С.САРУУЛ

Иргэн О.Батхүү зээл судалсны шимтгэл нэг хувийг банк авдаг нь хууль зөрчсөн үйлдэл болохыг шүүх тогтоосон учраас Монголбанканд шаардлага хүргүүллээ.  Тэрбээр "Миний харж буйгаар ипотекийн зээлтэй 80-90 мянган хүн байна. Хүн болгонд хуулийн мэдлэг байхгүй. Хуулийн мэдлэгтэй нь гэхэд 500 мянгаас нэг сая төгрөг авах гээд гурван шатны шүүхээр хоёроос гурван жил явах боломжгүй. Хуульч хүнийхээ хувьд нийгмийн сайн сайхны төлөө өмгөөлөл хийж байна.

Энэ асуудлыг Монголбанканд эхэлж тавих нь зөв. Тус банк арилжааны банкуудтай уулзалт хийж, иргэдийн хохирч байгаа нөхцөл байдлыг зогсоогооч гэсэн шаардлага хүргүүлж байгаа.  Монголын арилжааны банкуудын хүү бусад улстай харьцуулахад өндөр байна. Ийм өндөр хэмжээний хүүгийн орлого олдог байж хүмүүсээс нэг хувийн шимтгэл авах нь буруу. Хуульд зээл судалсны шимтгэл авч болно гэсэн заалт байхгүй. Үнэхээр зээл судалсны шимтгэл гэж авч байгаа бол зээл нь бүтээгүй хүнээс ч төлбөр авах ёстой. Тэгэхээр зөвхөн зээл нь бүтсэн хүнээс нэг хувийн шимтгэл авч байгаа нь болохгүй зүйл. Банк өөрийн үйл ажиллагааны зардлыг иргэдээс гаргуулж болохгүй. Монгол Улсын Банкны тухай болон бусад холбогдох хуулиудад энэ шимтгэлийг авч болно гэсэн заалт байхгүй" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn