Байцаагчид хяналтын хуудсаа “Тогтвортой хөгжлийн боловсрол”-д нийцүүлнэ

0
хуваалцах
201
үзсэн

С.УЯНГА

 

Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүйн тулд хамтаараа тогтвортой хөгжихийг дэлхий нийт чухалчилж байна. Тэр дундаа боловсролын салбарт тогтвортой хөгжлийн бодлого, зорилгыг нутагшуулж, хэвшүүлсэн улс орнууд амжилтад хүрч байна. Тиймээс манай улс ч үүнээс хоцрохгүйгээр тогтвортой хөгжлийн боловсрол цуврал төслүүдийг хэрэгжүүлж буй юм. Төслийн хоёрдугаар шатанд боловсролын байгууллагыг бүхэлд нь өөрчлөхөд хүмүүсийнхээ хандлагыг ч өөрчилье. Хийж байгаа ажлынхаа арга барилыг ч өөрчилнө гэсэн уриа, сэтгэлгээтэйгээр нийслэл болон 21 аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчдыг Сэлэнгэ аймагт сургаж чадавхижууллаа. Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд 30 загвар сургуулийг гаргаж ирэх юм. Өөрчлөлтийн эхлэл болгож Сэлэнгэ аймгийн сургуулиудын нөхцөл байдлыг үнэлж, тогтвортой хөгжилд тохируулга хийсэн хяналтын хуудсаараа шалгаж туршлаа. Энэ үеэр тогтвортой хөгжлийн боловсрол төслийн эхний шатны суурь хэр хэмжээнд бэхэжсэнийг үнэлж, цаашид хэрхэн үргэлжлэх вэ гэдгээ тодорхойлов. Тухайлбал, сургуулийн удирдлага дүрэм журам, бичиг баримт, зорилт зорилгоо тогтвортой хөгжилд нийцүүлэн тодорхойлж чадаж байна уу. Зөвхөн захирал ганцаараа шийдвэр гаргах биш бүх нийтээрээ тэгш оролцож сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагад тулгуурладаг аргазүй, хяналт үнэлгээг бий болгож буйгаараа ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, тогтвортой тэгш оролцоотой хөгжихөд гишүүн бүрийн үүрэг оролцоо чухал гэдгийг ойлгож хэрэгжүүлэх юм.

Сургалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн боловсролын байгууллагад туршсан үр дүнгээс гарсан асуудлыг орон нутгийн түвшинд хамтарч шийдвэрлэх боломжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Боловсролын байгууллагууд мэргэжлийн хяналтын шалгалтад зориулж өөр нэг төрх харуулах биш хамтдаа хөгжих дадал болж үлдэнэ гэдгээрээ үнэ цэнтэй. Төсөл хэдийгээр ерөнхий боловсролын сургууль руу чиглэх ч мэргэжлийн хяналтын байцаагчид бүх шатны боловсролын байгууллагад давхар хэрэгжүүлж авч явах юм байна.

Сургалтын үеэр "Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслийн зөвлөх Мита Госвами “Эх дэлхийн настай харьцуулахад хүн минут гаруй хугацаанд л амьдардаг. Ийм богино хугацаанд амьдардаг хэрнээ эх дэлхийд маш их хор хохирол учруулдаг. Хүмүүсийг хомо сапиенс гэдэг. Сапиенс  бол маш ухаантай гэсэн үг. Гэхдээ яагаад хүмүүсийг маш ухаантай гэж хэлсэн бэ гэдгийг гайхдаг. Дэлхий дээр байгаа найман сая амьтан ургамал нэг л төрөл зүйл ч хүн төрөлхтөн маш их аюул учруулдаг. 2050 он гэхэд энэ хор хөнөөлөө гурав дахин багасгахгүй бол аюул учирна гэсэн тооцооллыг эрдэмтэд хийсэн. Хүлэмжийн хийг 50 хувь бууруулах шаардлагатай. Үүнд хүн бүхэн хувь нэмэр оруулахын тулд байгальд ээлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэдийг бэлтгэх хэрэгтэй. Үүнийг нийгмийн жижигрүүлсэн хэсэг болох сургуулийн орчноос эхэлж болно. Байгалийн нөөц хязгаартай. Харин хүний хэрэглээ хязгааргүй. Хүүхдийг хэмнэх, дахин ашиглах хэвшилд сургах хэрэгтэй” гэв.

Сургалтад оролцож илтгэл тавьсан зарим хүмүүсийн сэтгэгдлийг хүргэе.

 

М.Нямсүрэн / МХЕГ-ын БХХ-ийн дарга, Ph.D дэд профессор /:

Хяналтын хуудаснаас гадна байцаагчдын хандлага, аргазүйг өөрчилнө

 

