... Хүн байгалийн эрхшээлээс улам бүр ангижирч, хуучин зүүдлэхийн аргагүй байсан хүч чадалтай болж байна. Хүмүүс хоорондын харилцаанд саад тотгор учруулж байсан анги давхарга, шашны ялгаа үгүй болж, эрх тэгш болцгоосноор бие биенээ таньж сурч байна. Хүн өөрийгөө болон орчин тойрноо бодитой харж үнэлдэг болж, хий хоосон санаархалд автах нь багасч байна. Улс төрийн эрх чөлөө ч хөгжиж эхэллээ. Эдийн засгийн шинэ боломжтой болсон нийгмийн дунд давхаргынхан улс төрийн засаглалыг гартаа оруулах болов. Үүний дүнд тогтсон засаг, төр эдийн засгийн дэвшлийн шинэ боломжуудыг нээх болсон...

Товчоор хэлбэл капитализм уламжлалт дарамтнаас хүнийг чөлөөлөөд зогсоогүй, бодит эрх чөлөөг бий болгох, идэвхтэй, аливаад шүүмжлэлтэй, хариуцлагатай ханддаг бие хүнийг хөгжүүлэх үйлсэд асар их хандив оруулсан юм...

Юуны өмнө хувь хүний идэвх санаачлага капиталист эдийн засгийн хөгжлийн нэг үндэс болж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Нийгмийн хатуу дэгтэй, цэгцтэй тогтолцоонд хүн дор дорын байр суурьтай байдаг феодалын дундад зууны үеийг бодвол капиталист эдийн засгийн харилцаанд хүн бүр өөрийнхөө хичээл зүтгэлд дулдуйдан амьдрах учиртай болоод байна. Юу, яаж хийв, хожив уу, хохиров уу гэдэг тухайн хүнд л хамаатай болохоос биш бусдад хүртээлгүй ажээ. Хувийн идэвх санаачлагын зарчим бодгальчлах үйл явцад түлхэц болж байгаа нь тодорхой бөгөөд үүнийг орчин үеийн соёлын хөгжилд оруулсан чухал хандив хэмээх нь олонтой. Гэвч энэ зарчим "аль нэгнээс чөлөөлөгдөх..." -д түлхэц болж байвч хувь хүн бүрийн хоорондын харьцааг үгүйсгэж, анд нөхдийг салгахад бас үйлчилж байгааг анхаарах ёстой. 

Шинэтгэлийн үеийн эрдэмтэд хөгжлийн энэ хандлагыг онолын хувьд боловсруулсан гэж хэлэх үндэс бүрэн байгааг уншигч та харж байна. Католик шашны ёсоор хувь хүн, бурхан хоёрын харьцаа сүм хийдээр дамжин хэрэгжих ёстой. Сүм хийд холбогчийн үүрэг гүйцэтгээд зогсохгүй, хүмүүнийг хэсгийн төлөөлөгчийн хувьд ажил үйлдлийг нь хязгаарлан бурхны нэрийн өмнөөс асуух үүрэгтэй байв. Харин протестант үзэл ёсоор хувь хүн, бурхан хоёр нүүр тулах учиртай болсон. Лютерийн баримтлалд итгэл үнэмшлийн тухай ухагдахуун дэндүү өрөөсгөл байсан бол Кальвины номлолд хайр ивээлд багтах хэмээх ухагдахуун мөн тийм шинжтэй байдаг...

Уг нь капиталист эдийн засгийн тогтолцооны үеийн зожигрох донгийн тухай ярих хэрэггүй, ойлгомжтой зүйл л дээ. Эдийн засгийн зожигорхлын нөлөөн дор хувь хүний ганцаардал ихэснэ гэдэг эргэлзээтэй санагдаж болох юм...

 Хүн сүүлийн дөрвөн зуунд өөрийнхөө төлөө болон тавьсан зорилгодоо хүрэхийн тулд маш ихийг хийсэн. "Хүн" гээд байгаа ухагдахууны дор "хөдөлмөрчин" "үйлдвэрлэгчийг" биш, өөрийн гэсэн сэтгэл хөдлөл, оюуны чадавхтай эгэл нэгэн бодгалыг авч үзвэл зорилго хэмээн тодорхойлоод байгаа тэр зүйлс үнэндээ зорилго биш санагддаг юм. Капитализмын нөлөөн дор хувь хүн бие даахын зэрэгцээ өөрөө өөрийгөө үгүйсгэсэн, даяанч байдалтай амьдрал руу шилжих болсныг  хэлэх хэрэгтэй..

