Г.АМАРСАНАА

 

Өнөөдөр “АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг их наяд ам.долларыг ардчилсан засаг, төр байгуулахад, 85 тэрбумыг орчин үеийн зэвсэгт хүчинд зарцуулчихсан байхад Афганистаны арми талибуудад яагаад тийм амархан ялагдав” гэсэн асуулт хариулт нэхсээр байна. Энэ асуудлыг АНУ-ын Конгресс авч хэлэлцээд тусыг эс олсон. Энэ асуултын хариуг англи-саксчууд байтугай баруун, зүүн европ нийлээд ч олж чадахгүй байх нигууртай. Цаад учир нь ийм юм.

Хүн төрөлхтөн 99.99 хувь адилхан буюу тэг зууны ганц хувийн генийн ялгаатай. Бидний дотор эрхтэнд шимэгчилдэг нематод гэх хорхой хүний гентэй 70хувь яг адилхан. Энэ нь биднийг хэн нэгэн бус байгаль бий болгосон гэсэн үг. Үндэстнүүд генээр биш яаж сэтгэж байна гэдгээр ялгардаг. Ерөөс сэтгэх гэдэг хүнийг амьтнаас ялгах гол шинж билээ.

Монголчууд олон мянган жилийн турш эх байгалийнхаа нэгэн хэсэг болж, бидний хэлдгээр эко системийн бүрэлдэхүүн болж амьдарсан тул аливааг цогцоор нь харж дүгнэлт хийдэг болсон аж. Тэгвэл дээрх асуултын хариуг монгол ухаанаар буюу цогцоор нь харах гээд үзье.

Өнөөдрөөс 60 сая жилийн өмнө сүүлчийн, ээлжит их мөстлөг дэлхийг бүрхэж дэлхийн олон галт уулын ачаар мөс хайлж, үр дүнд нь үетэн /өвс/ хэмээх ургамал шинээр үүсэж, улмаар энэ ургамлаар хооллодог тууртангууд бий болжээ. Ийнхүү үетэнг тариалж суурьшмал, тууртанг гаршуулж нүүдлийн гэсэн соёл иргэншил бий болов. Суурьшмал иргэншилд тариалан, нүүдлийн иргэншилд малын үр шимийн дээжийг хүртдэг хаад, ноёд гэсэн анги яг адилхан бий болжээ. Яваандаа худалдаачид гэсэн чинээлэг бүлэг бий болсон ч ноёлох анги гол худалдан авагч нь байснаас ямар нэгэн зөрчил үүссэнгүй.

Иргэншил бий болсноор хүн амын тоо эрс нэмэгдэж энэ олон хүний харилцааг зохицуулах зориулалтаар, байгалийн үзэгдлийг шүтэх мухар сүсгийг халж шашин бий болов. Цаашид шашин сүм, хийдээс улбаалан шинжлэх ухаан үүсэж удалгүй их сургуулиуд байгуулагдан бүрэн бие даасан мэдлэгтэн “үйлдвэрлэж” эхлэв. Чухамхүү шинжлэх ухааны ачаар оюуны өмч гэх техникийн дэвшил буюу бөөний үйлдвэрлэл бий болж үйлдвэрийн эзэд хэмээх шинэ хүчтэй анги гарч ирэн хаад, ноёдын үеийг халжээ.

Шинээр бий болсон ноёлох ангийн эрх ашгийг хамгаалах шаардлагаар “Барууны үзэл” бий болов. Мэдээж баялгийн ихэнхийг эзэмшдэг цөөнхийн үзлийн эсрэг олонхийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй “Зүүний үзэл” ч бий боллоо. Ингэснээр энэ хоёр үзлийг төлөөлсөн улстөрчид хэмээх шинэ бүлэг гарч ирэв.

Түүхэн явцад олон янзын үзэл бий болсон ч нийгмийн шалгарлыг давж чадсангүй. Ийнхүү “Ардчилсан нийгэм” оршин тогтнов. Энэ бүхэн Аж үйлдвэрийн I-III хувьсгалын үр дүн юм. Харин өнөөгийн Аж үйлдвэрийн IV хувьсгалын ачаар хувьцаа, IPO гэх зүйл бий болсноор хөдөлмөрчдийг шулж үнэтэй бортгон малгай, тас хар фрак, цасан цагаан цамц өмсөж бусдаас ялгарч, хөрөнгө хуримтлуулан хөрөнгөтөн болох шаардлагагүй болов. Өөрөөр хэлбэл жирийн хөдөлмөрчин иргэд тив дамнасан том компаниудын хувьцаа эзэмшигч болж барууны болон зүүний өмч нэгдэж байгаа нь шинэ нийгэм бий болох суурь тавигдаж байгаа явдал аж. Өмч нэгдэнэ гэдэг үзэл нэгдэх үйл явц эхэлсэн гэсэн үг.

Үзэл нэгдэнэ гэдэг улс төр гэх өрсөлдөөн, тэмцэлдээн устаж шинжлэх ухаанаар “ном хаялцах” үе буюу нам цэвэр үзэл бодлын нэгдэл болж, улс төр гэх популизмаас салах цаг айсуй гэсэн үг. Шуудхан хэлэхэд баруун болон зүүний үзлийн суурь болдог өмч нэгдэж улс төр нь байхгүй болж байхад улстөрч гэх шимэгч гэмээр бүлэг үлдээд байгаа аж. Иймээс АН хагараад байгаа юм биш энэ намын суурь болсон Барууны үзэл байхгүй болчихсон учир самгардаад байгаа болж таарч байна. МАН болон ХҮН-ын Зүүний үзэл ч адилхан алга болж буй тул удахгүй баруун, зүүний үзэл гэвэл боловсролгүй золиг гэж хэлэгдэнэ гэсэн үг.

Судлаачид судалгааны хэрэглэхүүүн, арга зүй хоёроо л сонгох эрхтэй. Энэ хоёр нийлж судлаачаас үл хамаарах, зүй тогтлыг гаргаж харуулахыг шинжлэх ухаан гэнэ. Мэдээж судалгааны хэрэглэхүүн нь тухайн үедээ дэлхийн өнгийг тодорхойлсон Эртний Грек, Ромын эзэнт гүрэн, Их Монгол улс, Англи, АНУ байж таарна. Эд нарын нийтлэг зүй тогтол нь бидний хайж буй зүйл юм. Грекчүүд төв цэнгэлдэхдээ цугларч дэмжвэл цагаан чулуу, эсэргүүцвэл хар чулуу вааранд хийж олонхийн саналаар асуудлаа шийддэг байж. Харин Ром тогтмол парламент, цезарь гэх тэргүүнтэй, монголчууд Их хуралдай гэх тогтмол бус парламент, Их засаг гэх үндсэн хууль, хаан гэх тэргүүнтэй, Англи давхар шатлалтай хууль баталдаг тогтмол парламенттай, Ерөнхий сайд гэх тэргүүнтэй, АНУ улс төдийгүй муж бүрдээ хууль тогтоох хос парламенттай, Ерөнхийлөгч гэх дундын Гүйцэтгэх засгийн тэргүүнтэй ажээ.

Өөрөөр хэлбэл тухайн үедээ бусад улсаас илүү дэвшилтэт нийгмийн тогтолцоо бий болгосон улс суга хөгждөг юм байна. Харин нийгмийн илүү дэвшилтэт тогтолцоо гэж асуудлыг шийдэхэд иргэд эсвэл иргэдээ гэсэн элит хэсгийг оролцуулах явдлыг хэлдэг аж. Ардчилал гэдэг чинь үнэндээ энэ л юм байна. Харин элит хэсэг элит бусчуудаар солигдвол хоцрогдсон нийгэм болдог хуультай аж. Тэгвэл бидний Ардчилсан гэх нийгэм бүх иргэдийн тэгш эрхийг хуульчлан тунхагладаг ч үүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй “дотоод”, бүх тусгаар улс тэгш эрхтэй гэдэг ч үүнийгээ биелүүлж чаддаггүй “гадаад” гэсэн хоёр том зөрчилтэй нийгэм аж.

Өнөөдөр Ардчилсан нийгэм энэ хоёр том зөрчилдөө “идэгдээд” дуусаж байна. Үүнийг зарим судлаачид системийн хямрал гэх нь бий. Энэхүү нийгмийн тогтолцооны шилжилтийг “системийн хямрал” гэж хий хөөрөгдөх нь хувьсгалд хүргэж цус урсган ёроолын хог, новшнууд дээшээ гараад ирдгийг мартаж болохгүй. Үүнийг монголчууд “Түрийний бөөс толгойд гарах” гэдэг. Тэгэхээр Ардчилсан нийгэм маань яг л зай нь нурсан гар утас, мотор нь цохисон машин лугаа зүгээр л хуурмаг дүр бүхий популист нийгэм болчихсон юм байна. Популист гэдэг чинь худалч, хулгайч гэсэн үг. Татвар төлөгчдийн маш их мөнгө буюу мянган тэрбум ам.доллараар босгосон Афганистаны ардчилсан засаг төр, арми гэх “хөзрөн байшин” маш хурдан нурж унасан цаад учир, шалтгаан нь энэ ажээ. Нэгэнт цэнэг нь дуусчихсан Ардчилсан гэх нийгмийн элит бус хэсэг болох улстөрчдийн төр, засаг цаашид огт явцгүй болсон гэсэн үг. Ардчиллын өлгий АНУ-д л гэхэд улстөрчид нь өөрсдөө үгсээд үрчихсэн улсынхаа өрийн таазыг нэмэхээс өөр зүйл хийж чадахгүй болчихсон сууж байна.

Талибан гэдэг нь Афганистаны өмнөд, зүүн өмнөд мужууд болон Пакистаны хил залгаа хэсэгт амьдардаг пуштунчуудын хэлээр “сурагч, оюутан” гэсэн үг. “Талибан” хөдөлгөөнийг бий болгосон “нөхөд” бол Афганистаны Медрес гэх исламын шашны сургуулийн оюутнууд. Исламын шашны тулгуур үзэл бүхий энэ хөдөлгөөн оросууд гарсны дараах эрх мэдлийн төлөөх иргэний дайны дотоодын хагархай, бутархай байдлыг халан Афганистаныг нэгтгэсэн том хүч болж 1994 онд анх гарч ирсэн түүхтэй. Тэгвэл орчин үеийн боловсролоос хол шашны сургуулийнхан Афганистаны төрийн эрхэнд хоёр удаа гарсан цаад “эзэн” болох учир, начир нь юу юм бол гэсэн асуулт гарна. Харин хариултыг нэлээн холоос хайх хэрэгтэй болно.

XIX зууны Манж Чин улс европчуудад хаалттай баян чинээлэг улс байв. Европынхан энэ улсаас шаазан эдлэл, цаас, цай, торгоноос авахуулаад маш олон зүйлийг экспортлох наймааг зөвхөн Гуанжоу боомтод хийж, эндээс цааш ганц ч алхах эрхгүй байжээ. Европчуудтай худалдаа хийдэг манжийн 13 компани дуртай цагтаа үгсэн хуйвалдаж үнээ нэмж, бараагаа зөвхөн алт, мөнгөөр зарж байсан тул фунт стирленгийн ханш болохоо байв. Иймээс англичууд хятадад маш их эрэлт үүсгэн завсаргүй зарагдах бараа олох хэрэгтэй болжээ. Үүнийгээ ч олов. Энэ нь хар тамхи. Ийнхүү Манж Чин улсад хар тамхи тахал болон тархаж удалгүй жирийн иргэдээс гадна төрийн албан хаагчид, цэрэг армийнхан хүртэл хэрэглэх болов. Англичууд хар тамхийг зөвхөн цэвэр мөнгөөр зарж байсан тул гадаад худалдааны алдагдал арилан бүр ашигтай болж үндэснийх нь мөнгөн тэмдэгтийн ханш чангарав. Юу болоод буйг ойлгосон Манжийн хаан хар тамхины эсрэг маш хатуу, чанга арга хэмжээ авч явуулсан тул орлогогүй болсон англичууд манжаас гадна далиманд нь Японыг хилээ чөлөөтэй нээхийг албан ёсоор шаардав.

Япончууд зөвшөөрч англи тогтолцоог аван удалгүй аж үйлдвэрийн хүчирхэг гүрэн, зөвшөөрөөгүй манж хоёр дараалан бут цохиулж устахад бэлэн болов. Энэхүү “Хар тамхины I, II дайн” гэх байлдааныг ашиглан хойд хөрш нийт хэмжээ нь манайхтай яг адил урд хөршийн газар нутгийг дараалсан хос гэрээгээр түр авч эзэгнэв. Энэ нь хоёр хөршийн ирээдүйн харилцааны маш том “ангал” болж үлдэв. Учир нь Дэн Сяопин агсан оросуудад “Бид хэлсэн амандаа хүрдэг ард түмэн шүү” гэж анхааруулсан билээ.

Аж үйлдвэрийн хувьсгал хийдэг Англи нийгмийн дэвшилтэт тогтолцоог авч бүс нутагтаа тасархай хүчирхэг болсон япончууд 1905 онд цагаан оросыг бут цохин ар монгол оросын мэдэлд, өвөр монгол болон хятад японы мэдэлд байх нууц гэрээ байгуулав. 1917 онд цагаан орос улаан болсон тул япон цэрэг Алс Дорнодоор орж ирэн улаантнуудаас нууц гэрээ хэвээр байгаа гэсэн амлалт аван буцаж гарав. Улаан оросууд нууц гэрээгээ биелүүлэх гэж дотоодын хямрал бас хятадтай учраа олох гэсээр 2021 онд л сая нэг юм ар монголд Ардын хувьсгал хийлгэв. Ийнхүү орос, япон 1922 онд уг нууц гэрээгээ сунган баталгаажуулав. Инээдтэй нь энэ гэрээ өнөөдөр хүртэл нууц хэвээр байдаг.

Удалгүй ар монголчууд 1924 онд шинэ Үндсэн хууль батлан хамжлагат ёсыг халж, эмэгтэйчүүдэд тэгш эрх олгон дундад зуунаас шууд ХХ зуунд шилжиж оров. Яг үнэндээ 1642-1649 оны Хөрөнгөтний хувьсгалаар англичууд хамжлагыг халсан анхдагч улс болж хожим дэлхийн I дайнд цэрэгт явсан эрчүүдийн оронд англи эмэгтэйчүүд зэвсгийн үйлдвэрт ажиллаж эрчүүдээс дутахгүй гэдгээ батлан тэгш эрхтэй болоод байсан хэрэг. Эндээс япончууд английн дэвшилтэт тогтолцоог эхлэж байхад нь аван хүчирхэгжиж, харин монголчууд ид үед нь оросуудаар дамжуулан авснаар орчин үетэйгээ хөл нийлүүлэн хөгжих замд орсон болж таарч байна.

Тэгвэл Афганд юу болсон байх вэ?... Яг зөв. Хоёрын хоёр удаа мөхөж буй нийгэм байгуулчихсан учир талибууд гарч ирсэн байх нь. Энэ нь ардчилсан Ерөнхийлөгч нь доошоо орж дундад зууны халифууд болчихоод буй ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан өнөөгийн зарим “стан” улстай адил зүйл болсон гэсэн үг.

