“Хил Хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс энэ жил 85 дугаарт орсон. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 17 байраар урагшилсан нь сайн үзүүлэлт боловч дэлхий нийтээр хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт буурч байгааг RSF онцолж анхааруулаад байгаа. Тэгвэл Сэтгүүл зүйн хөгжлийн Үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоо RSF байгууллагаас Монгол Улсын сайжирсан үзүүлэлтийн талаар болон дэлхий нийтээр доройтож байгаа нөхцөл байдлын талаар RSF-ийн Нөлөөллийн менежер Александра Биелаковска, нөлөөлөл хариуцсан ажилтан Артур Рошере нартай онлайн ярилцлага хийлээ. Энэхүү ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Б.Дуламхорлоо:

-Юуны өмнө Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт Монголын хувьд тодорхой сайжирсан үзүүлэлттэй байгаа нь сайн хэдий ч дэлхий нийтээр буурч байгаа нь санаа зовнисон асуудал гэж анхааруулсан. Тиймээс олон улсын болон Монголын одоогийн нөхцөл байдлын талаар яриагаа эхэлье...?

Александра:

-“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтийг 25 жилийн турш танилцуулж байгаа. Энэ жилийн хувьд нийт индекст оролцсон улс орнуудын талаас илүү хувь нь “хүнд болон маш ноцтой” ангилалд багтаж байна. Энэ бол түүхэндээ хамгийн тааруу үзүүлэлт болж байна. Дэлхий нийтээр дөнгөж нэг хувь нь л хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр ногоон буюу таатай ангилалд багтаж байна. Энэ бол маш санаа зовних асуудал болж байна. Тэгэхээр сэтгүүлчид болон сэтгүүл зүйн байгулулагууд анхаарах хэрэгтэй.

Б.Дуламхорлоо:

-Энэ үзүүлэлтээс сэтгүүл зүйн үйл ажиллагааг гэмт хэрэгт тооцох байдал ажиглагдаж байгаа. Тэгэхээр монголчуудын хувьд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

Александра:

-Товчхон тайлбарлахад ардчилсан гэгдэж байгаа улс орнуудад сэтгүүлчдийн эсрэг ижил төстэй байдлаар хуулийг ашиглах тактик явагдаж байна гэж харж байна. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах гэдэг агуулгаар сэтгүүлчдийн эсрэг арга хэмжээ авах байдал нэмэгдэж байна.

Гэхдээ иймэрхүү хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгслийг бай болгох ёсгүй. Ийм байдал Орос, Хятад, Сири, иран гээд хэд хэдэн улсад ажиглагдаж байгаа. Сэтгүүлчдийн гаргасан баримтыг өөрсдийнх нь эсрэг ямар нэгэн баримтгүйгээр гэмт хэрэгт гүтгэх байдал ажиглагдаж байгаа.

Артур:

-RSF-ийн энэ жилийн индексээр хуулийн орчин маш ноцтой нөхцөлд байгааг онцлон хэлмээр байнах. Ялангуяа сэтгүүлчдийн аюулгүй байдал хурцаар яригдаж байна. Индексийг нарийвчилж харахад, нийт индекст хамрагдсан улсуудын 60-аас илүү хувь нь энэ үзүүлэлтээр муудсан. Терроризмын хууль ч юм уу эсвэл бусад энгийн хуулиудыг сэтгүүлчдийн эсрэг ашиглах тохиолдлууд гарсаар байна.

Илүү стратегитэй үйл ажиллагаануудыг сэтгүүлчдийн эсрэг авч үзэх болсон. Хүний нэр хүндийг хамгаалах хуулиар дамжуулж сэтгүүлчдийн эсрэг ашиглах, ийм хуулийг урдаа барьсан өөрсдийнхөө талд хуулийн цоорхой ашигласан улс төрийн шинжтэй үзэгдлүүд харагдаж байгаа. Жишээ нь, ямар нэг эмзэг сэдвийн талаар сэтгүүлчид сурвалжиллаа гэхэд эргээд үр дүн нь сэтгүүлчдийн эсрэг ашиглагдаж байна.

Б.Дуламхорлоо:

-Өнгөрсөн 25 жилийн хугацаанд олон улсын хэмжээнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах чиглэлээр олон арга хэмжээ авч байгаа ч нөгөө талд сэтгүүлчдийн эсрэг нөхцөл байдал байсаар байна. Тэгэхээр яагаад энэ асуудлыг онцгойлон анхаарч, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөг хамгаалах шаардлагатай вэ?

