Д.ДАРАМБАЗАР 

Улаанбаатар хотын буйдхан газарт шинэчилж зассан нэгэн сургалтын төв байрлана. Тэнд хүүхдийн авьяас чадварыг нээхээр зорьж буй олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг “WINNER judo sport club” нэртэй жүдогийн сургалтын төвийг байгуулжээ. Түүний хувьд 2016 оны Риогийн олимпод Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж олимпийн хүрэл медалийг энгэртээ зүүсэн шилдэг тамирчны нэг. Тэрбээр энэ спортоосоо холдоод удаагүй байгаа учраас хүүхдүүдэд өөрийн сурч мэдсэн зүйлээ зааж өгье, олон жил энэ спортод амьдралынхаа олон цаг хугацааг салшгүй байлгаж өнгөрүүлсэн учир үүнийгээ хаяад өөр юм хийж чадахгүй гэж санагдсан учир сургалтын төв нээсэн нь энэ байв.

 

Жүдо бол хүндлэл

 

Хотын өндөр барилгууд дунд орших тэр буйдхан газрын үүдээр ороход жүдочдын бэлтгэлийн заал угтлаа. Үүдэн хэсэгт уртаас урт төмөр шүүгээ үргэлжилж, зааланд цагаан, цэнхэр өмсгөлтэй, хөл нүцгэн хүүхдүүд эгнэн зогссож байлаа. Тэд багш буюу сэнсэйнхээ зааврын дагуу бүхнийг хийнэ. Дунд зэргийн заал тэр чигтээ цэнхэр, шар өнгө алагласан зөөлөвч бүхий шалтай. Хичээллэгсэд энэ шалаа “татами” гэх агаад хоймортоо Монгол Улсын төрийн далбаа,  Кано Жигорогийн хөрөг болон “WINNER judo sport club” гэсэн логог залсан харагдана. Бага насны сахилгагүй хүү цагаан өмсгөлтэйгөө бэлтгэл хийхээр татами дээр гарсан байв. Тэр бусад ах эгчээ дуурайн дасгал, хөдөлгөөнөө тун эвлэгхэн хийж гүйцэтгэнэ. Гүйж, харайж, өнхөрч, үсэрч дэвхрээд яг л дэлхийн хэмжээний тамирчин шиг. Хормын дотор хамаг хөлс нь урсана. Түүний нэрийг А.Жүгдэрнамжил гэдэг. Тэрбээр долоон настай. Анх аав нь жүдогоор хичээллэ гэхэд нь энэ сургалтын төвд элсэж орсон гэнэ. Анх хичээллэж эхлээд үеийнхээ хүүхдийг барилдаж даваад түүндээ ихэд урамшсан байна. Түүний хувьд хамгийн том зорилго нь улсын аварга болох. Зүгээр л “дасгал хийдэг нь гоё” гэж билээ. Харин мөрөөдөл нь дэлхийн шилдэг тамирчин болох гэв. Гэхдээ тэнд байсан үеийн жаалууд нь ч тэр сэнсэйтэйгээ мэндлэх, нэгнээ хүндлэх, дасгалаа чин сэтгэлээсээ хийх нь жүдоч хүнд байх анхан шатны дэгийг аль хэдийнэ сурчихсан бүгд л дэлхийн шилдэг тамирчид шиг хаана ч барилдахад бэлэн байв.

 

Хөдөлмөрлөж л байвал ахиц гаргадаг

 

Энэ сургалтын төвд өглөөгүүр цугларсан 30 орчим хүүхэд ганцхан багшийн удирдлага дор  хичээллэж, таван настай балчраас 20 орчим насны залуус дасгал, сургуулилтаа тун идэвхтэй, эрчимтэй хийх нь бахархалтай. Тойрог үүсгэн гүйн бие халаахаас гадна далны, хөл гарын дасгал, нумарсан, эргэлдсэн хөдөлгөөн хийхийг харахад дунд сургуулийн биеийн тамирын хичээлээс нэлээд хүнд санагдав.

Дасгал, сургуулилтын үеэр залхуурсан, багшийн зааварчилгаанаас ангид хээв нэг алхах бага насны хүүхэд мэр сэр харагдах ч шантралгүй хичээллэхийг хичээнэ. Зургаа, долоон настай энэ багачууд одоохондоо учраа сайн олоогүй ч үсэрч харайх, өнхрөхдөө хэнээс ч илүү эвлэгхэн. Учир нь тэд дуртай хөдөлгөөнөө хийчихээд хүндэвтэр, хэцүү дасгал хөдөлгөөний үеэр залхуурдаг нь илт. Багш ч багачуудаа тааваар нь хичээллүүлдэг юм байна. Учир нь тэднийг яагаа ч үгүй эрт жүдогоос залхаахгүйн тулд тэр биз. Гэхдээ багш хүнд байх хатуу ширүүн үгсийг амнаас гаргах нь ажиглагдана. Үүнээс гадна жүдогийн сургалтын төвд таван настнаас дээш насныхан явдаг. Нэг өглөөний бэлтгэлд 20-30 хүүхэд хамрагддаг байна. Сургалт эхлэлээсээ төгсгөл хүртэл хоёр цаг үргэлжилж дүрэм журмын дагуу хүүхдийг багаас нь эмх цэгцтэй, ахмад үеэ хүндэлдэг, тууштай болгохыг зорьдог хэмээн тус сургалтын төвийн үүсгэн байгуулагч Г.Отгонцэцэг онцолсон юм. Мөн түүнчлэн өмнөх үеэ бодоход хүүхдүүдийн хувьд анхан шатны мэдлэгтэй болсон тул бэлтгэл сургуулилт хийхэд өмнөх үеэсээ өөр болсон гэж байв. Үүний нэг жишээ нь М.Түвшинбаяр юм. Тэрбээр “Би олимпийн аварга болох мөрөөдөлтэй. Бэлтгэл хийх нь үнэхээр гоё санагддаг. Ямар нэгэн хүндрэл байдаггүй тул хичээж чадвал бүх зүйл болно гэж боддог. Мөн аав ээждээ хэлж өнгөрсөн жилээс жүдогоор хичээллэж эхэлсэн.

Нэг ч удаа бэлтгэлээ тасалж байгаагүй. Би үе үеийн жүдогийн аваргуудаар бахархдаг” гэж ярьчихаад татами руугаа гүйж гараад 20 удаа резин татаад явлаа гээд гараад гүйчихэв. Түүний хувьд тийм удаан хичээллээгүй ч тодорхой хэмжээний ахиц дэвшлийг олж чадсан гэж багш нь ярьж байсан юм. Харин дасгалжуулагчийн хувьд өөр улсын нэрээр барилдаж байхдаа гадаадын бөхчүүдийн туршлагыг хуримтлуулсан ч тэдний арга барилаас заахыг хүсдэггүй байна. Учир нь монгол хүний биеийн онцлог, хөгжлийн хувьд өндөр түвшинд байдаг тул гадаадын орны гэхээсээ өөрсдийнхөө хийдэг зүйлээ илүү сайнаар туршихыг үздэг гэлээ. Тиймээс дутагдалтай талыг нь олоод хэлж, зааварлаж өгөх нь чухал гэж байв.

 

Жүдоч бүр хариуцлагаа ухамсарладаг

 

Хүүхэд бүр өөр зан ааштай, биеийн онцлогтой учраас тэдний онцлогт тааруулж зааж зааварлах хэрэгтэй гэж Г.Отгонцэцэг боддог гэнэ. “Бага насны хүүхдийг спортын амжилт гаргахаас илүү энэ спортод дуртай болгох үүднээс хандаж бэлтгэл хийх хэрэгтэй. Учир нь хүнд бэлтгэл хийлгэхээр тэд амархан ядарч, сэтгэл зүйн хувьд ялагдалд ордог” гэв. Энэ өдөр ч төлөвлөгөөний дагуу хэвтээ барилдаанд зориулсан дасгал, сургуулилт хийлээ гэж багш ярьж байлаа. Суралцагчид ч хоёр цаг орчим бэлтгэл сургуулилалтаа хийсний дараа бүгд эгнэн сууж, “Багшаа болон ахмад үеэ хүндэлнэ. Өрсөлдөгчөө, багийн хамт олноо хүндэлнэ. Жүдо бөхийн ёс жаягийг чандлан биелүүлнэ. Сайн тамирчин, сайн хүн болохын төлөө бүх хүч чадлаа дайчилна” хэмээн уриагаа хэлж багшдаа, өөр хоорондоо мэхийн хүндэтгэл үзүүлснээр бэлтгэл өндөрлөлөө. Тэдний үйл хөдлөл, нэгэнтэйгээ харилцах нь хүртэл дэгтэй харагдана. Багштай нь ярилцах зуур “хагас сайн өдөр эмнэлэгт үзүүлж яваад бэлтгэлдээ ирж чадсангүй” хэмээн нэг суралцагч өөрийн биеэр ирж хэлээд, уучлалт гуйсан нь энэ спорт хүүхдийг хэрхэн хариуцлагатай болгож буйн илэрхийлэл мэт. Үүнээс гадна сургалтын төвийг мэдсэн даруйдаа энд ирсэн VII ангийн сурагч М.Баттөр жүдогоор хичээллээд гурван сар болж байгаа гэнэ. Бэлтгэл дууссаны дараа түүнтэй ярилцахад “Би жүдогоор хичээллээд уян хатан болж байгаа. Бэлтгэлээ байнга хийгээд байхаар ядардаггүй. Жүдогоор хичээллэхийн хажуугаар чөлөөт цагаараа ном унших дуртай” гэж байлаа. Тэрбээр жүдогийн бэлтгэлдээ явах тун сонирхолтой аж. “Цаашдаа ч би жүдогоороо хичээллэнэ ээ” гэж ам бардам хэлчихээд гадаа хүлээж байгаа аав руугаа гарч одлоо. Бэлтгэл дээр байсан тамирчид маань ч ёсолгоогоо хийгээд, уриагаа хэлж, багшдаа мэхийгээд, хувцсаа солин заалнаас гарч одов.

Одоохондоо тэд бэлтгэлийнхээ үнэ цэнийг бүрэн гүйцэт ойлгоогүй ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олимпийн аваргын тухай хэнээс ч илүү мэддэг бас боддог болно. Тэр цагт том хүсэл нь тив, дэлхийн аварга болох мөрөөдлөөр солигдохыг үгүйсгэх аргагүй билээ. Харин энэ сургалтын төвд хэсэгхэн хором суух төдийд хүүхдээ дагуулсан эцэг эх, эмээ өвөө нарын цуваа тасарсангүй. Заавал амжилт гаргахгүй ч гэсэн амьдралд нь хэрэгтэй. Ядаж зөв хүн болох талаасаа төлөвшинө гэж эцэг эхчүүд ч ярьж байв. Үүнээс гадна нэг хэсэг хүн хүүхдээ шинээр бүртгүүлж байхад нөгөө хэсэг нь хүүхдүүдээ хичээллэхийг харж сууна. Ихэнх эцэг эх хүүхдээ эрэмгий дайчин, эрүүл саруул, биеийн хөгжил сайтай болгохын тулд жүдогоор хичээллүүлдэг гэнэ. Хүүхдээ багаас нь спортын замналд оруулахыг зорьдог нэгэн ч бий. Хэдхэн жилийн дараа хүү, охиноо тив, дэлхийн тэмцээн, олимпийн наадамд өрсөлдөхөөр явахад нь дээлийнх нь захыг мушгиад суух нь дамжиггүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 88 (6820)