Д.Дарамбазар

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилал зүйн лабораторийн Докторант Г.Бүрэнбаатартай  мөөг экосистемийн тэнцвэрт байдлыг хэрхэн хангадаг талаар ярилцлаа.

 

-Та сүүлд хийсэн судалгааныхаа талаар танилцуулахгүй юу?

-Миний хувьд мөөгний ангилал зүй буюу хүмүүсийн мэддэг дүлий мөөгний молекул генетикийн талаар ХААИС-д судалгаа хийж байна.

-Дүлий гэхлээр ямар төрлийн мөөгийг хэлдэг юм бэ?

-Дүлий мөөг нь 2013 онд Улаан номд орсон. Эмийн зориулалттай. Байгальд ховордож байгаа мөөг. Мөөг нь хүнсний, хортой, эмийнх гэж байдаг. Тэгвэл дүлий мөөг нь хөгжлийнхөө бүхий л явцад аль алинд ордог. Нэг метрийн өргөнтэй ч ургадаг. Бяслаг шиг үед нь хүнсэнд хэрэглэж болно. Нунтаг болоод захаараа унасан үед спорон болон боловсордог. Энэ үед эмийн зориулалттай хэрэглэнэ. Ил шарх авсан үед цус булигнуулдаг учраас мөөгийг шарханд түрхэж хэрэглэж болдог. Мөн морины нуруунд түрхдэг байсан. Уламжлалт эм зүйн корпораци үүгээр хоромхон шиг тосон түрхлэг гаргаж авсан.

-Манай орны хувьд ямар  мөөг давамгай байдаг юм бол. Эдгээр мөөг нь бусад орны мөөгнүүдээс юугаараа ялгаатай вэ?

-Монголын мөөгний төлөөлөл бол талын цагаан юм. Цаг уурын эрс тэс байдлаас хамааран газрын гадаргаас дээш гарч ирж байгаа хэсэг нь чийг дулааны зохимжтой үеэс хамааран үрээ цацдаг бол тохиромжгүй үед хөрсний дор тайван хэлбэртэй хадгалагдаж байдаг. Мөөгний олон янз байдлын хувьд манай орон ядмагтаа ордог. Учир нь Финланд, Норвеги зэрэг чийглэг дулаан уур амьсгалтай газруудад манайхаас хэд дахин олон төрлийн мөөг бүртгэгдсэн байдаг.

-Мөөгийг экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Энэ тухай та тайлбарлаж өгөөч?

-Экосистемийг бие биеэсээ хамааралтай гэж үзвэл зарим нэг амьтан зүйлийг орлуулж болно. Гэтэл мөөг бол юугаар ч орлуулшгүй чухал хүчин зүйл. Учир нь мөөг хөрсөн дээр хөрсний сапродит буюу хөрс үүсэх процессод өөрөө оролцож азотоор баяжуулж байдаг. Ойд ургадаг чаг мөөг нь 30-40 настай торойсон хусан дээр ургана. Мөн хортон шавьж юмуу түймэрт өртсөний дараа ойд цэвэрлэгээ хийх  зориулалтаар ургадаг. Хэрэв унасан модон дээр мөөг ургаж, задалж байгальд нь шингээхгүй бол унасан модоор ой дүүрч залуу нялх моднууд ургах боломж хомсдоно гэсэн үг.

-Хүмүүс мөөгийг эрүүл мэнддээ хэрэглэх нь зөв үү. Хэрэглэх хэмжээ, тун гэж байдаг уу?

-Эмийн журмаар хэрэглэх нь зөв. Нөөцийн талаас авч үзвэл биологийн, үйлдвэрлэлийн нөөц гэж байдаг. Биологийн нөөцийг үйлдвэрлэлд ашиглаж болохгүй. Тодорхой хэмжээгээр тэнцвэртэй байдлаа хангах нөхцөлийг нь үлдээх хэрэгтэй.

-Мөөг ургамал хоёр юугаараа ялгаатай байдаг юм бэ?

-1729 онд Италийн Ботаник ангилахдаа спорт ургамлууд дотор мөөгийг оруулсан. Жишээ нь хаг, хөвд, замаг зэрэг ургамлуудын адил нууц байдлаар үрждэг хэмээн үзэж ангилснаар тухайн үеийн үзэл суртал одоог хүртэл арилаагүй хадгалагдаж байгаа гэсэн үг. Мөөгийг ургамал гэж үзэж болохгүй. Мөөгний аймаг гэж тусдаа ангилал бий. Гарал үүслийн хувьд 542 сая жилийн өмнө усанд үүсээд, 60-70 сая гаруй жилийн дараа хуурай газарт үүссэн. Үүний дараа амьтан үүссэн гэж үздэг.

-Бусад аймагтай ойрхон байдаг шинж нь хэрхэн илэрдэг вэ?

-Зөвхөн амьтны эсэд байдаг Хетин гэх бодис мөөгөнд байдаг. Энэ нь уурагт чанарын агууламжийг өндөр болгодог нь амьтантай илүү төстэй. Бид энгийнээр харахад ургамал шиг оршдог. Гэтэл ургамал шиг нарны гэрэл ус, фотосинтез явуулахгүйгээр амьтан шиг бэлэн органик хүнс тэжээл хэрэглэдгээрээ эрс ялгаатай.

-Хүнсэнд ашиглахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хүнсэнд хамгийн их ашиглагддаг хясаа мөөгний эмт чанарын тухай их олон судалгаа хийсэн байдаг. Дэлхийн II дайны дараа Германчууд идэвхтэй тарималжуулж хүнсэндээ хэрэглэж уургийн агууламжаа хангадаг байсан юм билээ.

-Манай улсад тарьж ургуулах боломж хэр байдаг вэ?

-Бүрэн боломж байгаа. Манайд худалдаалах тал дээр нөлөөлдөг хүчин зүйл нь урд хөрш том үйлдвэр байгуулаад бага үнээр их хэмжээгээр зарж байгаатай холбоотой.

-Аяллаар явж байхад мөөг гишгэгдэж, үхсэн нь ажиглагддаг. Тэгвэл мөөгтэй хэрхэн зөв харьцах ёстой вэ?

-Мөөгийг гишгэж алга болгохоос илүү арилжааны зориулалттай ашиглаж байгаа нь буруу харилцахад хүргэдэг. Жишээ нь малгайт мөөгийг авахдаа хүмүүс үндсээр нь ухаж авах нь буруу. Харин малгайных нь доогуур огтолж авснаар бэлгийн бус үржлээр хөрсөндөө хадгалагдаж үлддэг. Энэ нь дараа жил дахин ургахад голлон нөлөөлдөг. Зөвхөн ганцхан удаа авах биш олон жил үр шимийг хүртэх чухал гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

 

Эх сурвалж: polit.mn