Александра:

-Хүний эрхийн холбоотой бүх асуудлууд дундаас хэвлэлийн эрх чөлөө бол хүний мэдэх эрхтэй холбогддог учраас маш чухал. Хэвлэлийн эрх чөлөө зөрчигдсөнөөр нийт хүмүүсийн мэдэх эрх зөрчигдөж байна гэсэн үг. Сэтгүүлчдийн үг хэлэх эрх чөлөө зөрчигдөх юм бол бусад хүмүүсийн үг хэлэх эрх чөлөө, мэдэх эрх зөрчигдөнө. Тэгэхээр эрх бүхий хүмүүс авлига, болохгүй байгаа зүйлсийг нуун дарагдуулахын тулд сэтгүүлчдийн дууг хаах нь эргээд хэвлэлийн эрх чөлөө, ардчиллыг доройтолд хүргэх хүчин зүйлийн нэг болж байна. Мөн бизнесийн хамтрал, худалдаа гэх нэрийдлээр өөрсдийн эрх мэдлээ хэрэгжүүлэх, болчимгүй үйлдлээ нуух үйлдэл гаргадаг. Мөн хуурамч мэдээлэл түгээхдээ, сошиал медиа платформыг ашиглах үйлдэл гарч байна. Дан ганц улстөрчид ч биш бизнесийнхэн, нөлөө бүхий хүмүүс өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө эдгээр шинэ трэндүүдийг ашиглаж хуурамч мэдээлэл түгээж, мэдэх эрхэнд халддаг.

Энэ орон зайг ашиглаж хэвлэл мэдээллийн байгууллагуудыг “бай” болгож байна. Олон хэвлэл мэдээллийн байгууллагад ийм дүр зураг ажиглагдсан. Одоо бол хуулийг ашиглаж иргэдээ хамгаалах нэрийдлээр сэтгүүлчдийн эсрэг хуулийг ашиглах үзэгдэл ардчилсан орнуудад ажиглагдаж байна.

Артур:

-Сүүлийн 25 жилд бууж байгаагүйгээр нөхцөл байдал уруудсаныг бид ярьсан. Тэгвэл авторитар дэглэмүүд иймэрхүү байдлаар дэлгэрдэг. Жишээ нь, Хятадад нэлээн олон жил хуулиар далайлган дуу хоолойг боомилох, сэтгүүлчдийн эрхийг хязгаарлах үзэгдэл гарсан. Тухайлбал, Кибер аюулгүй байдлыг хамгаалах хуулийг Хятадад ашиглаж байсан. 2018 онд үүнтэй төстэй хууль Вьетнам, Мьянмарт гарсан. Иймэрхүү байдлаар олон улсад ийм төрлийн хуулиар хэвлэлийн эрх чөлөө боомилогдож хаалттай байдалд хүрч байна. Ийм учраас бидний хийж байгаа ажил чухал юм.

Б.Дуламхорлоо:

-Артур нэр хүндэд халдах тухай гэдгийг яриандаа дурдлаа. Энэ бол Монгол Улсын сайжирсан үзүүлэлтэд нөлөөлсөн нэг нөхцөл байдал гэж хэлж болно. Манай улс өөрийн зохицуулалтын хуулийг баталж чадсан. Мөн бид 17 байраар урагшилсан сайжирсан ч дэлхий нийтээр тааруу үзүүлэлттэй байгаа. Дэлхийн ихэнх улсад үзүүлэлт буурсан. Тэгэхээр Монгол Улсын энэ оноог сайжирсан гэж үзэх үү, яг ямар өнцгөөр харах хэрэгтэй вэ?

Александра:

-RSF нийт 180 улсын Хэвлэл мэдээлийн орчныг таван үзүүлэлтээр дүгнэж гаргадаг. Мэдээж Монголын хэвлэл мэдээллийн дүр зургийг харахад 2025 онтой харьцуулахад сайжирсан үзүүлэлттэй байгаа. Ихэнх улс орнуудад буурсан үзүүлэлттэй байгаа нь сэтгүүлчдийн эрхийг хамгаалах нь маш чухал гэдгийг харуулж байна. Энэ оноо нь мөн өнгөрсөн жил ч мөн адил өсөлттэй байсан. 2024 болон 2025 онд сэтгүүлчдийг баривчлах ч юм уу сэтгүүлчийн эсрэг авсан арга хэмжээ буурсан нь Монголын оноо сайжирсан гол хүчин зүйл болсон. Бусад орнуудтай харьцуулахад сайжирсан нь харагдаж байна. Сэтгүүлчдийн эсрэг халдлага харьцангуй багассан, илүү дасан зохицох шинжтэй харагдаж байгаа. Монгол Улс хоёр том гүрний дунд оршдог мөртлөө яаж ийм үзүүлэлттэй байсаар байна вэ гэдэг асуултыг хүмүүс асууж байсан. Жилийн өмнө ч энэ ранкны дунд хавьд байсан нь муугүй үзүүлэлт байсан. Монголчуудын хувьд сэтгүүлчдийг хамгаалахын төлөө иргэний нийгмийн байгуулагууд, сэтгүүл зүйн салбарынхан бүгд хамтдаа нэгдэж, үүний эсрэг идэвхтэй тэмцэж чадаж байгаа нь маш чухал. Тиймээс хамтдаа асуудлуудтайгаа нүүр тулж, хэрхэн сайжуулах вэ гэж анхаарч хүчин чармайлт гаргасан нь нөлөөлсөн гэж үзэж байна. Одоогийн байдлаар 180 орноос 85 дугаарт эрэмбэлэгдсэн нь цаашдаа ч улам сайжрах боломжтой гэж үзэж байна.

Артур:

-Мөн нэмж хэлэхэд, Монгол дахь иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо маш чухал байсан гэдэгтэй санал нийлж байна. Мөн Монголын Үндсэн хуулийн цэцээс 13.14 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан нь сайнаар нөлөөлсөн үзүүлэлтүүдийн нэг байсан. Хуульчид, иргэний нийгмийн байгууллагууд, салбарынхан бүгд олж хараад эсрэг байсан нь чухал үр нөлөө үзүүлсэн.

Б.Дуламхорлоо:

-Энэ долоо хоногт парламентаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх магадлалтай байгаа. Гэхдээ энэ үед Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тухайн заалтыг дахин өөр байдлаар оруулах магадлалтай байгаа. Тэгэхээр бид хэрхэн ажиглаж, энэ хуулийн төсөлд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Артур:

-Энэ бол хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой хуулийн төсөлд хоёр хуулийн цоорхой байдаг талтай. Тэгэхээр төсөлд сэтгүүлчдийн эсрэг ашиглагдаж болох хуулийн цоорхой байна уу гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Тиймээс хуулийн төсөлд оруулсан заалтуудын тодорхойлолтыг маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ дээр УИХ хэлэлцээд ямар шийдвэр гаргахыг бид ойроос ажиглах болно.

Александра:

-Монголын үзүүлэлтийн тухайд дан ганц сэтгүүлчид, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд гэхээс илүү хууль тогтоож байгаа, өргөн барьж байгаа байгууллагууд анхаарч ажиллах нь маш чухал. RSF Монголын хэвлэлийн эрх чөлөөг цаашид ч дэмжиж ажилласаар байх болно. Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой хуулийн төсөлд өөрсдийн санал зөвлөмжийг өгөхөд нээлттэй. Монголчууд ардчиллаа хамгаалж үлдэхийг хүсч байвал хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийг хуулиар хамгаалах нь маш чухал. Мөн Хэвлэлийн өөрийн зохицуулалтыг дэмжих хэрэгтэй.

Б.Дуламхорлоо:

-Сүүлийн 25 жилд дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөө муудаж байгаа нь онцгой санаа зовних асуудал гэж ярилаа. Тэгэхээр үүнийг сайжруулахын тулд бид юу хийх хэрэгтэй вэ?

Артур:

-Өнгөрсөн жил RSF хэд хэдэн санал зөвлөмжийг гаргасан. Тэр дундаа сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн эдийн засгийн хүчин зүйлээр хэр дэмжиж байгаа нь их нөлөөтэй. Тэгэхээр түрүүнд дурдсанчлан хэвлэлийн эрх чөлөөг сайжруулъя гэвэл хууль эрх зүйн зөв механизм хэрэгтэй. Ямар нэгэн сэтгүүлчийн эрхийг зөрчсөн, хуулийн нэр барьсан байдлын эсрэг тэмцэх хэрэгтэй. Сэтгүүлчдийн эсрэг ямар нэг халдлага, эрхэнд нь халдах зэргийг зогсоох ёстой. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 85 (7827)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn