
М.ГАН
Төрийн өндөр албан тушаал хашиж нэр нь сэвтээгүй жирийн нэгэн инженер хэл, соёл, шашин шүтлэгээрээ онцлогтой алс баруун хязгаар нутгийг удирдахаар болжээ. Шеруши Бахат овогт Хузкейн Дармен Баян-Өлгий аймгийн Засаг дарга болсон байна. Тэрээр 1964 онд Өлгий суманд төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт тус суманд оршин суудаг.
Х.Дармен нь 1982 онд Улаанхус сумын Зайсановын нэрэмжит 10 жилийн дунд сургууль, 1987 онд Улаанбаатар хотын Политехникийн дээд сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станцад инженерээр эхэлж эрчим хүчний салбарт инженер, Ерөнхий инженер, даргаар 30 гаруй жил ажилласан гэж намтартаа бичжээ.
дчилсан холбоо, Ардчилсан намын анхны гишүүн ч гэлээ Х.Ержан шиг гудамжинд жагсдаггүй, дундыг баримтлагч байв.Гэхдээ Аймгийн ИТХ-д гурван удаа сонгогдож, ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байсан улс төрийн идэвхтэй нэгэн. Эрчим хүчний салбартаа бол тэргүүний ажилтан гэнэ.
Казах түмэн өнгөрсөн болон одоогийн парламентад эрчим хүчний инженер А.Тлейханд хоёр удаа итгэл үзүүлсэн бол энэ жил Засаг даргаараа мөн ижил мэргэжилтэй хүнийг сонгожээ. Тэгэхээр цөөнхүүд эрчим хүчнийнхнийг тоож Их хуралд суух төлөөлөл, нутгийнхаа удирдлагыг энэ салбараас олжээ. Өөрөөр хэлбэл, Өлгийнхөн эрчим хүчний салбарынханд “хайр” зарласан он жилүүд үргэлжилж байна. Гэхдээ Х.Дармен УИХ-ын гишүүн А.Бакейтэй улс төрийн тавцанд хамтран зүтгэгч нь. Эрхэм гишүүний нөлөө бүхий хүн гэдгийг аймгийн улс төрийн хүрээнийхэн мэддэг юм билээ. Тэрээр хувийн бизнесгүй, ердөө эрчим хүчний салбарт эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж ирсэн казах улстөрчдийн нэг юм байна. Иймд улстөржихөөс илүү хувийн ашиг сонирхол гэж түүнд байхгүй бололтой. Баахан компанитай баян С.Хавылтай харьцуулбал Х.Дармен “хоосон” дарга гэнэ.
Баян-Өлгий бусад аймгаас хавьгүй илүү улстөрждөг. Өнгөрсөн дөрвөн жил өвөл, зунгүй улс төрийн суулт зарлаж байсан. Зохион байгуулагч нь өдгөө Улаанбаатарт буй Х.Ержан. Тэрээр Зам тээврийн яамны дэд сайдын албатай. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон цөөнхийн ганц төлөөлөл юм. Баян-Өлгийн удирдлагын тухай өгүүлэхэд Х.Ержан заавал дурдагддаг. Яагаад гэвэл түүний тэмцэл олон удаа ялагдсан Ардчилсан намыг Өлгийд олуулаа болоход асар их хувь нэмэр оруулсан гэдэг юм билээ. Одоогийн Засаг дарга Х.Дармен Ардчилсан намын гол хүн боловч Х.Ержаны ард байсан гэдэг. Тэдний тэмцэл энэ удаагийн сонгуульд Өлгийд ардчилал ялж Засаг ноёнтой болгосон юм.
Х.Дармен Засаг даргад нэр дэвшихдээ ямар ч өрсөлдөгчгүй тодорчээ. Нам дотроо ч хагарал тэмцэл байсангүй. Ганцхан түүнийг Засаг дарга болгохоор сайн тохироо хийжээ. Нөгөө талаар дээрээс нь ч бодлогоор тууштай дэмжсэн гэнэ.
Ардчилсан нам Баян-Өлгийд 1996 онд ялсан, түүнээс хойш улаан тойрог байлаа. 2004 онд аймгийн ИТХ-д хоёр том нам бараг тэнцүү суудал авч АН-ынхан хурлын даргыг, МАН Засаг даргынхаа суудлыг авч байв. Гэхдээ тухайн дөрвөн жилд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, удирдлагаа хэдэн удаа сольж байлаа. Ерөөсөө Өлгийнхний улс төрийн сонголт ч, нөхцөл байдал ч туйлын тогтворгүй явсаар ирсэн юм.
2012 оны орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ 33 төлөөлөгчөөс бүрдэж, үүнээс Ардчилсан нам 21, Ардын нам 11, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэг гишүүн сонгогджээ. Тэдний дунд дөрвөн эмэгтэй төлөөлөгч орсон нь энэ жилийн сонгуулийн онцлог үйл явдал болжээ. Казах эмэгтэйчүүд улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцдог гэдгийг орон нутгийн сонгуулиас харж болно. Аймгийн ИТХ-ын даргаар Секел-Азан овогт Бураны Лазатханыг сонгожээ .Тэрээр аймгийн “Эх Орон” намын нарийн бичгийн дарга, ИТХ-ын төлөөлөгч, “Эх орон-Ардчилал” эвслийн дэд дарга, аймгийн Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байсан. Мөн л түүнд компани, аж ахуйн нэгж байдаггүй гэнэ. Ийн зөвхөн нам, улс төрийн ажил хийдэг хоёр эрхэм ойрын дөрвөн жилд казах түмнийг удирдах болжээ.