Л.Оюун: Мега төслүүдээ хөдөлгөвөл инфляц тогтворжино

0
хуваалцах
741
үзсэн

Ц.МЯГМАРБАЯР

Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг зургаан хувьд хэвээр үлдээсэн.Түүнчлэн инфляц 10.2 хувьд хүрч зорилтот төвшнөөс давсан. Цаашид инфляцыг тогтвортой барих боломжийн талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.

 

- Инфляц Төвбанкны төсөөллөөс давж хоёр оронтой тоон дээр ирээд байна. Дунд хугацаандаа төсөөллийн орчимд ирнэ гэж үзэж байна. Инфляц нэг оронтой тоондоо буцаад тогтворжих боломж бий юу?

-Инфляцыг зорилтот түвшинд бууруулахын тулд хоёр оронтой тоонд  орсон шалтгааныг нь тогтоож, түүнийг арилгах хэрэгтэй болно. Одоо инфляцид нөлөөлж байгаа олон шалтгаануудаас Засгийн газар, Монголбанкны мэдэлд байгаа шалтгаан бий эсэхийг харахад жаахан хүнд байна. Тухайлбал, хил хаалттай болсноос хамаарсан шалтгаан байна. Манай засгийн газраас гэлтгүй БНХАУ-ын бодлогоос хамаарах хүчин зүйлс илүү байна гэж харж байна.

- Нийлүүлэлтийн хүчин зүйлээс шалтгаалж өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авах чадвар муудсанаас инфляц өсөх шалтгаан болсон гэлээ. Цагаан сарын баяраар иргэдийн худалдан авах байдал эрс нэмэгддэг. Хил хаалттай энэ үед хэрэгцээ тийм ч их байхгүй болов уу. Тэгэхээр ойрын хугацаандаа инфляц дахин өсөх биш үү?

-Манай инфляцид бензиний үнийн өсөлт, барилгын материалын үнийн өсөлт зэрэг барааны үнийн өсөлт илүү хувь дарж байна.

- Уг нь инфляцийг хоёр оронтой тооноос нэг оронтой тоо руу оруулах гэж олон жил хичээсээр 2020 онд арай гэж авчирсан. Одоо дахин хоёр орон тоо  руу орчлоо.  Репо санхүүжилтийн зээлийн хүүг 6 байсныг сая Төвбанк 6.5 хувь болгож өсгөлөө. Тэгэхээр үүнийг дагаад банкуудын зээлийн хүү өсөх нь тодорхой боллоо. Уг нь зээлийн хүү хадагамжийн хүүгээ дагаад бууж байсан. Одоо эргээд өсөхөөр байна?

-Тийм. Инфляцыг буулгах нэг арга бол мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зам байдаг. Гэтэл Монголбанкны хүүний хувь өндөр байгаа нь мөнгөний нийлүүлэлтийг өсгөхгүй. Гэхдээ энд нэг зүйлийг тайлбарлая.   Мөнгөний нийлүүлэлтийг хийхдээ маш шулуун хэлэхэд эхний ээлжинд хил дээр гацаад байгаа мөн тээвэрлэлтийн зардал нь өсөөд байгаа бараануудын үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэхэд дэмжих байдлаар хийх хэрэгтэй. Цалин нэмэгдүүлэх замаар борлуулалтыг дэмжих замаар инфляцыг бууруулна гэвэл богино хугацаандаа ахиц гаргаж болох ч дунд урт хугацаандаа инфляцыг улам хөөрөгддөж байдаг. Учир нь нийлүүлэлтийн хомсдолоос болоод гарч байгаа үнийн өсөлт борлуулалт байхгүй учраас дээрх үр дагаварт хүргэнэ.

- Тэгэхээр үнэ нь байнга хэлбэлздэг зүйлсээс үүдэн инфляц өсөх болгонд Монголбанк мөнгөний бодлого явуулаад хариу арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Энэ талаар?

-Инфляцын эсрэг авч байгаа мөнгөний нийлүүлэлтээр дамжуулан авч байгаа арга хэмжээг миний дээр хэлснээр богино, дунд, урт хугацааны үр дагавар нь ямар байна гэдгээр хардаг. Гал унтраах байдлаар инфляц өөрчлөгдөх бүрт хариу арга хэмжээ авах нь зохистой биш нь ойлгомжтой. Тэр тусмаа мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлтийн үр дагавар цаг хугацааны хоцрогдолтойгоор гарч байдаг учраас өнөөдөр авсан арга хэмжээ тодорхой хугацааны дараа эсрэг үр дүн гардаг. Инфляцын эсрэг хариу арга хэмжээг  тэр болгонд нь авах нь буруу байдаг. Тэгэхээр энэ талаар Монголбанктай санал нэг гэсэн үг.

- Шатахуунаас үүдсэн инфляцын өсөлтийг зохицуулахад маш төвөгтэй гэдэг. Тэгэхээр ямар бодлогоор зохицуулах нь зүйтэй вэ?

- Шатахуун  манай инфляцид нөлөө үзүүлдэг гол барааны нэг. Олон жил ийм байсан. Гол асуудал нь  шатахуун инпортлогч орон, нөгөө талаар энэ зах зээл монопольт зах зээл. Стратегийн ач холбогдолтой бараа болохынх нь хувьд төрийн оролцоо хэрэгтэй. Төр оролцохдоо шатахууны үнийг зориуд бага түвшинд барих бодлого барих хэрэгтэй гэсэн үг. Энэ байдлаас үүдээд  төсөв алдагдал хүлээгээд ч болов шатахууны үнийг барьж байх хэрэгтэй юм. Учир нь энэ бараанаас хамаарч инфляцид орж, түүнээс гарах хор уршиг нь их учраас үнийг нь тогтовортой барьснаас гарах хохирол нь чөлөөлсөнөөс үүдэх хохиролоос бага л байх болно. Улс орнууд ер нь стратегийн ач холбогдолтой барааны үнийг зориудаар, зохиомлоор барьж байдаг. Тэгж байж учрах хохирол макро түвшиндээ бага байдаг. Тэгэхээр энэ миний яриад байгаа арга механизмыг хэрэгжүүлэх боломж одоо манайд байхгүй. Ийм боломж байснаас НИК-ийг хувьчилснаар алдсан. Гэхдээ Энэтхэгийн засгийн газартай хамтран хийж байгаа нефт олборлох үйлдвэрийн төслийн үр дүнгээр дээрх боломж эргэж ирнэ. Нөгөө талаар дээрх мяга төсөл хэрэгжих хүртэл шатахууны зах зээл дээр өрсөлдөөн гарах боломжийг хангаж өгөх хэрэгтэй юм. Гадны орнуудаас өрсөлдөгчид орж ирэх нөхцөлийг хангах хэрэгтэй.

 -Ирэх  онд нийлүүлэлтийн шинжтэй сөрөг зүйлүүд саарахгүй бол бодлогын хүүд тохируулга хийнэ гэнэ. Тэгэхээр мэдээж бодлогын хүүг  нэмэгдүүлэх байх. Ингэснээр инфляц дагаад нэмэгдэх үү. Тохируулгаар зохицуулагдахгүй нөхцөл үүсэх үү?

- Бодлогын хүүг нэмэгдүүлэхгүй л болов уу. Бодлогын хүүний нормыг өсгөвөл  мөнгөний нийлүүлэлт буурч эдийн засаг эргэлдэх мөнгө багасаж, мөнгө нь багассан эдийн засаг хямрана. Инфляцаас гарах, байнга шоконд ороод байхгүйн тулд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж бүгд л мэднэ. Хэрэгжилт л асуудалтай байна. Мөнгөний болон төсвийн бодлого үндэсний бодит үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой. Энэ талаар мөн ч олон жил ярьж байна. Олон судлаачид, эдийн засагчид ярьж тодорхой санал дэвшүүлж ирсэн. Сонсохгүй байна л гэж боддог. Нэг нам эрх барьж, улс төр харьцангуй тогтовортой байгаа үед үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлбэл богино, урт хугацаандаа зорилтод инфляцын түвшинг хангах боломжтой байна.   

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.23 ПҮРЭВ № 252 (6729)