А.Гүлмайра: Хатгамлын урлалыг хөгжүүлбэл гэртээ суугаа ээжүүд орлоготой болгох боломжтой

0
хуваалцах
490
үзсэн

Б.БЯМБАЖАРГАЛ

 

“Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн дугаарт “Асүлмура” брэндийг үүсгэн байгуулагч А.Гүлмайратай ярилцлаа.

 

-“Асүлмура” брэнд Казах түмний үндэсний хээ, хатгамалтай бүтээгдэхүүн урлаж борлуулдаг. Ер нь энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт үндэсний хэрэглэгчид гэхээс илүү жуулчдын сонирхлыг их татаж гол худалдан авагчид нь жуулчид байдаг байх. Гэвч сүүлийн хоёр жил хил хаалттай байлаа?

-Тийм. Цар тахлаас өмнө манай “Асүлмура” брэнд Баян-Өлгий аймагт борлуулалт хийхээс илүү Улаанбаатар хотод төвлөрөн ажилладаг байсан. Гадаадын жуулчдын хамгийн их сонирхдог бүтээгдэхүүн бол яах аргагүй монгол ноолуур. Ноолууран бүтээгдэхүүн манай үндэсний нэрийн хуудас болсон. Харин манайх хэрхэн хоёр дахь сонголт болж жуулчдын сонирхлыг татах вэ, үндэсний уламжлалт гар урлалыг орчин үетэй хэрхэн зохицуулах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Үүний үр дүнд ч манай компани жил бүр 30 хувийн өсөлтийг үзүүлж байлаа. Гэтэл 2020 оны босгон дээр коронавирусын халдвар дэлхий дахинаа тархаж хэвийн бус горимд шилжсэн. Улс орнууд хилээ хааж дотооддоо хөл хорио тогтоосноор аялал жуулчлалд түшиглэсэн бизнесийн салбарынхан уналтад орсон. Одоо цар тахал намжиж аялал жуулчлалын салбар аажмаар сэргэж байна. Тэгэхээр үйл ажиллагаа хэвийн байдалдаа орно гэсэн хүлээлттэй байгаа.

-Хэзээнээс гар урлалын бизнесээ эхлүүлсэн бэ. Хэдэн ажлын байр бий болгов?

-Энэ салбарт 2008 оноос ажиллаж байна. Цар тахлаас өмнө манай компани гэрээр 120 хатгамалч, оёдлын үйлдвэрт 40 оёдолчин ажиллаж байлаа. Мөн оёдолчин, хатгамалчнаас гадна дэлгүүрийн худалдааны зөвлөх зэрэг бусад туслах ажилтантайгаа нийлээд 180 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Одоогийн байдлаар оёдлын цехэд 5-6 хүн, гэрээр хатгамал хийдэг 10 гаруй хүнтэй ажиллаж байна.

-Хатгамал урлах нь өөрөө онцлогтой байдаг гэсэн. Энэ талаар?

-Онцлог гэдэг нь гэрээр болон үйлдвэрийн газар хоёр тусдаа ажилладагтай холбоотой. Үүнд ажлын байрны тоог тодорхой хэлэхэд хүндрэлтэй. Тухайлбал, эхлээд гэрээр хатгамлын бэлдэцээ бэлдэнэ. Дараа нь үйлдвэрийн цехэд оёдол, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ажил эхэлдэг юм. Эхлээд хатгамлын нөөц бүрдэж байж үйлдвэрлэл хэвийн явах боломжтой болдог.

-Өнгөлөг, чамин хээ Казах түмний үндэсний хувцасны гол ялгарах онцлог байдаг. Танайх хэдэн төрлийн бүтээгдэхүүн урладаг вэ. Жуулчдын хамгийн их сонирхдог бүтээгдэхүүнээс дурдвал?

-Манайх 54 төрлийн гар урлалын бүтээгдэхүүн гаргадаг. Тэдгээрээс жижиг хэмжээтэй бүтээгдэхүүнийг жуулчид түлхүү сонирхдог. Цар тахлаас өмнө Казахстан улсад борлуулж байсан. Олон дэлгүүрээс манай бүтээгдэхүүнийг борлуулах хүсэлт тавьдаг боловч эргэлтийн хөрөнгөөс шалтгаалан бага хэмжээгээр борлуулдаг. Тухайлбал, манайх хөрөнгө, санхүү хүндрэлтэй байдаг учраас урьдчилсан захиалга авч бүтээгдэхүүний 50 хувийн үнийн дүнг төлж баталгаажуулсны дараа урладаг. Гэвч дэлгүүрүүд болон худалдан авагч нар захиалгаар хийлгэхээс илүү бэлнээр худалдан авах сонирхолтой байдаг.

-Бизнес эрхлэхэд тулгамдаж байгаа гол асуудал юу вэ. Цаашид бизнесээ өргөжүүлж хөгжүүлэхийн тулд юунд илүү анхаарах шаардлагатай гэж харж байгаа вэ?

-Асуудал ярьвал олон. Хатгамал, оёдлын салбарт ихэвчлэн эмэгтэйчүүд ажилладаг. Энд ажиллахад боловсролын түвшин, мэдлэг шаардлагагүй. Ялангуяа гэртээ бага насны хүүхэдтэй, байнгын асаргаатай хүнтэй, гэрээсээ хол ажиллах боломжгүй эмэгтэйчүүд ажиллах боломжтой. Энэ нь ч манай бизнесийн цаашид өргөжин тэлэх үндэс гэж хэлж болно. Монгол Улс нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийг эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэнд тэтгэмж олгодог. Асарч байгаа хүн нь ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Тэдгээр эмэгтэйчүүдийг гэрээс нь ажлын байраар хангах боломжтой. Гэвч хөрөнгө оруулалт гол асуудал болдог. Хөрөнгө оруулалт багатай учраас олон ажлын байр гаргаж хатгамлын нөөцийг хангалттай хэмжээнд бэлдэх боломж хомс байдаг.

-Цаашдын бизнесийн төлөвлөгөөнөөс хуваалцахгүй юу?

-Цар тахал, түүнтэй холбоотой хоригууд суларч бизнесүүд эргэн сэргэж байна. Гэхдээ хэр удаан хугацаанд эргэн сэргэж хэвийн нөхцөл байдалдаа орох вэ гэдгийг тооцоолох аргагүй юм.  Хэвийн байдалдаа орох хүртэл бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлж хатгамалчдын ордон барихаар төлөвлөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 83 (6815)