Энэ санааг тодруулахын тулд зарим нэг зүйлийг эргэж харъя. Дундад зууны үед хөрөнгө хүний мэдэлд байсан бол одоо хүн хөрөнгийнхөө боол болчихоод байна...

Капитализмын үед эдийн засгийн үйл ажиллагааны амжилт, ашиг орлого л хамгийн гол зорилт болж хувирсан. Эдийн засгийн тогтолцооны өсөлтийг хангах, эд хөрөнгө арвижуулахад л хүний амьдралын зорилго оршихоос биш өөрийн аз жаргалд чиглэхээ нэгэнт больжээ. Хүн эдийн засгийн аварга машины эрэг боолт төдий болчихоод байна. Хүн хөрөнгө ихтэй бол бул, үгээгүй хоосон бол боолт, аль ч тохиолдолд өөртөө хамаагүй зорилгод үйлчилдэг машины эрэг, шураг болчихоод байна...

Ашгийн төлөө зүтгэж олсноороо дахин хөрөнгө оруулж, дахин ашиг олж, өссөн ашгаараа дахин хөрөнгө оруулалт хийх гэх мэтээр үргэлжилж байна. Мэдээж тансаг амьдрал, чамин сайханд мөнгө цацаж, ашгаа савируулдаг баячууд ямар ч цаг үед байдаг. Гэхдээ л капитализмын сонгодог төлөөлөгчид мөнгөө үрж биш, ажиллаж л цагийг нөхцөөдөг юм. Хөрөнгөө хэрэгцээндээ үрж биш, нөхөн үйлдвэрлэлд оруулах замаар арвижуулах энэхүү зарчим орчин үеийн үйлдвэрлэлийн салбарын өнөөдрийн агуу их амжилтад хүрэх урьдчилсан нөхцөл болсон юм...

Нийгмийн үйлдвэрлэх хүчний энэ өсөлтийн ачаар л бид түүхэнд анх удаа амьдралын наад захын хэрэгцээг хэрхэн хангахад санаа тавьж үхэлдэн зүтгэхгүй байж болох ирээдүйг төсөөлөхтэй болоод байна. Энэ утгаар авч үзвэл хөрөнгө хуримтлуулахын төлөө эл зарчим хүн төрөлхтөний хөгжилд нааштай, асар их нөлөө үзүүлсэн нь үнэн. Харин сөрөг тал нь гэвэл хүнийг бие хүний хүсэл сонирхлоос ангид зорилгын төлөө зүтгүүлж, машины эрэг шураг төдий болгосноор өөрийн өчүүхэн, арчаагүй доройг нь алхам тутамд улам хурц мэдрүүлэх болсонд оршино. Хүн их хөрөнгөтэй бол бул, үгүй бол эрэг. Өөрөөр хэлбэл аль ч тохиолдолд өөрөөсөө ангид гадны нэгэн зорилгод үйлчилдэг машины их, бага эд анги болоод байна. Энэ байдалд орох бэлтгэл чухамдаа Шинэтгэлийн үед хийгджээ. Магадгүй өөрсдийн номлолыг хүмүүнийг ажил хөдөлмөрөөр цаламдан сорон мөлжих үйлдлийг зөвтгөх үндэс болох юм гэсэн санаа Лютер, Кальвин хоёрт байгаагүй байх л даа. Гэхдээ хэргийн явцаар амьдралаас дээр орших эрхэм дээд зорилгоор далайлган хүний ёс суртахууны тулгуур багана болох бахархал, нэр хүндийг үгүйсгэн, түүгээр ч зогсохгүй хувь хүний хичээл зүтгэл ахуй амьдралд ямар ч үүрэггүй хэмээн номлосноор ийм үр дүнд хөтлөсөн хэрэг.

Бид өмнөх бүлэгт Лютер хүнийг төрөхийн бузартсан амьтан учраас энэ насандаа яаж зүтгээд ч хэрэггүй гэж сургадаг тухай өгүүлсэн. Тэгвэл Кальвин эл санааг эш үндэс болгон хүн бардам зангаа дарж, бурхны яруу алдрыг бататгахын төлөө амь биеэ зориулах ёстой, ер нь хүнд хувийн зорилго гэж байх ёсгүй хэмээн номлосон. Хүмүүн ингэж өнөөгийн нийгэмд өөрт ногдож байгаа амаргүй ачааг үүрэх сэтгэл зүйн бэлтгэлтэй болжээ. Хэрэв хүмүүн эдийн засгийн машины эрэг шураг төдий үүрэгтэй боол болох замаар бурхны суу алдрыг магтан дуулахад бэлтгэгдэж, харин бурхан тэнгэр өргөн олон шавь нараа энэрч хайрлах, цэх шударгыг баримтлахдаа цалгардах аваас "фюрер" гарцаагүй төрнө.

Бид өдий болтол өөрийн хөрөнгөтэй, түүнийгээ ашиг болгон хувиргаад үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийх чадвартай хүмүүсийн тухай ярилаа. Энэ хүмүүс бол хөрөнгөө арвижуулахыг амин чухал хэрэгцээ болгосон улс. Тэгвэл өөрийн гэх хөрөнгөгүй, биеийн хүчээ үнэлэн амьдрахаас өөр боломжгүй улсын хувьд байдал ямар байгаа хэрэг вә? Тэдний бодол санаа үндсэндээ ижил байсан нь удаах байдлаар илэрнэ. Нэгдүгээрт: эгэл хүмүүсийн хөлсний хөдөлмөрийн амжилт зах зээлийн хууль, өсөлт бууралт, ажил олгогчийн гарт байгаа үйлдвэрийн технологийн дэвшилтээс шууд хамаарна. Хөлсний хүмүүсийн хүчийг ажил олгогч этгээд удирдан зохицуулдаг болохоор даган захирагдвал зохих засаглалын дээд оргил нь мөн тэд болж байдаг ажээ. Ажилчдын дунд иймэрхүү сэтгэгдэл XVIII зууны эцсээс эхлэн XIX зууны турш ноёлж байлаа. Харин Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөн үүссэнээс эхлээд байдал өөрчлөгдөж ажилчид идэвхгүй хэсэг биш болсон.

Ажил олгогчоос ийнхүү шууд буюу хувийн талаар хараат байдаг нь үнэн боловч хөрөнгөлөг хэсгийн нэг адил өнөөх хүний хүсэл сонирхлоос ангид зорилгод тэмүүлж байсан юм. Аль ч нийгэмд манлайлагч хэсгийн хүсэл зорилгоор соёлын үзэл санаа тодорхойлогддог жамтай болохоор гайхах зүйл биш л дээ...

Өнөө болтол бид капиталист үйлдвэрлэлийн арга хүнийг өөртөө хамаагүй зорилгын төлөө тэмцэгч зэмсэг болгон хувиргасан, Шинэтгэлийн үеийн сургаалиар суурь нь тавигдсан даяанч, өөрийгөө голох үзэл санааг хөөрөгдсөн тухай өгүүллээ. Орчин үеийн хүнийг ажил үйлсэд түлхдэг сэдэл нь биеэ золин, өөрийгөө умартан зүтгэх хичээл зүтгэл биш, аминч атгаг санаа гэдэг нь тодорхой, үүнийг яаж тайлбарлах вэ? Хувийн эрх ашгаа огоорон тэмцэх тухай протестантын сургааль, орчин үеийн аминч үзлийн баримтлал хоёрын чухам аль нь үнэнд ойр байна вэ? Макиавеллийн хэлсэнчлэн аминч үзэл бол хүний зан чанарыг хөтлөгч гол хүч учраас ёс суртахууны аливаа хэм хэмжээнээс дээгүүр тавигддаг. Үүний нэг нотолгоо нь хүн эд хөрөнгөнөөсөө салснаас эцгээ алдахыг илүүд тооцдог явдал мөн. Өөрийгөө умартан, золих явдлыг үзэл сурталжсан баг байсан, түүний цаана хүний жинхэнэ нүүр царай болох аминч, атгаг бодол нуугдаж байдаг хэмээн үзвэл энэхүү ойлгоход бэрх оньсогыг тайлахад амархан юм биш биз? Ингэж үзэх нь үнэнд ойрхон байж болох боловч бүрэн дүүрэн хариулт гэж бид үзэхгүй. Чухам учрыг олохын тулд аминч үзлийн сэтгэл зүйн үндсийг  /1939 онд бичсэн "Аминч үзэл ба өөрийгөө хайрлах явдал" хэмээх нэгэн өгүүлэлдээ зохиогч эл асуудлыг дэлгэрэнгүй авч үзсэн байдаг/судлах хэрэгтэй болно.

Эх сурвалж: “Эрих Фромм. Эрх чөлөөнөөс дайжихуй”

Орчуулагч Н.Пүрэвдагва, С.Туяа 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 106 (6838)