Д.МЯГМАР

Иргэн та банк, санхүүгийн байгууллагаас зээл авч анх удаа орон сууц худалдаж авсан бол гурав хүртэл сая төгрөгийг Татварын албанаас буцаан авах боломжтой юм байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Гансүрэнгээс тодрууллаа.

 

-2012 онд иргэд тат­варт төлсөн мөнгөнөөсөө буцаан авч хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхийн тулд хаана хандах ёстой вэ?

-Оршин суугаа дүүр­гийнхээ Татварын хэлтэст очиж байцаагчаас зөвлөгөө аваарай. Анх удаа өөрийн хөрөнгөөр орон сууц худалдаж авсан бол улс 30 хүртэлх сая төгрө­гийн татварт төлсөн мөн­гийг буцаан олгодог хууль­тай. Гучин саяас татварын хэмжээг 10 хувиар тооцо­ход иргэнд гурван сая төг­рөг олгохоор болж байна. Тухайн жилд та татварт төлсөн мөнгөө баримтаар нотолж улсаас эргүүлэн авдаг онцлогтой юм. Гур­ван сая төгрөгийг тухайн хүн хэдэн ч жил дараалан цувуулж авч болдог.

Тухайн иргэн хувьдаа анх удаа барилга барих, худалдан авахад зарцуул­сан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний орло­гыг татвараас чөлөөлдөг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12-т энэ талаар дэлгэ­рэнгүй заасан байгаа. Тат­варын хөнгөлөлт, чөлөө­лөлт эдлэх гэж буй иргэн ямар материал бүрдүүлэх талаар өчигдөр Татварын ерөнхий газар дээр нэгдсэн сургалт боллоо. Энэ жил ТЕГ-аас шинэ аргачлал хэрэгжүүлэхээр болсон. Иргэд татварын тайлангаа цаасан болон цахим гэсэн хоёр хэлбэ­рээр давхар өгдөг болж байгаагаараа өмнөх жилүүдийнхээс онцлог юм байна.

-Иргэд тайлангаа цахимаар хэрхэн өгөх вэ. Бүрдүүлэх материалын жагсаалт нь гарсан уу?

-Баримтын жагсаалт гарсан байгаа. Орон сууц худалдаж авсан болон байшин барьсан бол 12 төрлийн баримт, материал бүрдүүлэх ёстой.

Харьяа дүүргийнхээ татварын байцаагч дээр бүрдүүлсэн материалтай­гаа очиж онлайн тайлан шивэх код авах ёстой. Эндээс харахад иргэд аж ахуйн нэгж шиг тайлангаа цахимаар өгдөг болсон байгаа биз. Тийм  учраас тайлан өгөх хуга­цааг нь тулгаж хожуу ир­вэл таны материал хоцрох магад­лал­тай. Эртхэн харьяа дүүргийнхээ Тат­варын хэлтэст очиж тусгай код аваарай. Цаасаар өгсөн тайлангаа дахин цахим хэлбэрээр шивж оруулах болсныг иргэд анхаа­раарай.

-Хоёр, гурав дахь жил­дээ татварын хөнгөлөлт эдлэх гэж буй хүний бүр­дүүлэх материал цөөрдөг гэсэн. Ямар материал бүрдүүлж очих вэ?

-Хоёр болон гурав дахь жилдээ татварын хөнгө­лөлт эдэлж байгаа бол зургаан төрлийн баримт, материал бүрдүүлэхээр болсон. Тодруулбал, тухайн иргэний бичгээр гаргасан хүсэлт, иргэний үнэмлэх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, иргэний орлого, татварын бүртгэлийн /цэн­хэр/ дэвтэр, ажлын газрын болон цалингийн тодорхойлолт, иргэний харьцдаг банк, дансны дугаар байхад л болно. Энэ бүхнийг бүрдүүлж татва­рын албандаа очоод цахимаар тайлан оруулах код авдаг болсныг дахин сануулмаар байна.

-Оюутны сургалтын төлбөр төлсөн хүн тат­варын хөнгөлөлт эдэлнэ биз дээ?

-Та суралцаж байх хуга­цаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлсөн бол улсаас татварын мөнгөө буцаан авч болдог.

Таны төрсөн болон үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд, мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол энэ хуулийн 24.6-д хамруулна. Хүүх­дийнхээ сургалтад төлсөн, баримтаар нотлог­дож бай­гаа төлбөрийн хэм­жээгээр албан татва­рын хөнгөлөл­тийг эдлэ­хийн тулд арван төрлийн баримт, материал бүр­дүүл­сэн байх шаард­лагатай.

Ажлынхаа хажуугаар бакалаврт суралцах тохиолдол манайд байдаг. Их, дээд сургууль, кол­леж, мэргэжлийн боловс­ролын сургуульд сурал­цах­д­аа цалингаасаа сургалтын төлбөр төлсөн бол энэ хуулийн 24.7-д зааснаар зургаан төрлийн материал бүрдүүлж хөнгөлөлт эдлэж болно. Тухайлбал, хөнгө­лөлтөд хамрагдах иргэний хүсэлт, оюутны болон иргэний үнэмлэхийн хуулбар, сургалтын  төлбөр төлсөн баримтууд, татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн /цэнхэр/ дэв­тэр, суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт, тухайн иргэний харьцдаг банк дахь дансны дугаар байхад болно.

-Татварын буцаан олголтын тайлангаа өгөөд удаж байж иргэний дан­санд мөнгө нь ордог гэсэн гомдол гардаг. Татварын мөнгө хэзээ иргэний дансанд орох вэ?

-ТЕГ-т болсон сур­гал­тын үеэр байцаагч нар үүнийг бас хэлж бай­сан. Энэ жил иргэдийг чирэг­дүүлэлгүй татва­рын мөн­гийг дансанд нь түргэн оруулдаг болгох өөрч­лөл­тийг хийхээр ярилцсан.

-Тайлан авах сүүлийн хугацааг иргэдэд сануулахгүй юу?

-Хоёрдугаар сарын 15-наар тайлан авах хугацааг тасалбар болгодог. Гэхдээ та тайлангаа хоёрдугаар сарын 14-нөөс өмнө цахим болон цаасан хэлбэрээр өгөөрэй. 14-ний орой цахим тайлангийн систем хаагд­даг юм. Ядаж л хамгийн багаар тооцоход дээрх хугацаанаас 5-10 хоногийн өмнө ирж бай­цаагч­тай уулзаж зөвлөгөө авахгүй бол цагийг нь тулгаж ирээд материалаа бүр­дүүлэх гэхээр хугацаа их ордгийг сануулахад илүүдэхгүй байх.