Ц.МЯГМАРБАЯР
“Зууны мэдээ” сонин уншигч, редакцын уулзалтыг сар бүр тодорхой сэдвээр явуулахаар төлөвлөж өнөөдөр анхны уулзалтаа хийв. Энэ удаагийн уулзалт Намрын мод тарих өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.Өөрөөр хэлбэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд бид тэрбумаар тогтохгүй мод тарьж амжих уу гэсэн хүрээнд асуудлыг хөндөж байна. Уулзалт тухайн сэдэвтэй холбоотой төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэний төлөөллийг оролцуулж өөрсдийн байр сууриа илэрхийлэх, санал, уриалга гаргах зорилготой юм. Уншигч, редакцын уулзалтад “Буяны зан үйлийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Аригуун, Улаанбаатар буян болон “Нью Семетри” компанийн М.Мөнхзаяа, Монголын Бурхан шашны Соёмбо сүмийн тэргүүн Б.Ариунбуян, “Суварга буян” компанийн захирал Г.Бямбадорж, Хүний эрхийн хамгаалагч, Тэрбум мод дууны зохиогч Монгол Улсын гавьяат багш С. Шаарийбуу. “Амгалан дэлхий” ТББ болон “Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн холбоо”-ны тэргүүн, сэтгүүлч Д.Даваадулам нар оролцов. Энэ удаагийн сэдэв “Зууны мэдээ" сонин нийтийн эрх ашгийн төлөөх эрэн сурвалжилга бүтээлээ “Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя” нэртэйгээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 30-ны дугаараар олны хүртээл болгосон.
Үргэлжлүүлээд “Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя-2” цуврал нийтлэлээ хүргэсэн. Эдгээр нийтлэлүүд хаврын мод тарих хөдөлгөөний өдрүүдэд нийтлэгдсэн. Нийтлэлийн агуулга нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зарлагдаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд 84 сая мод тарьжээ. Энэ жил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хоёр дахь шат эхэлнэ. 2021-2024 онд үндсэн бэлтгэл ажлаа хангасан тул энэ жилээс их хэмжээний талбайд бөөнөөр нь тарьж эхлэх юм. 2025-2027 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж 570 сая, гурав дахь шат буюу 2028-2030 онд 850 сая мод тарьж, ургуулна гэж төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван жил тарьсан нийт модны хэмжээг дараагийн гурван жилд долоо дахин, сүүлийн гурван жилд бүр 10 дахин нэмэгдүүлнэ гэсэн үг.
Тэгэхээр 2030 он гэхэд таван жилийн хугацаа үлдэж. Ийм их хэмжээний модыг таван жилд тарина гэхэд бодит байдал дээр биелэх магадлалтай юу гэдэг асуудал хөндөгдөж буй юм. Мөн үндэсний хөдөлгөөн эхэлсэн дөрвөн жилд 100 сая гаруй мод тарьжээ. Тэгвэл үлдэж буй хугацаанд нэг тэрбум 420 сая мод тарих төлөвлөгөө цаасан дээрээ үлдэх бололтой ийм дүр зураг харагдаж байгаа юм. Тэгэхээр нийтлэлийн агуулга Оршуулгын газрыг ойжуулъя, мөн Оршуулгын тухай хуультай болох эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай. Тиймээс Оршуулгын зан үйлд мод тарих үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлье гэдэг санаачилгыг өрнүүлж, олон түмэнд нөлөөллийн ажлыг хийх зорилгоор уншигчдын уулзалтаа хийв. Энэ уулзалтыг “Зууны мэдээ” сонин тодорхой сэдвээр сар тутамд өрнүүлж уншигчидтайгаа эргэх холбоогоо бэхжүүлэх, сонин уншигчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарахын зэрэгцээ тэдний санал, хүсэлт, юу уншихыг хүсэж байгааг мэдэхэд чиглэх юм.
Сэдэвтэй холбогдуулан оролцогчид байр сууриа илэрхийлэв.
С.Аригуун: Монгол Улсын оршуулгын зан үйл, өв соёлын мөн чанарыг бид судалж гаргах шаардлагатай
-Манай төрийн бус байгууллага олон нийтэд Оршуулгын зан үйл, өв соёл, уламжлалт ёс заншлыг орчин үеийн чиг хандлагатай уялдуулан зохион байгуулах, ойлгуулах, мэдээлэл өгөхөд чиглэж байна. Нөгөөтээгүүр, энэ салбар олон улсад оршуулгын үйлчилгээ гэсэн чиглэлээр хөгжиж байна. Тэгэхээр манай улс ч ялгаагүй энэ чиглэлд салбарын бодлого, дүрэм, журмыг өөрчилж, сайжруулах хэрэгцээ үүсэж байгаа юм. Түүнчлэн оршуулгын үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжлийн байгууллагуудад мод, бут, сөөг тарих үйлчилгээ үзүүлэх чиглэл барьж байна. Монгол Улсын оршуулгын зан үйл, өв соёлын мөн чанарыг бид судалж гаргаж ирэх зорилгоор зургаа дахь жилдээ Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Ингэснээр орчин үеийн технологижсон сэтгэлгээг уламжлалт өв соёл, зан заншилтай хэрхэн уялдуулж бүтээгдэхүүн үйлчилгээнд өөрчлөлт оруулах вэ гэдэг бидний гол зорилго. Бусад орнууд Оршуулгын тухай бие даасан хуультай. Тиймээс Оршуулгын тухай хуультай болох саналаа нийслэлд төсөл хэлбэрээр хүргэсэн. Удахгүй Засгийн газарт танилцуулахаар зорьж байна. Ер нь Шашны нөлөө ихтэй газар энэ асуудлыг ёс зүйгээр зохицуулагддаг юм билээ. Манай улсын хувьд шашны нөлөө багатай ч мөн эрх зүйн зохицуулалт зайлшгүй л шаардлагатай. Түүнчлэн дендорлогич Б.Чимэд арчилгаа бага шаарддаг мод бол хайлаас гэдэг. Энэ утгаараа оршуулгыг газрыг бортогтой хайлаас мод тарих нь хамгийн зөв. Үүнтэй бол санал нэг байна. Хайлаас бол 150 жилийн настай маш их өтгөн, өндөр ургадаг гэдгээр хамгийн зохиомжтой.
М.Мөнхзаяа: Нийгмийн тодорхойлогч хүчин зүйлийн нэг нь бурхан болоочоо хэрхэн нутаглуулснаар үнэлэгдэнэ
- Нийгмийн тодорхойлогч хүчин зүйл нь бид бурхан болоочоо хэрхэн оршуулах вэ гэдгээр бас үнэлэгддэг. Жилд 18 мянган хүн бурхан болж байна. Улаанбаатар хотод 19 орчим хувь нь чандарладаг. Байгалийн хязгаарлагдмал нөөцийг хэмнэе гэвэл чандарлах нь зүйтэй. Ер нь жилд нас барж байгаа хүний тоогоор нэг мод тариад байвал тэрбум мод тарих руу бид дөхнө. Тэгэхээр манай үйлчилгээнд асар их нөөц боломж байгаа. Бид саяхан Далан давхар оршуулгын 63.9 га газрын дата бааз үүсгэх ажлыг Нийслэл болон Чингэлтэй дүүрэгтэй хамтран хийсэн. Нөөцгүй болж хаасан энэ газрын 66 хувь нь эвдрэлд орсон байсан. Ер нь бол хогийн цэг болсон дүр зурагтай. Гэхдээ бурхан болоочийнхоо мэдээллийг энэ дата баазаас хайхад шууд гарч ирнэ. Оршуулгын газрыг ойжуулах ажил зөв зүйтэй санаачилга юм.
Б.Ариунбуян: Түүхэн болон жирийн иргэдийн шарилд хүндэтгэлтэй хандах нь Монголын буян заяанд өлзийтэй
- Бид оршуулгын зан үйлийг нэлээд эмх замбараагүй хийж ирсэн. Харин ч мэргэжлийн байгууллага бий болсноор буяны зан үйлийг богино хугацаанд орчин цагтай хөл нийлүүлсэн үйлчилгээний хэлбэрт оруулсан. Үүнийг ч иргэд маш эергээр хүлээн авч байна. Бид их хэлмэгдүүлэлтэд өртсөн шарилаас 570 яс гаргаж бунхлах зан үйл хийсэн. Одоо ч гэсэн түүхэн болон жирийн иргэдийн ясанд маш хүндэтгэлтэй, эерэг зан үйлээр хандах нь Монголын буян заяанд өлзийтэй. Мэргэжлийн байгууллагууд энэ өнцгөөс нь харах хэрэгтэй.
С.Шаарийбуу: Зэд авах гэж явахаар арван мод тарья
-Нүүдэлчин монголчууд хэзээний мод тарьдаггүй онцлогтой. Гэхдээ байгаль чамайг бий болгосон юм чинь чи эргүүлээд байгальд өгдөг байх ёстой. Энэ нь мод тарьж л хариу барина. Хүүхэд төрөхөд мод тарих хэрэгтэй. Мод тарихыг тархинд нь суулгая. Мод өвөл тарьдаггүй. Тэгвэл өвөл хүн нас барлаа гэхэд хавар мод тарих санд мөнгө төвлөрүүлдэг байх. Түүнчлэн архи тамхины онцгой албан татварын таван хувийг нь мод тарихад яагаад зарцуулж болохгүй гэж. Хортой зүйлийг хоргүйжүүлэх зүйлээр сольж мод тарья. Зэд авах гэж явахаар 10 мод тарьчих. Тэрбум мод дуу сонсогдоход хүрзээ бариад модоо тарьдаг жижигт дадъя.
Д.Даваадулам: Уншигч, редакцыг холбосон энэ уулзалтыг сэргээж байгаа Зууны мэдээ сониныхонд талархаж байна
-Арван жилийн өмнө мод тарих сэтгэхүй их өөр байжээ. Ор нэр төдий ч гэх үү. Тэгвэл өнөөдрийн тухайд сэтгэлгээ их өөрчлөгдсөн байна. Өнөөдөр би нутагтаа 3000 мод тарьсан. Хэдийгээр бага сонсогдох хэдий ч хувь хүний тухайд их санагдаж байна. "Зууны мэдээ” сонин уншигч, редакцын уулзалтыг сэргээж байгаад баяртай байна. Сэтгүүлчид бид бичээд орхих биш. Эргэх холбоог бий болгож нийгэмд нөлөөллийг үзүүлж байнга гарц, шийдлийг хайж нийгмийн ой санамжид байлгах хэрэгтэй. Энэ үүргээ биелүүлж ажиллаж байгаа нь бусад хэвлэл мэдээллийнхэнд үлгэр дуурайлал болж байна. Бурхан болоочдоо зориулж мод тарих хамгийн зөв шийдэл.
Г.Бямбадорж: Хаагдсан газрын булшийг тоолж, ил гаргаж хор нөлөөг бууруулж бунхлах, чандарлах шаардлагатай
-Манай компани арван жилийн хугацаанд 10 мянган мод тарьсан. Тарих амархан ч ургуулах нь их хэцүү. Оршуулгын газрыг ойжуулахад лам нарын оролцоо, нөлөөлөл их чухал. Тэд бурхан болоочийн алтан савыг нээхдээ мод тариарай гээд хэлчихэд буруудах зүйл байхгүй. Хамгийн гол нь бидний харилцан ойлголцол мод тарих үйлийг холбож өгөх шаардлагатай байх. Үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд мод тарих багцыг сонголтоор гаргасан байдаг. Хөдөө орон нутгийн оршуулгын цэгийг хашаалаад мод тарих хэрэгтэй. Учир нь мал, амьтан сүйтгэхгүй байхад хамгаалалт болно. Хот, сууринд ялангуяа нөөц нь дууссан газар булшийг тоолж, ил гаргаж хор нөлөөг бууруулж бунхлах, чандарлах нь эрүүл аюулгүй байдал талаас чухал. Тиймээс эрх зүйн орчныг сайжруулах, бие даасан Оршуулгын тухай хууль гаргах нь зүйтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 196 (7693)