Төгсөх ангийн сурагчдын хувьд амьдралын дараагийн  алхмаа тодорхойлох хариуцлагатай мөч ойртсоор байна. Ирээдүйн мэргэжил, суралцах сургууль  зэрэг чухал шийдвэрүүдийг эргэцүүлэн бодох  цаг асуй. Мэргэжлээ сонгох чухал алхам болох ЭЕШ эхлэхэд  хоёр сарын хугацаа үлджээ. Энэ жилийн ЭЕШ-ыг  зургаадугаар сарын 25-наас эхлүүлэн зохион байгуулна гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. Тиймээс Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд томоохон их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам, элсэлтийн шалгалтын босго онооны жагсаалтыг танилцуулсан билээ.

Орон нутагт  сургалтын  үйл ажиллагаа эрхэлж байгаа дээд  боловсролын сургалтын байгууллага  болон дээд боловсролыг сургалтын байгууллагын  орон нутаг дахь  харьяа салбар сургуульд  2026-2027 оны хичээлийн жил  дэд бакалавр болон бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт оюутан элсүүлэхэд баримтлах элсэлтийн шалгалтын  үндэсний хэмжээний босго оноог  430 байхаар  тогтоосон.

Улсын  хэмжээнд 2026-2027 оны ЭЕШ-ын босго оноог  450-500 байхаар тогтоосон байна. Энэ жил босго оноонд өөрчлөлт ороогүй ч өмнөх  жилүүдтэй харьцуулахад зарим хичээлийн босго оноог  нэмэгдүүлсэн байна. Энэ нь цагдаа, хууль, хүчний байгууллагын чиглэлд  суралцахаар олон хүн бүртгүүлдэг учраас  тухайн мэргэжлийн онцлогоос шалтгаалж ийнхүү босго оноог тодорхой хэмжээнд нэмжээ.

О.Оюунтунгалаг

Энэ жил арванхоёрдугаар ангиа төгсөх Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч О.Оюунтунгалагийн хувьд   “Босго оноог уян хатан тогтоох нь боловсролын салбарт илүү олон хүнийг хамруулах, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд эерэг нөлөөтэй” гэдгийг хэллээ.  Тэгвэл энэ жил ЭЕШ-ын босго оноог тогтоохдоо юун дээр анхаарч ажилласан  гэдгийг албаны хүмүүсээс тодрууллаа.

 

Хичээлийн сонголтыг нэмжээ

 

Энэ жилийн ЭЕШ-тай холбоотойгоор зарим зохицуулалтад өөрчлөлт оруулж, ерөнхий боловсролын  сургуулийн төгсөгчдөд  илүү боломж  олгох шийдвэр гаргасан байна.  Тодруулбал,  дээд  боловсролын  сургалтын байгууллагуудын  мэргэжлийн  тэнхимүүдийн  санал, хүсэлтийг үндэслэн  элсэлтийн шалгалтад тооцох хичээлийн сонголтыг зарим чиглэлд нэмжээ.

Инженерийн чиглэлийн  мэргэжилд  элсэхэд зөвхөн математикийн хичээлээр хязгаарлахгүйгээр  энэ жилээс боломжит хувилбаруудыг нэмсэн байна.Жишээлбэл, нэгдүгээр шалгалтын хичээлд  математик,  физик зэрэг сонголтыг багтааж, хоёрдугаар шалгалтын хичээлд англи хэл, хими зэрэг боломжит хувилбаруудыг оруулжээ. Ингэснээр шалгуулагчид  өөрийн өгсөн  шалгалтын хичээлд тулгуурлан  илүү олон  мэргэжлээс  сонголт хийх боломжтой болж байгаа юм.  Учир нь  шалгуулагчид ЭЕШ-ыг ихэвчлэн  хэд хэдэн өөр хичээлээр өгдөг.  Гэвч тухайн өгсөн хичээл нь  зарим мэргэжлийн шаардлагатай хичээлтэй  тохирохгүйгээс  сонголт  хязгаарлагдах тохиолдол гардаг байжээ.  Гэвч энэ нь судлагдахууны хувьд тийм хол зөрүүтэй байдаггүй аж.

Мөн энэ жилийн  нэг онцлог нь  дэд бакалавр болон бакалаврын түвшний босго оноог тус тусад нь баталж өгчээ.  Ажлын хэсгийн дүгнэлтээр  дэд  бакалаврын босго оноог  нэмэгдүүлэх  шаардлагатай  гэж үзвэл бакалаврын түвшний  босго оноог нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн санал гарсан гэдгийг Дээд мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын  газрын ахлах мэргэжилтэн Г.Мандах хэллээ. Тэрээр “ЭЕШ-ын босго оноог хатуу шийдвэрээр тогтоодоггүй, олон талын оролцогчдын  байр суурийг  сонсож шийдвэрлэдэг. Босго оноо тогтоосноор гадаадад суралцах оюутнуудын тоо нэмэгдэхэд нөлөөлж байна.  Мөн нөгөө талаараа ЭЕШ-ын босго оноо жилээс жилд нэмэгдэх  нь эерэг  сөрөг  хоёр  талтай.  Тиймээс бид дотоодын зах зээл өөрөөр хэлбэл дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн  суралцагчдын  тоог хадгалах зорилгоор  босго оноог тогтоохдоо  олон байр суурийг сонсдог.  Мөн  элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо дээд боловсролын чанарт ямар нөлөө үзүүлж байгаа талаар суурь судалгаа хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Суурь судалгааг хийж гүйцэтгэхийн тулд тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Бид тэгш хүртээмжтэй  боловсролыг  олгох бодлогыг  баримталж ажиллаж байна” гэлээ.

 

“Алслагдсан сум, багийн сургуулиудын сургалтын чанарыг стандарт түвшинд хүргэхэд бодлогоо чиглүүлэх ёстой”

И.Номинзул

ЭЕШ-ын  босго оноог  тогтоох асуудлын хүрээнд зарим хувийн сургуулиас   босго оноог бууруулах, зарим  нь  бүр босго оноо тогтоохгүй байх боломжийг  судлах санал ирүүлсэн байна.  Тэгвэл босго оноог бууруулах, нэмэгдүүлэх, зохистой түвшинд нь барих тал дээр суралцагчид болон багш нар ямар байр суурьтай байгааг  тодруулсан юм.  И.Номинзулын хувьд Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил цогцолбор сургуулийн арванхоёрдугаар ангид сурдаг. Тэрээр “Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо буурах нь нэг талаасаа олон сурагчдад боломж олгож, их дээд сургуульд элсэх боломжийг нээж өгөх сайн талтай. Гэвч нөгөө талаас энэ нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж бодож байна. Учир нь босго оноо буурснаар хангалттай суурь мэдлэг, чадваргүй сурагчид их сургуулийн босгыг давж орж ирэх боломж нэмэгдэнэ. Ингэснээр сургалтын явцад хичээл ойлгохгүй, хоцрогдох, цаашлаад сургуулиа орхих зэрэг асуудлууд гарч болзошгүй. Мөн багш нарын ачаалал нэмэгдэж, сургалтын чанар нийтэд нь буурах магадлалтай. Үүнээс гадна төгсөгчдийн мэдлэг, ур чадвар сул байвал хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг бууруулах сөрөг үр дагавартай. Тиймээс босго оноог тогтвортой байлгах нь чухал юм” гэдгийг хэлж байлаа.

Харин  Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЕБС-ийн нийгмийн ухааны багш Г.Март “Босго оноо бол хариуцлагын хэмжүүр.  Боловсролын тогтолцоонд босго гэдэг бол зөвхөн математик тоон үзүүлэлт биш юм. Энэ нь дээд боловсрол эзэмшихээр зорьж буй иргэний сурах чадвар, хувийн хариуцлага, танин мэдэхүйн түвшинд тавьж буй хамгийн наад захын шаардлага гэж боддог.  Босго оноог бууруулснаар сурагчдын дунд яаж ийгээд л их сургуульд орчихно гэсэн бэлэнчлэх сэтгэлгээг өдөөж, тэдний өрсөлдөх чадварыг сулруулах аюултай. Бид оноог бууруулах биш, харин алслагдсан сум, багийн сургуулиудын сургалтын чанарыг стандарт түвшинд хүргэхэд бодлогоо чиглүүлэх ёстой. Хүүхдэд загас өгөх биш, загас барих аргыг нь чанартай зааж өгөх нь төрийн үүрэг билээ. Өнөөдөр манай нийгэмд зөвхөн дипломтой хүн биш, чадвартай мэргэжилтэн ус агаар мэт дутагдаж байна. Босго оноо нь сурагчдыг өөрийн чадварт тохирсон мэргэжлээ сонгох, эсвэл МСҮТ, коллеж руу чиглүүлж, мэргэжилтэй ажилтан болоход нь тусалдаг нийгмийн нэг төрлийн шүүлтүүр юм. Энэ шүүлтүүрийг сулруулснаар бид хөдөлмөрийн зах зээл дэх мэргэжилтэй ажилчдын хомсдолыг улам нэмэгдүүлж, дээд боловсролтой ажилгүйчүүдийн армиа зузаатгах сөрөг үр дагавартай. Боловсролын салбар бол улс төрөөс ангид, мэргэжлийн түвшинд шийдвэр гаргадаг салбар байх ёстой. Чанартай боловсрол бол улс орны тусгаар тогтнол, нийгмийн хөгжлийн дархлаа гэж боддог” гэдгийг хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 66 (7808)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn