Э.Гаажидмаа: Уртын дууны өдөртэй болоосой

0
хуваалцах
2063
үзсэн

Ч.ҮЛ-ОЛДОХ

“Зууны мэдээ” сонин “Монгол өв соёл: Ардын дуу” булангаараа монгол ардын аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ. Энэ удаа Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул,  уртын дуучин Э.Гаажидмааг урьсан юм. Тэрбээр хөдөө ажиллаж, амьдрахын  зэрэгцээ  уртын дуугаа дуулж,  нутаг, нутгийн онцлог, ая дангаар өвлүүлэн  үлдээхэд ихээхэн хувь нэмэр оруулж яваа ардын авьяастнуудын нэг юм.

 

-Алдарт дуучин Н.Норовбанзад агсан өөрийг чинь “Утын дуучин болгоно” гэж хотод авчиртал сургуулиа орхиод Дундговь руу буцсан ч дуугаа орхиогүй гэсэн. Уртын дуутай өнөө хүртэл хамт явах болсон түүхээсээ товч  ярьж өгнө үү?

-Би 1987 онд Дундговь аймгийн Дэрэн суманд наймдугаар ангиа төгссөн юм. 1989-онд аравдугаар ангиа төгсөөд конкурсдсэн ч хүссэн сургуульдаа орж чадаагүй. Аав минь намайг малчин болгоно гэхэд нь  би сургуульд орно гээд зүтгэчихсэн. Тэр үед  аймгийн төвд уртын дууны уралдаан зарлаж, түүнд оролцож шалгарсан  хүүхдүүдийг Улаанбаатарт шинээр нээгдэж байгаа уртын дууны ангид элсүүлнэ гэсэн зар тавигдсаныг олж харсан. “Шалгалт өгөөд үзье” гэж зориглоод очлоо. Аймгийн театрын хөгжмийн багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн  Г.Эрдэнэчулуун, театрын дарга С.Дашням гуай хоёр шалгалт авсан юм. Уртын дуу дөнгөж л сурах гэж оролдож явсан, тэгээд “Зээргэнэтийн шил” гэдэг дууг  анх дуулсан. Их л чанга дуулсан шиг байгаа юм, тэр хавийнхан  их гайхаж харцгааж байсан. Шалгалтаа өгчихөөд хөдөө гэр рүүгээ явчихсан. Наймдугаар сард  сумын төвөөс “Шалгалтад тэнцсэн байна. Хотод очиж дахин шалгуул” гэсэн зар ирлээ. Аав, ээж хоёр минь ч дэмжлээ. Аав намайг аваад хот явна, Овынд очно гэлээ. Ов гэдэг нь Н.Норовбанзад эгч юм. Аав минь эгчийгээ  тэгж авгайлдаг байлаа. Би хотод анх удаагаа ирж байгаа нь тэр. Овын гэр  Улсын их дэлгүүрийн урд байх. Аав намайг хүргэж өгчихөөд явчихсан. Би Овыгоо дагаж театрт очиж шалгалт өглөө. “Миний дүү хөөрхөн дуулж байна, дуулаад байвал дуучин болж магадгүй л юм байна” гэлээ. Тухайн үед Ц.Дашцэрмаа, С.Цогтсайхан, Ц.Туяацэцэг нар мөн шалгалт өгөөд ирж байсан санагдана. Хөдөө малын захаас очсон болохоор би сайртай хацартай хар юм л байсан байх. Бие жижиг, нуруугаар  тэднийг бараадахгүй. Дээр нь тэдний нүүрээ будсан, гоёсныг хараад сүрдлээ. Ов минь морин хуурч И.Цогбадрах гуайн дэргэд зогсоод надад “Миний дүү нүүрээ будчихад эднээс дутахгүй ээ, харин дуугаа л сайн сур” гэж хэлж  байсан даа. Шавь нараасаа Б.Батмэнд, Ц.Дашцэрмаа, С.Цогтсайхан нарыг их магтана. Сайн дуучин болно гээд л ярина. Намайг тэдэн шиг сайн дуучин болоорой гэнэ. Ингээд би намар хичээл эхлэхэд уртын дууны шинэ ангид суралцах боллоо. Тэр хооронд хөдөө гэртээ хариад ирэх сэн гэж бодож байтал Ов “Танайд очно, хөдөө кино зураг авалтад орно” гээд дагуулаад явлаа. Би нутгийнхаа залуутай үерхдэг байсан юм. Очиход тэр маань тосоод зогч байсан. Намар болоход түүндээ хоргодоод сургуульдаа яваагүй. Удалгүй  бид гэр бүл болж, хүү, охинтой боллоо, одоо хүүхдүүд маань  өсч сайхан амьдарч байна. Миний хувьд сургуулиа орхисон ч дуугаа  орхиогүй. 1990-ээд оноос хойш уртын дуугаа дуулсаар  ирсэн. Аймаг, сумынхаа нэрийн өмнөөс уралдаан, тэмцээнд оролцож, уртын дуугаа өөрийн чадах хэмжээнд сурталчилж байдаг.

 -Ямар  уралдаан, тэмцээнд оролцож байв?

-Дуу хуурын өлгий болсон Дундговь аймаг маань ус нутгаа алдаршуулж, Монголын тал хээр нутаг, нүүдэлчдийн уламжлалт ардын соёл, урлагийг дэлхий даяар сурталчилсан, аялал жуулчлалыг хөгжүүлэх, улс орныхоо түүхэнд тэмдэглэгдэж үлдэх олон сайхан наадам, уралдаан, тэмцээнийг санаачлан зохион байгуулж ирсэн. Тухайлбал,  “300 морин хуурч, 300 уртын дуучны  ардын урлагийн бага наадам”, “700 уртын дууч, морин хуурчдын бага наадам”-ыг аймагтаа төдийгүй улсдаа анх удаа зохион байгуулж, Монгол ардын уртын дууг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд  хувь нэмрээ оруулсан. Миний хувьд  “300 морин хуурч, 300 уртын дуучны ардын урлагийн бага наадам”-д Г.Дадьсүрэн багштайгаа болон  хуурч Г.Арилд гуайн хамт очиж, “Урьхан хонгор салхи” дууг дуулж оролцоод  гуравдугаар байр эзэлж байлаа. Түүнээс хойш олон уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдээ дагаж Багахангай руу шилжиж яваад тэр болгон аймаг, сумынхаа нэрийн өмнөөс уралдаан, тэмцээнд оролцож чадахгүй байна.

-Дундговь уртын дууны боржигон аялгууны ай савд багтдаг. Энэ аялгуугаар дуулж байна уу?

-Би хамгийн анх “Зээргэнэтийн шил” дууг  төв халх аялгуураар сурч дуулсан юм байна лээ. Тэр үед дөнгөж л сурч байсан болохоор өөрөө ч сайн мэдэхгүй л байж. Аймагтаа буцаж ирсний дараа Дадь багш дуудаж “Чамайг уртын дуунд сонирхолтой хүүхэд гэж дууллаа. Миний хөтөлж явуулж байгаа  сургалтад сууж дуу сур” гэсэн. Аав, ээж минь хөдөө байсан болохоор хааяа ирж очин сургалтад сууна. Тэр үед багш  “Цэвцгэр хурдан шарга”-ыг  боржигон аялгуугаар зааж өгсөн юм. Төв халх аялгууг сонирхож байсан надад боржигон аялгуугаар дуулах хүнд байсан. Гэхдээ багшийнхаа хичээж чармайн зааж өгч байгаа дууг дуулж сурахгүй бол болохгүй. Одоо   аль алинаар  нь дуулахыг хичээдэг ч  төв халхаар голдуу дуулдаг.

-Урын сандаа хэчнээн дуутай вэ?

-Дуулдаг дуунууд гэвэл зөндөө. “Уяхан замбуу тивийн наран”,  “Энх мэндийн баяр”, “Урьхан хонгор салхи”, “Ар хөвчийн унага”,  “Жаахан шарга” гээд нэрлэвэл  10 гаруй дуу бий. Овынхоо дуулдаг “Дөрвөн цагийн тал” , “Монгол нутгийн үзэсгэлэн” “Үлэмжийн чанар” зэрэг бэсрэг дуунуудад дуртай, бас дуулна.

-Хүүхдүүддээ уртын дуу зааж  байна уу?

-Сүүлийн үед охин маань уртын дууг сонирхох болсон. Дунд сургуульд байхдаа урлагийн үзлэгт дуулдаг байсан. Дуучин болгоё гэтэл өөрөө хүчлээгүй, би ч шахсангүй. Төгссөн мэргэжлийнхээ дагуу хүний нөөцийн чиглэлээр  ажиллаж байна. Гэхдээ  уртын дуу сурах, дуулахыг орхиогүй. Уралдаан, тэмцээнд өөрийгөө сорьж, шагналт байрт орж байгаад нь баярладаг. Манайх эх эцгээс наймуулаа,  дүү нар маань  их сайхан дуулдаг. Тэд минь сумандаа малаа маллаж, сүргийн захад дуулж явдаг даа. Ээж минь эрт  бурхан болсон болохоор аав минь биднийг өгсгөсөн. Саяхан бид аавдаа зориулж “Удмын малчин аав минь” дуу бүтээж, охин, дүү хоёртойгоо хамт дууллаа, дүрсжүүлж хараахан амжаагүй байна. Манай Дэрэн сумын уугуул, яруу найрагч А.Лхагваа шүлгийг нь бичиж, хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр аялгууг нь хийсэн юм.

-Н.Норовбанзад гуайн  удмынхнаас уртын дуучин олон байдаг уу?

-Сайхан дуулдаг хүн зөндөө бий. Олонх нь нутагтаа мал маллаж байгаа малчид. Нутагтаа уртын дуугаа дуулж, малаа маллаад амьдарцгааж байна.

-Уртын дууг судлах, сургах, өвлүүлэх тухай танд бодож явдаг, шийдвэр гаргагчдад уламжлах  зүйлүүд байна уу, бид дамжуулъя?

-Монгол хүүхэд бүрт багаас нь эхлэн  ардын өв уламжлал, тэр дотроо уртын дуугаа зааж өгч,  өвлүүлж баймаар байна.  Дуу хөгжмийн хичээл дээр дэлхийн сонгодог урлаг, Моцарт, Бетховены талаар ойлголт өгдөг шигээ ардын  язгуур урлаг, уртын дууны тухай лекц уншиж, заадаг баймаар байна. Гийнгоо, уухай, марзайнаас нь эхлэн  үндэс суурийг нь тавиад өгчихвөл тэр олон дотроос дуулах сонирхолтой, цаашаа судалж суралцаж уртын дуучин болох  хүн зөндөө гарна. Гол нь багаас нь эхлэн үндэс суурийг нь тавьж өгөх хэрэгтэй. Гийнгоо бол маш гоё шүү дээ, би бие жижиг болохоор 14-15 хүртлээ өвөөгийнхөө уясан хурдны морийг  унасан. Нутгийн уяачид намайг “Гоё гийнгоолж байна” гэдэг байлаа. Одоогийн залуус уртын дуу сурахад өргөн боломж бий. Бид  уртын дуу сурах гэж ганц кассет, эсвэл пянз аваад өнөөхөө сонсохоор  өчнөөн эргэлдүүлж, чихэндээ наагаад  суудаг байлаа. Өнөөдөр техник, технологийн дэвшлийг дагаад олон давуу тал бий болсон. Тиймээс уртын дуугаа гийнгоо, уухай хоёроор үндсийг нь тавиад өгчихвөл хүүхэд, залуус маань цааш ахиулаад явчихна шүү дээ. Уртын дууг дуулахад насны хязгаар байхгүй, найман настай балчраас наян настан дуулна. Найр наадам, хурим гээд аливаа үйл явдлыг уртын дуугаар нээх нь ихээхэн утга учиртай, хүмүүст ч  гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг. Уртын дуугаа хөгжүүлж, хүүхэд залуустаа зааж сургах ажлыг улам дэлгэрүүлэх хэрэгтэй. Энэ бол бидэнд байгаа том өв, хэн ч булаагаад  авч чадахгүй. Эцэст нь хэлэхэд, иргэн хүний хувьд, уртын дууны өвийг тээж яваагийн хувьд төр, засагтаа хандаж уртын дууны өдөртэй болох саналыг танай сониноор дамжуулъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 29 (6761)