П.АМГАЛАНБАЯР

Дөнгөж төрсөн бяцхан хүүд “Гоша” гэсэн нэр бичсэн цаас өлгийн дээр нь тавьчихаж. Хүүд нэр хайрласан хүн бол түүний хүй барьж авсан Наташа Таракашина эмч. 1941 оны намар Увс аймгийн Хяргас суманд Жавзмаа гэх эмэгтэйн ууган хүүхэд нь болж мэндэлсэн хүү бол өдгөө Монголын кино телевизийн нэрт зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Түдэвийн Гоош гуай юм. Тэрбээр “Гологдсон хүүхэн”, “Мандухай сэцэн хатан”, “Нүгэл буян”, “Аман хуур” киноны ерөнхий зураачаар ажилласан нэгэн. Түүнийг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урьж, кино мэт адал явдлаар дүүрэн, өнгө будаг хосолсон амьдралынх нь замналаар аяллаа. Кино зураач зохиолоо уншаад түүнийг дэлгэцийн бүтээл болгож хүмүүст хүрэх бүх орчин, агшинг буулгаж, уран бүтээл төрдөг. Зураач хүн тухайн үеийн орчныг дэлгэцэнд хэрхэн буухыг бүхнээс түрүүлж харах ёстой. Жүжигчдийн хувцас, орчин, жижиг эд хэрэглэл нь кино зураачийн ур ухаанаас урган гардаг гэхээр гайхалтай санагдана.

ЭЭЖИЙНХ НЬ ӨГСӨН ҮНЭ ЦЭНТЭЙ БОГИНОХОН ХАРАНДАА

Т.Гоош 12 настайдаа.

Ээж Ө.Жавзмаа нь айлын сарлаг хариулан амьдралаа залгуулдаг байж. Харин хүүгээ төрсөн жил орос эмч эмнэлэгтээ сувилагчаар ажиллах санал тавьснаар асрагчаар ажлын гараагаа эхэлжээ. Удалгүй ээжийнх нь төрсөн ах болох Ө.Түдэв ирж, тэр хоёрыг Улаанбаатарт авчирчээ. Хотод ирснийхээ дараа ээж хүү хоёр ахындаа хэдэн жил амьдарсан байна. Нэг гэрт хамт амьдарч дассан учраас Т.Гоош Ө.Түдэв ахыгаа ааваа гэж дууддаг болж. Т.Гоошийг сургуульд ороход ээж нь нагац ахынх нь нэрээр овоглосон түүхтэй. Түүнийг сургуульд орсны дараа буюу 1950-аад оны дунд үеэр гадаад нэртэй хүүхдүүдийн нэрийг сольж, монгол нэр өгч байлаа. Тэгээд багш нь түүнд монгол нэртэй болох даалгавар өгөөд маргааш нь хэн гэж өгсөн бэ хэмээн асууж. Тэгэхээр нь сандарсандаа Хүрэлбаатар гээд хэлчихэж. Тэгсэн хүүхдүүд, багш нар нь шинэ нэрээр нь дууддаггүй гэнэ. Тэгэхээр нь нэг өдөр багшдаа “Би хуучин нэрээрээ байж болох уу” гэж асуув. Түүний хэлэхийг сонссон багш нь бодож байснаа Гошаг Гоош болгожээ. Удалгүй ээж хүү хоёр өрх тусгаарлаж, дөрвөн ханатай гэр авч, зусланд гарчээ. Түүний хүүхэд насны хамгийн сайхан дурсамжуудын нэг бол зусланд өнгөрүүлсэн цаг хугацаа.  Т.Гоошийг хамгийн анх зурагт дуртай болгосон хүн бол морь их сайхан зурдаг н.Лувсанжамц хэмээх нэгэн байв. н.Лувсанжамц гуай энгэрээсээ харандаа гаргаж ирээд  түүнд морь зурж өгнө. Ингээд морь зурахыг хүссэн ч түүнд харандаа байсангүй. Нэг өдөр ээждээ “Би зураг зурмаар байна. Надад харандаа аваад өгөөч” гэжээ. Ээж нь ажлаасаа ирэхдээ богинохон харандаа авчирч өгөхөд ихэд баярлаж, дуртай зургаа зурсан нь түүний амьдралын анхны замнал байлаа. Тэрбээр өдөр нь гадуур гарч усны гудамж, цаана нь байх гүүрэн дээр очно. Гэртээ ирээд харснаа зурдаг хүүхэд байв.

Т.ГООШИЙГ АМЬДРАЛД ХӨТӨЛСӨН АХ ДҮҮ ЗУРААЧ БАГШ

Т.Гоош гуай 1958 онд Пионерийн ордон байгуулагдахад Төрийн шагналт О.Цэвэгжав багшийн дугуйланд суралцсан ууган шавь нарынх нь нэг. Тэрбээр багшаасаа  зураг хэмээх зүйлийн мөн чанар, арга барилаас гурван жил суралцаж, онц дүнтэй төгсөж байжээ. Нэг өдөр багш нь түүнийг “Хоёулаа хамт манайд очно шүү” гэжээ. Тухайн үед О.Цэвэгжав багш “Азарганы ноцолдоон” хэмээх  агуу бүтээлээ зурж байсан үе. Тэднийг гэрт ороход багш нь зургаа харж зогсож байснаа будгаа найруулж, наад талын азарганы нүдний дотор талд нь хоёр гуравхан улаан зураас тавихад тэмцлийн гал бадрах шиг л болж. Т.Гоошийн хувьд энэ бүхэн гайхалтай санагдаж, уран зургийн гайхамшигт шимтэн дурлах болжээ.

Тэрбээр 1961 онд Пионерийн ордны зургийн дугуйлангаа улаан дипломтой төгсөж, Х ангиа дүүргэжээ. Т.Гоош хүсэл мөрөөдлөө дагаж И.Репинийн академид сурах гэгээн хүсэл өвөртөлж явлаа. Дэлхийн алдартай сонгодог уран бүтээлчдийн номыг их цуглуулна. Зав гарахаар түүнийгээ сөхөөд суучихна. Тэгээд энэ тухайгаа О.Цэвэгжав багшдаа хэлэхэд “Чи гадагшаа сургуульд явж болохгүй. Би ээжтэй чинь уулзсан. Чамайг байхгүйд танайхаар очсон. Амьдрал чинь хүнд байхад ээж, дүү нарыгаа орхиод явж болохгүй. Ажил хийж дээд сургуульд орох хэрэгтэй. Би чамд ажил олж өгнө. Хүн амьдрал үзэж байж илүү их зүйлийг сурдаг юм” хэмээн учирлан тайлбарлаад “Өнөөдөр манайд очно шүү” гэжээ. Учир нь О.Цэвэгжав багшийн төрсөн дүү Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Мягмар Бүх холбоотны кино урлагийн дээд сургуулийг төгсөх дипломны ажлаа хийхээр Монголд иржээ. Тэрбээр дипломын ажлаа “Гологдсон хүүхэн” уран сайхны киногоор хийхээр төлөвлөсөн байж. Энэ үед О.Цэвэгжав багш Т.Гоошийг босгоод  дүүдээ “Би чамд бэлэг бэлдсэн” гэжээ. Дүү нь гайхахад ах нь “Би энэ хүүхдийг гурван жил сургасан. Одоо чи мэргэжлийн зу­раач болгоод аваарай” гэв. Тэр үед О.Мягмар багш нь түүнийг гурав хоно­гийн дараа Кино үйлдвэр дээр яваад очоорой гэж. Ингэж л Т.Гоош ах дүү хоёр зураачийн ур ухаанаас су­рал­цах том хувь тавиланг атгасан юм.

АЖЛЫН ГАРААГАА ОЁДОЛЧНООС ЭХЛЭВ

Хөхөө дүрийн пробд орсон нь.

Т.Гоошийн анхны уран бүтээл нь “Гологдсон хүүхэн” уран сайхны кино. Х ангиа төгссөн 18-хан настай түүнд ажлын гараагаа Монголын кино урлагийн сор уран бүтээлчидтэй эхлэх аз тохиожээ. Тэрбээр багшийнхаа хэлснээр гурав хоногийн дараа кино үйлдвэрт очлоо. Тэгсэн О.Мягмар багш түүнийг дагуулж О.Чимэд-Осор гуайтай уулзуулжээ. Багш нь О.Чимэд-Осор гуайг “Щукарь” гэж дуудах аж. Тэгснээ “Найруулагчаа, би дагалдан зураачаа олсон” гэжээ. Тэгсэн “Дагалдан зураачийн орон тоо батлагдчихсан” гэв. Үүнийг сонссон Т.Гоош ихэд сандарсан гэдэг. Ингээд сургууль, ажил ч үгүй хоосон хоцрох вий дээ гэж бодогдоно. Тэгсэн Т.Гоошийг гараад сууж бай гэжээ.  Удалгүй багш нь гарч ирээд “Чамайг оёдолчноор авахаар боллоо” гэсэн үгийг сонсоод ихэд гайхжээ. Тэгсэн багш нь “Оёдолчин нэртэй л болохоос биш туслах зураачаар ажиллана” гэжээ. Тэгээд түүнийг хэд хоног оёдлын хэсэгт ажиллаад  юу хийдгийг хар гэснээр сампин зангидаж, товч шилбийг оёод сурчихаж. Ингээд удалгүй О.Чимэд-Осор найруулагч дуудаж түүний үндсэн туслах зураачийн ажил эхэлсэн байна. Гэхдээ түүнд зураачийн ажил нь төсөөлж байснаас нь их өөр санагдав. О.Мягмар багш нь зохиолоо уншиж, сцен нэг бүрт шаардлагатай хувцас, жижиг хэрэгслийн жагсаалт гаргаж өгнө. Мөн багшийнхаа өрөөнд орж зурж байгааг харж зогсоно. Зургаа хэрхэн зурж, өнгө гаргаж, багаж хэрэгслээ ашиглаж байгааг хараад ихээхэн дуртай байв.

АНХНЫ ЦАЛИНГАА АВЧ, ЭЭЖДЭЭ СУРАН БҮСЭЭР ОРООЛГУУЛЖЭЭ

Тэв Тэнгэр зайрангийн  хувцасны эскиз.

Ээж нь Т.Гоошийг зураач болно гэхэд огт дургүйцэлгүй, өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хийхийг зөвлөдөг байж. Нэг өдөр Т.Гоошийг О.Чимэд-Осор найруулагч дууджээ. Өрөөнд нь ортол их л ууртай сууж байна. Тэрбээр “Чи яасан задарсан хүүхэд вэ” гээд загнахад ихэд сандарчээ. Гэтэл “Яахаараа мөнгө авдаггүй юм бэ.  Зургаан сар цалингаа аваагүй байна шүү дээ. Одоо очиж цалингаа аваад ээждээ аваачиж өг. Тэгээд Соёлын сайд н.Болдтой уулзаарай” гэж. Тэгээд санхүү рүү ороход нягтлан н.Дамдин “Чи яасан сонин хүүхэд вэ, цалин мөнгөө авдаггүй”  гээд түүнд сард 250 төгрөгийн цалин авах ёстойгоос суутгал нь хасагдаад 240 гаруй төгрөг буюу 1200-гаад төгрөгийг тоолж өгчээ. Анх удаа ийм их мөнгө барьж үзэж байгаа түүний гар нь чичрээд явчихав. Гэртээ очоод ээждээ өгтөл “Олон янзын хүмүүстэй нийлээд яваад байгаа юм уу” гээд түүнийг сураар хоёр ороолгожээ. Тэгэхэд нь “Би цалин авахаа мэдээгүй явсан  юм аа. Тэгсэн өнөөдөр намайг дуудаад өглөө” гэж учирлан тайлбарласан гэдэг. Ингэж ээжийнхээ ачийг бага ч болов анх удаа хариулсан хэмээн ярих түүний нүдэнд гуниг торно. 

Ээждээ цалингаа өгсний дараагаар Соёлын яаман дээр очиж н.Болд сайдтай уулзахад “Чи кино үйлдвэрээс яваа Гоош мөн үү. О.Чимэд-Осор найруулагч чамайг “Нүгэл буян” киноны ерөнхий зураачаар ажиллуулах санал өгсөн. Чи чадах уу” гэжээ. Тэгэхэд нь баярлах, гайхах зэрэгцэж “Чадах зүйлээ хийнэ дарга аа” гэж. Ингэж сурагчийн ширээнээс дөнгөж холдсон хүү Монголын сор болсон найруулагч, жүжигчдийн хамт тэр тусмаа киноны ерөнхий зураачаар ажиллах том үүрэг өвөртөлжээ. О.Мягмар багш түүнд өөрийнхөө өрөөний хажууд жижигхэн өрөө гаргаж өгчээ.

Тэрбээр өөрийн өрөөтэй болсондоо ихэд баярлаж. Тэгээд өрөөндөө суугаад О.Мягмар, н.Цогзол багшийнхаа уран бүтээлээ туурвиж байсныг бодож, анхны ерөнхий зураачаар ажиллаж буй “Нүгэл буян” киноныхоо зохиолыг бодож, сцен бүрийн эскизийг зурж эхэлжээ. Ингээд Т.Гоош дүрүүдийнхээ хувцасны зургийг гаргаж, оёдолчноор хийлгэж, ажил овоо урагшилж байв. Нэг өдөр найруулагч О.Чимэд-Осор гуай түүнийг дуудаж “Өнөөдөр жүжигчид ирж хувцсаа өмсөж үзнэ” гэжээ. Ийн тэрбээр кино урлагийн сор болсон уран бүтээлчидтэй уулзах гэж байгаадаа сандарч, догдолж байв. Хэдий киноны ерөнхий зураач нэртэй ч 19 настай амьдралд дөнгөж хөл тавьж байгаа түүнд бүх зүйл гайхалтай санагдана. Тэгсэн найруулагч нь “Нэдүгээр эмнэлэгт Ц.Цэгмид хэвтэж байгаа. Очоод аваад ир” гэхэд нь кино үйлдвэр дээр авчираад жүжигчний өрөөд оруулж өгөөд малгай, дээлийг нь авчирч өгчээ. Тэгсэн Ц.Цэгмид гуай хувцасныхаа эскизийг үзээд “Чамд авьяас байна. Ном сайн уншаарай” гэж. Ийнхүү Т.Гоош “Аман хуур”, “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ерөнхий зураачаар ажилласан түүхтэй.

БҮХ ХОЛБООТЫН КИНО УРЛАГИЙН ДЭЭД СУРГУУЛЬД ОНЦГОЙРЧ ЯВСАН ОЮУТАН НАС

Ерөнхий зураач Т.Гоош зургийн талбай дээр.

Т.Гоош гадаадад сурах мөрөөдлөө биелүүлж Бүх холбоотны кино урлагийн  дээд сургуульд суралцахаар алтан Москваг зорилоо. Алсад сурахаар зорилго өвөртлөн яваа хүүгээ ээж нь галт тэрэгний буудлаас гаргаж өгөв. Шинэхэн оюутан  Москва хотод оюутны дотуур байранд амьдарч, зургаан сарын хэлний бэлтгэлд сурч байж шалтгалт авч нэгдүгээр курсэд элсүүлдэг аж. Сургуульдаа очтол 70 хүүхэд шигшиж бэлтгэл курсэд үлдээсэн. Үүнээс  20 оюутан элсүүлнэ гэжээ. Ингээд бэлтгэл курс нь дуусаж цааш үргэлжлүүлж сурах эсэхээ шийдэх шалгалт өгөхөөр болжээ.

Эхний шалгалтаа өгөхөд XVII-XVIII зууны үеийн тансаг хар хилэн дээл тавиурт тохоод, янз бүрийн сувдан чимэглэлүүд өрчихсөн зурахад хэцүү зүйлсийг бэлдчихсэн байж. Дараагийнх нь натур зураг нэг сарын хугацаанд зурах даалгавар өгчээ. Энэ бүхнийг хараад багш нарынх нь зурж байсан бүхэн санаанд нь тод буужээ. Тэгээд сарын хугацаатай даалгаврыг долоо хоногийн дотор зурчихаж. Тэгсэн багш нь “Иди домой” гэжээ. Тэгэхэд нь Т.Гоош сургуулиасаа хасагдчихлаа гэж ихэд сэтгэлээр унажээ. Найзууддаа “Намайг гэртээ харь гэсэн. Одоо яана даа” гэжээ. Очоод удаагүй болохоор орос хэл сайн ойлгохгүй. Тэгсэн багш нь Т.Гоошийг байрандаа очоод байж бай гэсэн байжээ. Удахгүй  шалгалтын дүн гарч тэнцээгүй 50 гаруй хүний нэрийг дуудаад “Та нар явж болно” гээд явуулчихаж. 20-оод хүүхэд танхимд үлдэж. Тэгээд шалгалтаа хамгийн сайн өгсөн оюутнуудын нэрийг дуудахад хамгийн түрүүнд “Тудев Гоош Отлично” гэжээ. Ингээд багш нарынхаа зааж сургасан олон зүйлийн ачаар Т.Гоош хүү гадаадын олон оюутнаас онцгойрсон юм. Түүнчлэн шалгалтын комиссоос түүнийг шууд хоёрдугаар курсэд элсүүлэхээр болжээ. Ийнхүү Т.Гоош Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль буюу  ВГИК-ээс кино телевизийн зураач гэсэн хос мэргэжлийн эзэн болоод эх орондоо иржээ.

МҮОНРТ-ИЙН 50 ЖИЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛЫГ ХҮҮРНЭХ Т.ГООШ

Т.Гоош эхнэрийн хамт.

Т.Гоош сургуулиа төгссөний дараагаар Кино үйлдвэртээ буцаж оръё гэсэн хэдий ч орон тоо байсангүй. Энэ үед Монгол телевиз байгуулагдаад гурван жил болж байсан үе. Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны дарга байсан н.Жалан-Аажав гуай түүнийг Орост сурч ирснийг мэдээд Монгол телевизийн ерөнхий зураач, гүйцэтгэх цехийн дарга гэсэн албан тушаалд томилжээ. Ийнхүү тэрбээр телевизийн салбарт 50 жил ажилласан байна. Мөн Радио телевизийн дээд сургуульд багшилж  хоёр анги төгсгөжээ.

Т.Гоош “Гайхамшигтай ур ухаантай багш нар болон намайг хүрээлж байгаа хамт олон, шавь нарынхаа буянд кино дэлгэцийн  бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзаж байна. Энэ бүхнийг би хэзээ ч ганцаараа хийж чадахгүй” хэмээн хуучлав. Мөн тэрбээр угсаатны судалгааг зөв хийж чадвал залуу үе, урлаг судалдаг уран бүтээлчдэд хөшүүрэг болдог гэдгийг харуулах гэж хичээдэг хэмээн ярьж байсан юм. Өөрийн амьдралын 60 гаруй жилийг урлагт зориулсан Т.Гоош туслах зураачаас эхэлсэн Монголын киноны мастер юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 102 (6834)