн чулуулгийг эксковатороор хутгаж өөрөө буулгагч машинуудад ачна. Дөрөвдүгээрт, хүдрийг өөрөө буулгагчаар анхдагч бутлуур руу зөөж, хоосон чулуулгийг овоолго руу тээвэрлэнэ. Ийн тээвэрлэх 290 тоннын 30 ширхэг “Комацу” машин ил уурхайд ээлжээр ажилладаг. Тавдугаарт, ил уурхайгаас авчирсан хүдрийг гар бөмбөгийн хэмжээтэй болгон жижиглэж, 2.7 километр урт туузан дамжуулгаар баяжуулах үйлдвэрт хүргэнэ. Гүний уурхайтай ижил хүдрийг баяжуулах үйлдвэрт боловсруулан экспортын эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал бэлэн болно.

Цахилгаан шатнаас бууж гүний уурхай руу нэвтрэх үед хамгийн эхэнд “Уурхайгаас гарч ирэх хамгийн чухал эрдэнэ бол уурхайчин та” гэсэн бичигтэй уурхайчныг хананд дүрсэлсэн байлаа.  Харин ил уурхайд “Аюулгүй ажиллагааг ойлгохгүйгээр бид аюулгүй ажиллаж чадахгүй” гэсэн самбар хадсан байсан юм.  Уурхайчид энэ л бичгийг харан, хамгийн чухал эрдэнэ болох өөрсдийгөө эсэн мэнд гаргаж ирэхийн тулд аюулгүй байдлаа сайн хангадаг болов уу хэмээн бодогдож байв. Ийм л учраас “Оюу толгой” уурхай аюулгүй байдлын дүрэм, түүний хэрэгжилтээрээ Монголдоо төдийгүй дэлхийд дээгүүр эгнээнд жагсдаг юм байна. Мөн ийм олон нарийн үе шатыг туулан, аюулгүй ажиллагааг чанд баримталж, технк  технологийн дэвшилтийг ашиглан, олон мянган хүний цуцашгүй хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргадгаараа яах аргагүй топ компанийн жагсаалтыг тэргүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 117 (6849)