МУИС, доктор, дэд профессор Ш.Баттөр
Хүмүүн хэмээгчийн ямар нэгэн зүйлийг танин мэдэх, утга учрыг олох оролдлогын нэг нь уран сайхны сэтгэлгээ байв. Уран сайхны сэтгэлгээ хэмээгч нь нэгэн цагт туйлын утгаар орчлон ертөнцийг танин мэдсэн мэдлэг байв. Уран сайхны сэтгэлгээний нэгэн илэрхийлэл болох жүжиг, театрын үүсэл гарвалыг өрнө ба дорно ертөнц өөр өөрийнхөөрөө баялаг өнцгөөр тайлбарладаг ба ихэнх тохиолдолд онго шүтлэг, хориг цээрийн үндэстэй хэмээн үздэг байна. Чухамдаа хүн хэмээгч ямар нэгэн зүйлийг өөрийн эрх ашигт нийцүүлж, нөхцөл байдлаа дээшлүүлэх чинхүү хүсэл мөрөөдлийн хүрээнд хоосныг утгажуулж, худлыг тогтолцоонд оруулдаг билээ. Энэ ч утгаараа зохиогчийн ба найруулагчийн ертөнцийг үзэх үзэл, амьдралыг таньсан мэдлэгийг тодорхой хугацаанд олон нийтэд үзүүлдгээрээ жүжиг ба жүжгийн зохиол онцгой юм. Нэгэн хугацаанд найруулагч бүхнийг үүтгэгч, цогцлоогчийн үүргээр жүжигчин хийгээд үзэгчийн дотоодод нөлөөлнө гэсэн үг байна.
Уран сайхны сэтгэлгээний энэхүү онцлог шинж нь зөвхөн танин мэдэхүйн хэрэгсэл байхаас гадна нийгмийн хувиргалт, соёлын шилжилт хөдөлгөөнийг дамжуулах хамгийн нарийн боловч хамгийн нөлөөтэй арга зам байсан гэдгийг жүжгийн урлагийн түүх гэрчилдэг. Жүжигт хүний мэдрэмж, санаа бодол нь зөвхөн үгэнд бус харин биеийн хөдөлгөөн, орон зай, гэрэл, дуу чимээгээр нийлсэн нэгдмэл нэгэн тогтолцоонд орж, үзэгчийн ухамсарт шингэдэг. Тийм учраас найруулагч нь зөвхөн тайзны дарга биш, харин нийгмийн тодорхой үзэл санааг хүмүүст шингээх дамжуулагчийн нэгэн үүргийг гүйцэтгэдэг байжээ. Энэ утгаараа жүжигт зохиогч, найруулагч, жүжигчин, үзэгч гэсэн дөрвөн хүчин зүйл нийлж нэгэн нийгмийн харилцаа, нийтийн мэдрэмж буй болгодог байна.
Тэнгэр нэрийг тайх тахилга, өршөөл эрэх, өөрсдийгөө зугаацуулах зэрэг олон шалтгаанаас үүдсэн жүжиг нь уран сайхны сэтгэлгээнээс үүдсэн уран зохиолын нэгэн төрөл мөний учир тухайн үндэстний онцлог, хүн төрөлхтний нийтлэг хийгээд орчин ба ахуйн зайлшгүйн шалтгаанаар үүдэн хөгждөг. Тэгвэл монголын онцлогтой жүжгийн түүхэнд нөхцөл байдал ямар байсан, ямар байв, магадгүй ямар байх ёстойг өгүүлсэн нэгэн номыг бид хэвлэгдсэнээс нь хойш бараг наян жилийн хойно соён гэгээрүүлэгч Н.Пүрэвдагвын хичээнгүй зүтгэлээр эх хэлээрээ уншиж байна. “Монголын нууц товчоон”-ыг орчуулсан, шинэ үсэг нэвтрүүлсэн, улсын төрийн дууллыг зохиосон их гавьяатан Ц.Дамдинсүрэн мөн номны өмнөх үгэнд “Г.А.Уваровагийн “Орчин үеийн Монголын театр” хэмээх ном Монголын театрын хөгжлийн түүхэн чухал үеүдийн тухай өгүүлсэн анхны, цорын ганц бүтээл мөн” 1 хэмээн онцлон тэмдэглэжээ. 1947 оны байдлаар анхны бөгөөд цорын ганц бүтээлдээ Г.А.Уварова “Зохиогчийн үг” хэмээн товч бичвэр багтаасан ба эндээс бид дараах хэдэн зүйлийг онцлов. Үүнд:
Энэ нь зөвхөн нэгэн номын тухай өгүүлэл биш юм. Монголын театрын түүхийг гадаад судлаачийн нүдээр харсан ойлголт, тайлбараар харах ховор боломж юм. Г.А.Уваровагийн судалгааны онцлог нь тухайн үед шинжлэх ухааны хатуу шаардлагыг хангах ёстой байхын зэрэгцээ, нийгэм-улс төрийн хүрээлэл ба үзэл сурталтай нягт уялдаж байсан нийгмийн нөхцөлд бүтээгдсэн явдал мөн. Тийм учраас номын текстэд нэг талаас зохиогчийн хувийн мэдрэмж, дорнын соёлд татагдсан сонирхол, нөгөө талаас марксист-ленинист онолын хүрээний чанд шаардлага зэрэгцэн оршдог.
“Монголын шинэ тулгар театрын үйл ажиллагаа, уран бүтээлийн амжилт Монголын хүн ардыг соён гэгээрүүлэх үйл хэрэгт түүний оруулж байгаа их хувь нэмэр яах аргагүй анхаарал татаж байгаа юм” 2 гэдгээс бид урлаг, уран зохиолын гэгээрүүлэх үүргийн тухай онцолсныг харж болно. Аристотелийн тэртээд томъёолсон “катарсис”-ийн үүрэг түүхийн бүхий л цаг үед тэр дундаа хувьгалт үзэл санаа дэлгэрсэн, өөрчлөлтийн цаг үе дор ч байсныг харж болно. Хамгийн гол нь соён гэгээрэл гэгч хүнийг хүн болгодог, нийгмийн төлөвшүүлдэг, улмаар хөгжүүлдэг нэгэн хүчин зүйл гэдгийг цохон тэмдэглэсэн болохыг харж болно.
Катарсисын тухай Аристотелийн үзэл баримтлал нь хүн төрөлхтний урлагийн нийтлэг зарчимд хамаарах боловч, тухайн нийгэм, соёл, цаг үеийн нөхцөлд тусгай утга санааг агуулдаг. Монголын театрын хувьд катарсис нь хуучин дэг журмыг нурааж шинийг бэхжүүлэх хувьсгалт үйл хэргийг олон нийтийн оюун санаанд нэвтрүүлэх ухуулга сурталчилгааны хэрэгсэл болж байсан. Гэтэл нөгөө талаас тэрхүү сэтгэл хөдлөлийн цэвэрших буюу катарсис нь үзэгчийг ямар ч цаг үед хүн болгодог, дотоод ертөнцийг баяжуулдаг нийтийн утгаараа үндэсний онцлог, хүн чанарын гүн мөн чанарыг илэрхийлж байсан. Г.Уваровагийн судалгаа нь яг энэхүү хоёр давхар утгын уулзвар дээр бичигдсэн болохыг мэдэрч болно.
“Орчин үеийн монголын театр харьцангуй богино хугацаанд авьяаслаг жүжигчид, найруулагчид, зураачтай; чадварлаг, өөрийн гэсэн өнгө төрхтэй, бүтээлч организм болон бүрджээ” 3. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн түүхийн бүхий л цаг үедээ төгс байгууламж, тогтолцоог эрэн хайж, бүтээхийг зорьдог болохыг театрын дотоод бүтцээр жишээлж болох юм. Хүний ертөнцийг шууд дуурайлгасан жүжгийн зохиол, жүжгийн зохиолоор дамжуулан бүхий л ертөнцийг нээн гаргахыг зорих театрын өвөрмөц байгууламжийн монгол онцлогийг Г.А.Уварова нүүдэлчин ахуйн уламжлалтай холбон тайлбарлажээ. Чингэхдээ “Монголын байгаль ширүүн, сүрлэг, эрс тэс ялгарах өнгө төрхөөрөө гайхалтай” 4 хэмээгээд цаашлан аман зохиол, дорнын уламжлалыг тодотгон тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, ахуйгаас үүдэлтэй домгийн сэтгэлгээний уламжлал нь шашны сэтгэлгээтэй уусан нэгдсэн, нөгөө талаас ахуйн шаардлагаас үүдэлтэй нүүдэлчин соёл нь монгол театрын өвөрмөц уламжлалыг бүрэлдүүлжээ.
“Театрын хамт олон өдөр тутмынхаа ажилд өөрийн улсын Засгийн газар, МАХН-ын Төв хороо, Зөвлөлтийн соёл урлагийн нөхөрсөн тусламжийн дор бүтээл туурвилаа хийж байна” 5 гэсэн нь тухайн цаг үеийн урлагийн үүрэг хаанаас ямар чиглэлтэй тогтсон буюу тогтоож байсныг илтгэнэ. Чухам ийм нөхцөлд урлаг, уран зохиолын ангич, ардач, намч чанарыг шаарддаг, шаардах нь цаг үеийн, үзэл суртлын зайлшгүй шаардлага байв. Театр судлаач, урлаг судлаач Галина Алексеевна Уварова (1903-1986) бага залуугаас хувьсгал, шинэчлэлийн үзэл санаагаар жигүүрлэн дэмжиж дүүрэг, хотын хорооны нарийн бичгийн дарга (1919) хийж ахуйдаа дөнгөж 16 настай байв. Өсвөр наснаас эхлэн хувьсгалч үзэл санаанд үнэнч байж шашинд сөрөг хандлагатай байсан, нөгөө талд үндэстний уран зохиолын өвөрмөцийг жанжлагч байр сууринаас тайлбарлахыг зорьсон нь мөнхүү номноос илт харагдана. Энэ нь хувь уран бүтээлч, нийгмийн тодорхой үзэл санааны тайлбар мөн. Октябрийн эргэлт, иргэний дайны талбараас театрын тайз руу чиглэсэн Г.А.Уваровагийн амьдрал нь тэмцэх хэлбэр нь л өөрчлөгдсөн болохоос үзэл санааны тэмцэл байжээ. Хувьсгалын үйл хэргийг хөдөө тосгодоор түгээж явсан залуухан охин “хожим нь мэргэжлийн тайзан дээр тоглоод зогсохгүй, Ленинградын Театрын Урлагийн Дээд Сургуулийг онц дүнтэй төгсөөд улсынхаа хамгийн эртний, хамгийн алдартай Малый Академик Театрт ажиллажээ. Эхлээд туслах найруулагчаар ажиллаж байсан бөгөөд ердөө таван жилийн дараа түүнд жүжиг бие даан найруулах санал иржээ. “Би чадахгүй. Тэд намайг Улсын Театрыг найруулахаар Монгол руу илгээж байна” гэж хариулав. “Галзуурчихаа юу?” гэж олон хүн түүнийг зэмлэв. “Малый театрын найруулагчийн албан тушаалаас хэн татгалздаг юм? Ийм аз завшааныг бүгд л арав, хорин жилээр хүлээдэг!” гэлцэж байлаа. Гэвч Уварова ихэвчлэн “галзуурдаг” байв. Тэрбээр карел-финийн “Калевала”, казахын “Алпамыш”, киргизийн “Манас”, буриадын “Гэсэр” зэрэг ардын туульст автсан бөгөөд дараа нь Низами, Фирдоусид дурлаж Дорнодын угсаатны зүйн судалгаанд гүнзгий орсон. Үгүй ээ, түүнд Монголыг санал болгосон нь тохиолдлын хэрэг биш байв” гэж ЗХУ-ын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн И.Хазин “Комсомольская Искра” сонины 1986 оны 9-р сарын 17-ны дугаарт бичжээ.
И.Хазиний энэхүү бичвэр нь Уваровагийн хувийн сонголтыг цохон тэмдэглэсний зэрэгцээ, судлаачийн хувьд дорно дахиныг, тэр тусмаа нүүдэлчин соёлыг танин мэдэх хүсэл эрмэлзэл нь хэр их байсныг харуулдаг. Зүүн Европын олон ардын туульсыг судалж танилцсаны дараа монголд ирэх нь санамсаргүй тохиолдол биш байлаа. Нүүдэлчин соёлын шилдэг жишээ болох “Жангар”, “Гэсэр”, “Манас” зэрэг туульс нь Уваровад дорно дахины ардын уламжлал нь орчин үеийн жүжгийн урлагт хэрхэн суурь болсон, нөлөөлсөн зэргийг харуулах боломж болсон байж болно. Тийм учраас монголд ирсэн нь зөвхөн мэргэжлийн томилгоо биш, харин амьдралын болоод оюун санааны нэгэн эрэл хайгуул байсан ажээ.
“Феодалын хийгээд лам, шашны эх сурвалжтай театр ардчилсан Монголын соёлд нийцэхгүй байлаа” 6 гэснээс бид нэгэн чухал зүйлийг онцлон тэмдэглэж байна. Уламжлалт театр хувьсгалт цаг үед нийцээгүй гэдгээс гадна шашны үзэл санаатай, сүм хийд дээр төвлөрсөн театрын түүхэн уламжлал тогтвортой байсан гэдгийг хоёргүй нэг утгаар гаргажээ. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн театр гэж өрнө дахин төвтэйгээр тайлбарлах нэг хэрэг, үндэсний онцлогтой театрын уламжлал улсад байсан гэдгийг эргэн санах нэг хэрэг. Энэ нь цаашлаад “Ид шидид тулгуурласан ламын театр Монголын театрын шинэ урлаг бүрэлдэн буй болоход ямар ч нөлөө үзүүлээгүй. Энэ урсгал Төвдөөс Монголд тээгдэн ирсэн зүйл бөгөөд сүм хийдийн хананы гадна урган тэлэх хөрс байсангүй” 7 хэмээсэн нь Энэтхэг, Төвд, Монголын соёлын харилцан нөлөөлөл ба илэрхийллийн хэлбэр нь домгийн шинжтэй байсныг илтгэсэн байна.
Цам хийгээд лам шашны театрын тухай Уваровагийн дүгнэлтийг зөвхөн нэг нийгмийн тогтолцооноос нөгөөд шилжих үеийн үзэл суртлын шүүмжлэл хэмээн ойлгох нь хэт хялбарчилсан тайлбар болно. Нөгөө талаас энэхүү дүгнэлт нь Монгол, Төвд, Энэтхэгийн соёлын нийтлэг ба ялгавартай уламжлалын тухай нэгэн мэдлэгийн хэсэг мөн. Судлаач Уварова эдгээр урсгалыг нэг цул биш, харин тус тусдаа гарал үүсэлтэй, тодорхой нийгмийн нөхцөлд ургаж хөгжсөн, тус тусдаа хувьсан өөрчлөгдсөн урсгал хэмээн харж байсан нь дурдаж буй монголын онцлогийн мөн чанарыг илүү тод гаргаж байна.
“Монголын театр өөрийн хөгжлийн 24 жилийн турш үндэсний онцлогоо илэрхийлэх шинэ сэдэв, шинэ шийдэл, театрын дүрслэл илэрхийллийн шинэ арга хэлбэрийн эрэл хайгуул тасралтгүй хийсээр иржээ” 8. Судлаач Г.А.Уварова нийгмийн ба урлагийн уламжлал, шинэчлэлийн залгамж холбоог үүгээрээ илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, шинэчлэл гэгч хуучныг үгүйсгэн буй дотоод нөхцөлөөр буй болдгийг гаргажээ.
“Шашин шүтлэгийн пантомимо-цам орчин үеийн Монголын ёс суртахуунд харш дарлан мөлжигчдийн үзэл санааг илэрхийлдэг” гэдгийг эдүгээчлэн сайшаах буюу муушаах нь өөрөө утгагүй асуудал мөн. Харин бид эндээс урлаг мөн чанартаа юуг илэрхийлдэг гэдгийг анхаарах ёстой билээ. Урлаг, уран зохиол нь үзэл санааг илэрхийлдэг гэдгийг үе үеийн онолч, мэргэжилтэн бичсээр ирсний нэг жишээг дээрхээс харж болно.
Эцэст нь, Г.А.Уваровагийн “Орчин үеийн Монголын театр” хэмээх бүтээл нь цаг үеийнхээ нөлөөнөөс үл ангид байсан ч, монголын театрын өвөрмөц уламжлал, нүүдэлчин ахуй, шашин соёлын харилцан нийлэмж зэргийг тогтоон бэхжүүлсэн нэгэн чухал баримт болж үлджээ. Хэдийгээр зохиогчийн тайлбарт тухайн үеийн үзэл суртлын нөлөө тодорхой байсан ч, монгол театрын анхан шатны түүхийг гадаадын судлаачийн нүдээр харсан, нарийн ажиглалт дүгнэлтийг агуулсан энэхүү бүтээл нь судалгааны утга учраа өнөөг хүртэл хадгалсаар байна. Г.А.Уварова монголын эх гоёмсог байгаль, хүн, ахуй нь үндэстний урлагийг хэрхэн төлөвшүүлсэн, цаашлаад уламжлал болон шинэчлэлийн залгамж холбоо хэрхэн нийлж монгол театрын өвөрмөц онцлогийг бүрдүүлснийг хамгийн анх ажигласан, тайлбарласан судлаач болж түүхэнд үлджээ.
Наян жилийн дараа соён гэгээрүүлэгч Н.Пүрэвдагвын орчуулгаар монгол уншигчдын гарт хүрч байгаа энэхүү ном нь монголын орчин цагийн театрын судалгаанд зайлшгүй шаардлагатай анхдагч эх сурвалж, монголын театрын урлагийн судлалын уламжлалыг тодруулах нэгэн санамж, мөн нийгмийн хувьсалтын цаг үед урлаг ямар үүрэг гүйцэтгэдэг, судлаач хэрхэн шинжилгээ хийдэг, судалгааны субьектив ба обьектив давхарга хэрхэн нийлдэг тухай гүнзгий асуудал тавьдаг бүтээл юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 93 (7835)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn