Ц.МЯГМАРБАЯР

 

Дэлхийн улс орнууд цар тахлын хямралаас бага багаар гарч байна. Энэ нь нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцийн өсөлт  юм. Түүнчлэн  бодлого боловсруулагчид нь үүний эсрэг хариу үйлдэл үзүүлэх төвөгтэй байдалд байна. Инфляц хэдийгээр Төвбанкуудын анхаарлын төвд байх үзүүлэлт гэлээ ч тэдний хариу үйлдлээс хамаардаггүй гэдгийг цаг үе харуулж байна. “Нийлүүлэлтийн шинжтэй төрөл бүрийн хүчин зүйл инфляцад хүчтэй нөлөөлдөг гэдгийг тодоор харууллаа” гэж эдийн засагч Г.Батзориг хэлснийг онцлоё. Энэ нь хэд хэдэн зүйлээр илэрч байгааг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагийн тайлбарласнаар нэгдүгээрт,  аливаа улсын инфляцад  дотоод эдийн засгийн үзүүлэлтээс гадна хөрш орнуудын инфляц нөлөөлдөг. Хоёрдугаарт,  тээвэр ложистекийн сул байдал, хилийн гацалт. Гуравдугаарт, дэлхийн үйлдвэрлэгчдийн доголдол бүх улсад хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, аль нэг оронд түүхий эдийн хомсдол, тасалдал  үүсэхэд дэлхий нийтээр хямардаг гэдгийг харууллаа хэмээж байна.

 

Инфцляцийг өсгөхгүй байх Монголбанкны хүлээлт

 

Хилийн гацалт хэвэндээ орж өдөрт гарах машины тоо одоо байгаа  50- иас 150 болж нэмэгдэх байх гэсэн хүлээлт,  итгэл нь инфляц өсөхгүй байх таамгийн нэг аж. Нийт инфляцийн 40 хувийг хүнсний инфляц, 60 орчим хувийг хүнсний бус бараа бүтээгдэхүүний  өсөлт харуулж байна. Бусад улс ялгаагүй  хүнсний инфляцийн өсөлттэй нүүр тулаад байгаа. НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн газраас гаргадаг хүнсний  бүтээгдэхүүний үнийн өсөлтийн индекс  2020 оны зургадугаар сард 92-93 үзүүлэлттэй байсан бол 2021 оны аравдугаар сард энэ үзүүлэлт 40-50 хувиар өсч 132 болжээ. Харин сүүлийн хоёр сард нь энэ үзүүлэлт бага зэрэг буурсан нь  сайн үзүүлэлт гэж Төвбанкны Мөнгөны бодлогын газрын шинжээч, эдийн засагч Н.Цэнд тайлбарласан юм. Гэхдээ  60 хувийн өсөлт үзүүлсэн хүнсний бус бараа болох  шатахуун, газрын  тосны тээврийн үнэ 30-40 хувиар өссөн нь инфляцийг улам өдөөсөн. Дэлхий даяар газрын тосны үнийн өсөлт инфляцийн шок үүсгэж цохилт болсон.  Цаашдаа ч нефтийн үнийн зах зээл хэрхэх нь тодорхойгүй өсөх төлөв ажиглагдаж байна. Энэ нь 2022 оны эхний хоёр сард  дээрх буусан үзүүлэлтийг эргүүлээд өсгөх нөхцлийг бүрдүүлсэн гэв. Эдийн засгийн сэргэлттэй зэрэгцэн эрэлтийн шалтгаантай инфляц ийнхүү улс орныг бүхэлд нь хамарч байна. Япон улсын  инфляц зорилтот түвшинд байгаа бол бусад улсынх зорилтоосоо даваад байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпод оролцож Хятадын талтай  хил гаалийн гацалт болон  бусад тулгамдсан  олон асуудлыг нааштайгаар шийдвэрлэж байгаа нь эрэлт, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг зорилтот түвшинд нь авчирхад  нөлөөлнө хэмээн шинжээчид үзэж байна.

 

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, инфляц нэмэгдэнэ

 

Дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй инфляц 2022 онд өмнөх төсөөллөөс илүү удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг ОУВС тайландаа тусгажээ. 2021 онд үүссэн нийлүүлэлтийн тасалдал нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0.5-1 пунктээр бууруулсан бол суурь инфляцийг нэг нэгж хувиар нэмэгдүүлсэн гэдэг тооцоолол гарчээ. Гэхдээ нийлүүлэлт сайжирч, эрэлтийг дэмжих бодлогууд хумигдсанаар үнийн өсөлтийг бий болгоод байгаа эрэлт-нийлүүлэлтийн зөрүү оны туршид саарч, хүнс болон эрчим хүчний үнийн өсөлтийн хурд өмнөх оноос бага байх төсөөлөлтэй. Түүнчлэн гол төвбанкууд хариу арга хэмжээ авахаар хүлээгдэж байна. Инфляцийн хүлээлт өөрчлөгдөөгүй нөхцөлд үнийн түвшний хурдтай өсөлт 2023 оноос тогтворжино гэж үзжээ. Төсөөлөлд олон тодорхой бус байдал бий бөгөөд, төсөөллийг муутгах эрсдэл нь давамгайлж байгааг онцолжээ. Тэр дунд Хятадын “тэг ковид” бодлого нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг даамжруулж болзошгүйг анхааруулсан байна. Энэ үгийг анзаарвал урд хөрш хилээ зургаан сараас нааш тогтвортой нээлттэй байх уу гэдэг нь эргэлзээтэй. Цар тахлын үед дэлхийн олон улс оронд инфляц сүүлийн арав гаруй жилийн дээд түвшинд хүрээд байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 25, 26 (6757, 6758)