-Мэргэжлийн хяналтын байцаагчид хууль журмын хүрээнд хяналт шалгалтаа хийгээд явдаг. Өөрөөр хэлбэл, тухайн ангийн ширээ сандал, анги дүүргэлт, багшийн бичиг баримт зэргээр тоо, стандартад анхаардаг байсан бол цаашид үйл явцыг агуулгаар нь хянах юм. Тухайн сургууль тогтвортой хөгжлийн талаар хөтөлбөртөө суулгасан эсэх, дэлхийн иргэншсэн боловсролтой монгол хүнийг бэлтгэх зорилтдоо нийцэж байгааг анхаарахыг зорьж байна. Тиймээс хяналтын хуудастаа өөрчлөлт оруулахаас гадна мэргэжлийн хяналтын байцаагч нарынхаа хандлага, аргазүйг өөрчилнө.  Ингэснээр өмнөх механик үйлдлийг тулгаж шалгах биш багшийн хандлага ямар байгаа, тогтвортой хөгжлийн анхан шатны ойлголт байгаа эсэх, түүнийгээ хүүхдүүдэд хичээлээр дамжуулж эх дэлхийгээ хайрладаг дадал хэвшлийг суулгаж чадаж байгаа эсэхийг анхаарна. Мөн жендэрийн мэдрэмж, бүх нийтийн тэгш оролцоог түгээн дэлгэрүүлж чадаж байгааг хянана. Мэргэжлийн хяналтын байцаагчдын хамгийн хялбараар ойлгох зүйл бол сургалтын орчны өөрчлөлт байсан. Тухайлбал, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон сандал, биеийн тамирын хичээлийн заал жендерийн мэдрэмжийг, ариун цэврийн өрөө хүүхдийн аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу гэдгийг арай өөр өнцгөөс харахыг хичээж байна. Төслийн хүрээнд илүү тогтвортой байдлыг бий болгох, ирээдүйд бэлтгэж буй хүмүүсийг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Ингэж байж төрийн бодлого зорилтыг хангаж өгөхөд түлхэц болно.

 ЕБС-ийг шалгах хяналтын хуудасны өөрчлөлтийг хийсэн. Таван бүлэг асуудлын сургалтын орчны өөрчлөлтийг хийгээд батлуулчихсан. Улс даяараа хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Тохирцын үнэлгээгээ хийсэн. Үүн дээрээ үндэслээд дараагийн бүлэг рүү яаж орох вэ гэдгээ байцаагчидтайгаа ярилцлаа. Хяналтын хуудсын өөрчлөлтийг хийхэд бүх байцаагчдын оролцоо чухал. Мөн хамгийн чухал нь хууль журманд нийцсэн байх ёстой.

 

 

Я.Шийлэгмаа /МУБИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн албаны дарга, Ph.D/:

XXI зууны багшийн загварыг бий болгох хэрэгтэй  

 

-Өмнө нь ийм зүйл хийж сургана, чаддаг болгоно гэж байсан бол одоо бол хүүхэд өөрөө энэ чадварыг хэрхэн олж авах вэ. Суралцахуйд сургаж байна уу, багшийн чадвар ямар байна вэ гэдгийг эргэж харах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, робот хиймэл оюун ухааны талаар ярьж байгаа XXI зуунд багшийн загвар ямар байх вэ гэдэг чухал байна. Энэ зууны хүүхдүүдийн чадвар байгалиасаа заяагдсан. Хараа, сонорын хүртэхүй хөгжсөн. Тоо болоод дуу дүрс мэдээллийг боловсруулах чадвар маш өндөр, манлайлах хүсэл эрмэлзэл сонирхолтой. Мөн дижитал харилцааг эрхэмлэх хандлагатай шинэ үе бий болж байна. Шинэ зууны хүүхдүүдийн төрөхдөө л бий болсон чадварыг зарим хүмүүс маш их хичээж байж олох авах жишээтэй. Энэ том ялгааг мэдэрч тэдэнд зааж байгаа багш нарыг чадваржуулахгүй бол хуучинсаг арга барил, хичээлийн хөтөлбөр тохирохгүй. Багш нар хандлагаа өөрчлөх шаардлагатай. Багш гэж хэн бэ гэдгээ дахин бодож үзэж, XXI зууны багшийн загварт нийцэж байна уу гэдэг чухал. Хянаж байгаа үнэлгээний картаа ч шинэчлэх шаардлагатай.

 

 

Л.Тэмүүжин /БОМСТ-ийн УЗ-ийн гишүүн Тогтвортой хөгжлийн боловсрол- II төслийн зөвлөх/:

Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагыг Монголд нутагшуулна

 

-Энэ том түншлэлийн хүрээнд байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулах, зөвлөн туслах юм. Зөв зүйлийг гаргаж ирэхийн тулд сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагыг нэвтрүүлж, орчиндоо засаглал, түншлэл, хөтөлбөрт хяналтаа үнэлгээгээ хийх юм. Эндээсээ болж буйгаа батжуулах, доголдол гарсан хэсгүүдээ сайжруулахын тулд мэргэжлийн бусад байгууллагуудаас зөвлөмж авах юм. Мэргэжлийн хяналтын хяналт үнэлгээний хуудас дээр тогтвортой хөгжлийн боловсрол ямар байх вэ гэдэг тохируулга хийгдэж байна. Энэ нь эргээд сургуулиуд стандарт хэм хэмжээ, хөгжлийн хүрээнд ямар байх ёстойг зөвлөн туслах чиглэлээр явна. Хамтын ажиллагаа түншлэл сайжрахаар засаглал сайжирч түүнийг дагаад сургууль бүхлээрээ өөрчлөгдөнө. Олон улсын сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагыг Монгол Улсад хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг чухал. Ахиц дэвшлээ улам бататгах шаардлагатай. Эдийн засгийн хөгжил сайтай улс орнууд материаллаг баазыг хөгжүүлэх, багшлах боловсон хүчнээ давтан сургахад түлхүү анхаардаг. Манай улсын хувьд сургуулийн орчинд хамааралтай бүхий л зүйлийг сайжруулах шаардлагатай. Тухайлбал, орон нутаг сургуулиудад үйл ажиллагааны тодорхой төсөв өгдөг. Харин өгөхдөө хяналт үнэлгээ шинжилгээн дээрээ өөрсдийгөө үнэлчихсэн, сул талаа сайжруулах судалгаагаа хийсэн эсэхийг харгалзах ёстой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 97 (6829)