П.АМГАЛАНБАЯР

 

Зохиолч бүрийн уран бүтээлийн ертөнц, мөн чанар, сэтгэмж дахин давтагдашгүй үнэ цэнтэй байдаг. Тиймээс “Зууны  мэдээ” сонины энэ удаагийн  “Би номынхоо тухай” буланд орчуулагч Н.Номинбилэгийг урьж, зохиолч Пэк Сэхиний  “Би үхмээр байна. Бас догбуги идмээр байна” номын талаар ярилцлаа.

 

-Зохиолч уг номоороо дамжуулан  уншигчдад  ямар гол санаа, мэдрэмжийг  хүргэхийг зорьсон гэж та бодож байна?

-Сэтгэл зүйн гутрал, хямралд орсон хүнд хорвоо ертөнцөд өөрөөс нь өөр ингэж зовж зүдэрч яваа хүн үгүй мэт санагдаж, ганцаардан энэлэх нь бий. Ийм үед өөртэй нь ижил мэдрэмжтэй яваа хүний туршлагыг олж мэдэх, сэтгэгдлээ хуваалцах нь нэн тустай.

Пэк Сэхи номынхоо өмнөтгөлд “Амьдралдаа тохиосон онцлог үйл явдлуудыг эргэн харж, одоо надад төрж байгаа мэдрэмжүүд хаанаас үүдэж вэ гэдгийг эрж олбол өөрийгөө арай зөв чигт залж юуны магад. Миний чин хүсэл гэвэл хүмүүс номыг минь уншаад “Би л ганцаараа ийм мэдрэмжтэй явдаггүй юм байна”, “Хүмүүс бас ингэж л амьдардаг юм байна” гэж бодох юм хэмээн нэн тодорхой бичсэн.

-Номоос онцлох гурван эшлэл хэлээч. Яагаад энэ хэсгүүдийг онцлох вэ?

-Зарим үед өөрийг тань хэзээ ч анхаарч сонсохгүй хүнээс холхон шиг байх нь хамгийн зөв шийдэл болдог. Орчлон дээрх бүх бурууг залруулах гэж зүтгэх нь ямар ч хүнд давшгүй даваа.

-Бусдыг ойлгодог хүн болох гэж хичээж эхлэх цагаас л тэр чинь дараа болж хувирна. Тэгснээр бусдыг ойлгох чадвар тань харин ч дордоно. Сонирхол төрөхгүй байхад сонирхсон дүр эсгэх сайн юм ер биш.

-Асуудлын гол нь бусдыг гоочилж гутаагчдад байдаг атал яагаад бид нэг нэгнийгээ дорд үзэж, нийгмийн хүлээлтэд нийцэхийн төлөө зүтгэх ёстой юм бэ. Ингэж бодохоор ямар их бухимддаг гээч. Би өөрөө ч хүртэл энэ гажуудлаас гарч чадахгүй “өөрөөсөө илүү” нэгнийг харахдаа гутарч, “өөрөөсөө дутуу” нэгнийг харахдаа итгэл минь батжиж, сэтгэл уужирдаг. Үүнийг анзаарах ямар муухай, жигшмээр байдаг гэж санана.

Бидний амьдралд үнэн хэрэгтээ ямар ч ач холбогдолгүй хүмүүсийн бодол, сэтгэгдэлд өөрсдийн оршихуй, үнэлэхүйгээ тэр чигт нь хүлж орхих нь түгээмэл. Үүнийг болих хэрэгтэйг энэ ном сануулдаг. Мөн хүчээр сайн хүн байх гэж тэмүүлэх нь тийм ч үр дүнтэй арга биш гэдгийг, нийгмийн хүлээлт гэдэг зүйлд ухаан санаагаа мэдүүлж болохгүйг хэлсэн учраас энэ гурван эшлэлийг онцолж байна.

-Номын орчуулагчаар ажиллахад  танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Би өөрөө сэтгэлзүйн хувьд харьцангуй тогтвортой байж ирсэн учраас зарим талаар сэтгэл гутралыг ойлгоогүй явснаа ухаарсан. Сэтгэлээ бүрэн уудалж, хэнээс ч ичиж эмээлгүйгээр мэдрэмжээ хуваалцсан Пэк Сэхигийн түүхтэй танилцахад өгөөжтэй байсан.

Номын аль хэсэг илүү хүнд тусах, сэтгэгдэл төрүүлэх нь тухайн уншигчийн амьдралын туршлага, номыг унших үеийн сэтгэл хөдлөлийн хэлбэлзэлтэй холбоотой болов уу. Орчуулагч би бус, ном маань гол дүр учир тайзыг номдоо үлдээе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 66 (7808)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn