С.САРУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир уригдахдаа “Зууны мэдээ” сонинд “Гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд бид олон улсын байгууллага, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудын өмнө хүлээсэн санхүүгийн сахилга батыг хангаж, Монгол Улсын санхүүгийн салбарыг бүхэлд нь тогтоон барьж шаардлагатай реформ, шинэчлэлүүдийг санаачилж хэрэгжүүлж байх нь чухал. Энэ ч үүднээс олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-аас гаргадаг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалт (саарал, хар жагсаалт), Европын холбооны "Татварын зорилгоор хамтран ажилладаггүй бүс нутгуудын жагсаалт"-д орохгүй байх, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулахаас сэргийлэх тал дээр голчилж анхаарах болно. Түүнчлэн төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг түр хугацаанд зогсоож, төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийн тоог бууруулах бодлого баримталснаар төрийн хүнд суртлыг бууруулснаар зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдаар хязгаарлагдаагүй, дотоодын хөрөнгө оруулалтыг мөн хөхиүлэн дэмжих таатай орчин нөхцөл бүрдүүлэх чухал алхам болно гэж үзэж байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 100 орчим их наяд төгрөгтэй тэнцэх төсөвт өртөг бүхий төсөл, хөтөлбөрүүдийг арван жилийн хугацаанд хэрэгжүүлснээр жилд дунджаар 10 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж ойлгогдож байгаа байх. Хөрөнгө оруулалтыг татах цаглабарын хувьд бид одоо нэгэнт санаачилж, хэрэгжүүлж эхлээд байгаа дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх замаар 2024 он хүртэл анхаарч ажиллах болно. Цаашид улс орны хөгжилд томоохон ач холбогдол бүхий мега төслүүд хэрэгжүүлэх цаглабар өөр хоорондоо дэд бүтцийн хувьд харилцан холбоотой, логик дарааллаар  хэрэгжих учраас төсөл ашиглалтад орох хугацаа янз бүр байхаар хүлээгдэж байна. Тухайлбал, аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогыг цогц байдлаар нь харахад эрчим хүч, тээвэр логистик, ус хангамжийн төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр хүлээгдэж байгаа ба энэ нь ч одоо хэрэгжиж буй бодлогын арга хэмжээний нэг хэсэг юм. Түүний дараа дэд бүтцээр хангагдсан эдийн засгийн үр өгөөж өндөртэй, худалдан авагч болон нийлүүлэгч тал баталгаажсан, аж үйлдвэр, экспортыг дэмжих төслүүдийг бид аль болох төсөвт хамааралгүй байдлаар буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт тэр дундаа төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилтийн арга механизмыг түлхүү хэрэгжүүлэх бодлого  баримтална” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn