Мазаалайг тодорхойлох “өргөст тор”

0
хуваалцах
566
үзсэн

П.АМГАЛАНБАЯР

 

Манай сурвалжлах баг говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг мазаалайн нутгийг зорилоо. Бид явсаар говийн их дархан цаазат газрын томоохон баянбүрдийн нэг Шар усны баянбүрдэд очсон юм. Мазаалай нь говийн төдийгүй баянбүрдийн биоценозид орон зай,  идэш тэжээлийн гинжин холбоонд тодорхой үүрэг гүйцэтгэдэг аж. Мөн холимог идэштэн боловч идэш тэжээлийн дийлэнх хувийг бажууны үндэс, зээргэнэ, хөмөл,таана сонгино, намхан гишүүн, хармаг жимс гэсэн ургамал эзэлдэг бөгөөд  жижиг мэрэгчид, гүрвэл, хорхой шавьжаар хооллодог байна.

Мазаалай хаврын идэш тэжээл багатай үед нэмэлт тэжээлээр хооллодог

Их говьд орших  гайхалтай тогтоц бүхий нутаг бол баянбүрдүүд байдаг. Бид Шар усны баянбүрдэд очиход уулс хаяалсан их хөндийд шаргал тал халиуран харагдаж байлаа. Мөн тор татсан хоёр хэсэг газарт том дөрвөлжин төмөр сав байсан нь  мазаалай баавгайн хооллодог тэжээлийн сав аж. Шар усны баянбүрд нь зэрлэг амьтдын гол байршил бөгөөд тэр дундаа мазаалай баавгай голчлон амьдардаг нутаг юм. Говийн их дархан цаазат газарт 1986 оноос мазаалай баавгайд нэмэлт тэжээл өгөхөөр сав байршуулж эхэлсэн байна. Анх долоон тэжээлийн сав байсан бол одоо 17 цэгт 36 ширхгийг байршуулжээ. Уг саванд  хавар намар нэмэлт хорголжин тэжээл хийдэг байна. Учир нь мазаалай хаврын идэш тэжээл багатай үе болон намар ичээнд орохоос өмнө нэмэлт тэжээлээр хооллодог аж. Нэг удаадаа таван тонн тэжээл тавьж өгдөг байна.

Тэжээлийн савны гадуур татсан тор нь  мазаалай баавгайн үсний дээж авах зориулалттай. Тус торон дээгүүр болон доогуур мазаалай орж тэжээлээ идсэнээр, торонд мазаалайн үс наалдаж үлдэх бөгөөд  нас, хүйс, тоо толгойг  тодорхойлох судалгаанд ашигладаг байна. Мөн тус бүсэд хяналтын камерууд байршуулсан байлаа. Байгаль хамгаалагчийн хэлснээр өнгөрсөн гуравдугаар сарын 2-ноос хойш 701 зураг камерт буужээ. Бүх цэг дээр 200 гаруй автомат камер суурилуулсан байна. Ингэснээр хэдэн цагт мазаалай ирж хооллож байна, өдөр нь хэр халуун байсан бэ гэсэн мэдээллийг цуглуулдаг байна. Биднийг очсоны дараа байгаль хамгаалагч хяналтын камераа шалгахад сүүлийн долоо хоногт мазаалай ирээгүй байлаа. Учир нь шинэ ургамал ногоо цухуйж, байгаль дэлхий өнгөө засаж буй энэ үед амьтад уул руу  өвс ургамал  хөөгөөд явчихдаг учраас зам дагуу харагдахгүй байгаа аж.

 Зэрлэг амьтдын хувьд бидний зорьж очсон Шар усны баянбүрдэд хавар эрт, намрын сүүлээр ирж ус уугаад явдаг. Түүнчлэн энэ бүс нутагт дэлхийн хэмжээнд хоёр газар амьдардаг хавтгай амьдардаг. Хавтгай хил залгаа бүс нутагт амьдардаг бөгөөд дэлхий хэмжээнд 1000 гаруй байдгаас 500 орчим нь Монголын говийн их дархан цаазат газарт амьдарч байна. Түүнчлэн энэ бүс нутагт хулан, аргал, янгир,  ирвэс шилүүс гэсэн 17 зүйл амьтан ирж ундалж, суурьшдаг аж.

Говийн их дархан цаазат газар 51 мазаалай амьдарч байна

2019 онд Т.Одбаяр судлаач докторын зэрэг хамгаалсан мазаалай баавгайн тоо толгой, генетик мониторингоос харахад 1996 оноос эхлэн 2018 оныг хүртэл мазаалай голлон тархаж буй баянбүрдүүдээс нийт 2660 ширхэг мазаалайн үс цуглуулжээ.  Судалгааны явцад 65 ялгаатай бодгаль илрүүлсэн байна. Энэ нь Монгол Улсад төдийгүй, дэлхийд  цөөнд тооцогдох  урт хугацааны томоохон судалгаа болсон байна.

 Түүнчлэн говьд суурьшин амьдардаг мазаалай баавгайг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-тай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа аж. Уг төслийн хүрээнд автомат камер суурилуулах, генетикээр мазаалайн  тоо толгой тогтоох ажил хийж байгааг албаныхан хэллээ. Энэ оны судалгааны дүнгээр өнөөдрийн  байдлаар мазаалайн тоо толгой 51 байгааг судлаачид урьдчилсан байдлаар ирүүлсэн байна. Гэхдээ уг судалгааны үр дүн олон улсын сэтгүүл дээр гарч байж  баталгаажих юм.

Мазаалай баавгай 20 орчим жил насалдаг

Мазаалай баавгай 20 орчим жил насалдаг гэдгийг судлаачид тогтоосон байна. Мазаалай хоёр жилийн хугацаанд төллөж, 1-2 бамбарууш гаргадаг. Бамбаруушаа хоёр жил хүртэлх хугацаанд дагуулж яваад, 3-4 дэхь жилээсээ дахиад төллөнө. Хүйсийн хувьд эр нь илүү давамгай байна.

 Говийн их дархан цаазат газарт байгаль хамгаалагчид сардаа хоёр удаа очиж, үсний дээж болон  камераа шалгадаг. Ингэхдээ мазаалайн үсний дээжийг цуглуулж судлаачдад явуулдаг бөгөөд  автомат камерын тусламжтай дата боловсруулдаг. Одоогоор дархан газрын 4.6 сая дата мэдээлэл цуглуулжээ. Уг дата мэдээллийг боловсруулахад дор хаяж  2-3 жил шаарддаг болохоор үр дүн нь шууд гарах боломжгүй байна. Түүнчлэн байгаль хамгаалагчдын хувьд хамгийн хүнд нөхцөлд буюу мотоциклоор 650-1500 км явж үүргээ гүйцэтгэдэг аж.

Энэ үеэр Говийн их дархан цаазат газрын дарга Ч.Баярбат "2018 онд “Говийн гайхамшигт зургаа” гуравдугаар  уулзалт тусгай хамгаалалттай газар Эхийн голд болсон.  Энэ уулзалтаар хятадууд хилийн зурвасын дагуу тор татчихсан тор болгон хаалга байна. Шуургатай үед  хаалгаа нээж ан амьтад  гараад байна гэсэн мэдээлэл  ирсний дагуу Парагийн амьтны хүрээлэн, Английн болон Монголын хавтгай хамгаалах сантай хамтарч 2018-2021 оны хооронд нийт хил дагуу 89 автомат камер тавьсан. Мөн дөрвөн баянбүрд, хилийн баганын ойролцоо, говийн их дархан цаазат газарт 380 гаруй,  нийт 38 цэг дээр 210 автомат камер байршуулсан.  Үүний үр дүн  ирэх аравдугаар сард гарна. Ан амьтад үнэхээр хилийн зурвасаар гарч байгаа эсэх судалгаа гарна" гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 91 (6823)