Ч.ГАНТУЛГА

Урлагаар хүмүүжсэн хүүхэд сэтгэл зөөлөн аливааг гэгээлгээр хардаг, хүнлэг энэрэнгүй болж өсдөг билээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь авьяасыг нь хөгжүүлж, сонгодог урлагаар хичээллүүлэхийг чухалчилдаг болсон. Энэ удаагийн “Сонгодог урлаг” буландаа хүүхдийн урлагийн боловсролд зриулсан бүтээлүүдийн тухай онцлохоор бэлтгэлээ.

 

Шитэд үлгэр “Үнсгэлжин”

Хүүхэд бүхний хамгийн сайн мэддэг үлгэр бол “Үнсгэлжин”. Тэгвэл энэхүү үлгэрийг бүжгэн жүжиг хэлбэрээр Монголын тайзнаа тавьж байсан юм. Тодруулбал 1972 онд ОХУ-ын мэргэжилтэн В.Захаровын дэглэн найруулснаар “Золушка” нэрээр манай тайзнаа анх амилжээ. Үүнээс хойш дахин тоглоогүй байсан тус бүтээлийг балетмейстер Э.Долгормаа 2016 онд бяцхан багачууддаа зориулж дахин шинэчлэн найруулсан юм. Э.Долгормаагийн хувьд Москвагийн Театр урлагийн сургуулийг төгссөн мэргэжилтэн. Азтай ч гэмээр тохиолоор буюу дөрвөн жилд нэг удаа ирдэг хуваарийн эзэн болжээ. Тэрбээр дэлхийн сонгодог урлагийн шилдэг уран бүтээлчдийн тоглолтыг дэргэдээс нь үзэж, сонгодог урлагийн домог болсон багш нараар хичээл заалгаж  байсан азтай уран бүтээлч. Э.Долгормаа анх дипломны ажлаараа “Үнсгэлжин” бүжгэн жүжгийг сонгосон нь ийнхүү хүүхэд багачуудын үзэх дуртай балет болон үлджээ.

 

Багачуудын мөрөөдөл “Увидаст эгшиг”

Дараагийн онцлох бүтээл бол “Номадик” продакшны бүтээл “Увидаст эгшиг” бүжгэн жүжиг юм. Энэхүү бүтээл нь Соёлын яамнаас зохион байгуулсан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд яамны дэмжлэгтэйгээр нээлтээ хийсэн юм. “Увидаст эгшиг” бүжгэн жүжигт бяцхан хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, гэнэн дэврүүн зангийн тухай өгүүлдэг аж. Энэхүү бүтээлд “Номадик” продакшны уран бүтээлчдээс гадна бүжгийн урлагаар хичээллэдэг авьяаслаг багачууд дүр бүтээж оролцсон билээ. Тэдгээрээс хамгийн балчир бүжигчдийн нэг нь 10 настай М.Эмүжин охин байсан юм. Тэрбээр дэлхийд алдартай балетчин болох мөрөөдөлтэй аж. Үүнийхээ тухай “Би анх зурагтаар балет бүжиглэж байгаа хүмүүсийг хараад тэдэн шиг бүжигчин болъё гэж бодох болсон. Увидаст эгшиг бүжгэн жүжигт бүжиглэснээр мөрөөдлийнхөө багахан хэсгийг биелүүлэх шиг боллоо” гэж сэтгэгдлээ хуваалцаж байсан юм.

 

Шинэ жилийн үдэш “Цөмөөхэй”

Зул сарын өмнөх үдэш байв. Ноён Сильберхаусынд Клара охин дүү Фрицийн хамт ирэх зочдыг хүлээн догдолно. Энэ үеэр охины загалмайлсан эцэг, хүүхэлдэй урлаач Дроссельмайр Кларад самар хагалагч, модон хүүхэлдэй Цөмөөхэйг бэлэглэснээр үлгэр эхэлдэг. Бяцхан модон хүүхэлдэй охины зүүдний ертөнцөд амилж, тэд санаанд оромгүй олон адал явдалтай учирна. Шинэ жилийн баярыг “Цөмөөхэй” балетгүйгээр төсөөлөхийн аргагүй.  Энэхүү хүүхдийн бүжгэн жүжгийг мэдэхгүй хүүхэд ховор бизээ. “Монголын балетын хөгжлийн сан”-аас уламжлал болгон тоглосоор 10 гаруй жил болжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 102 (6834)