Өөрийн улсад төдийгүй гадаадад иргэдийн эсэргүүцлийг удаа дараа цус урсган цэргийн хүчээр дарж, 1961 онд Берлинд хана босгон, 1962 онд АНУ-тай цөмийн зэвсгээр дэлхийн гуравдугаар дайн хийчих шахсан, нэг хүнийг тахин шүтэхийг ганц хүнд тохон шүүмжилснээс өөрийн системийн Хятадын Мао Цэдун, Албаны Энве Хожи нартай харилцаа эрс муудсан, мөн шашны эсрэг явуулсан харгис бодлого, гоёмсог хувцас нууцаар үйлдвэрлэгчид болон валютын наймаачдыг цаазаар авах болсон нь дэлхийд ЗХУ-ын нэр хүндийг навс унагав. Эцэст нь ийм шийдвэр гаргасан удиргдагчийнхаа эсрэг нууц хуйвалдаанд залуучуудын байгууллагын удирдлага хүртэл нэгдлээ. Ийнхүү боловсрол ядмаг, тариачин төрхийн Н.С.Хрущёвыг 1964 оны намын Бүгд хурлаар бүх албан тушаалаас нь зайлуулж тэтгэвэрт гаргажээ. Нэг хүн улсаа удирдаж болдоггүй юм байна гэсэн дүгнэлт гарсан аж.

Ингээд “Хамтын удирдлагын тогтолцоо” гээчийг бий болгов. Энэхүү тогтолцооны мөн чанар нь Улс төрийн товчооныхон бүгд гарын үсэг зурж байж олонхийн шийдвэрийн дагуу ажил явна гэсэн үг. Яамдад том даргын тушаал гарч ажил эхлэх гэж заавал бүх жижиг дарга нар гарын үсэг зурах ёстой ч нэг нь хөдөө, гадаа томилолтоор явчихна, эсвэл өвдөж ажил зогсон цаг хугацааг ёстой хайр найргүй устгадаг болов. Үүнийг бид өнөөдөр “хүнд суртал” гэдэг. Хамтын удирдлагын тогтолцооны хамгийн муу тал нь хамтраад шийдчихсэн болохоор аль ч ажлын эцсийн хариуцлагыг хэн ч хүлээдэггүй явдал. Ийнхүү хэн ч хариуцлага хүлээхгүй болсон тул илүү эрхэндээ эрдсэн дарга нар ноёд царайлан, улс болон иргэдийн төлөө юу ч хийхгүйг хийж, харин өөрсдөө төрөл бүрээр “идэж” баян, ядуугийн ялгаа хэтрэн социалист систем нуран унав. Өнөөдөр манай яам, агентлаг яг энэ соц-бүтэц, арга барилаар ажиллаж байгаа.

Монголчууд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “Хар Пи-Ар”-ыг хэтэртэл нь хэрэглэж байсан атал Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсны дараах 2021 оны сонгуульд тоож харах нь байтугай хялам ч хийсэнгүй. Энэ нь монголчууд шинэ нийгэм байгуулж эхлэсэн гэсэн үг. Өнөөдөр Монголын парламентын хууль боловсруулж, батлуулах “фронт” дээр шинэ тогтолцоо бий болгох гэсэн шинэлэг хүчин, хуучнаа авч үлдэх гэсэн улстөрчдийн дунд хайр найргүй, цусгүй дайн хэрхэн явагдаж буйг бид харж байна. Баруун, зүүний өмч нэгдэж улс төр гээч нь үгүй болж байхад улстөрчид хэрхэн авирлахыг харах мэдээж сонин. Гэхдээ нийгмийн хөгжлийн хуулиар ирж яваа цагийнхан л ялж таарна. Харин төр, засагт байгаа иргэдээ гэсэн элит хэсгийнхэнд сануулахад та бүхэн баялгийн сан, хүүхдийн мөнгө, ипотекийн зээл, тэтгэвэр гэж тойрч давхилгүй цоо шинээр байгуулж буй нийгмийнхээ “голыг нь гогдох” хэрэгтэйг ойлгомоор байна.

Энэ нь Ардчилсан гэх нийгэм иргэдийнхээ тархинд хиймлээр бий болгосон “Яаж орон байртай болох вэ, яаж дэлхийн тэргүүний их сургуулийн төлбөрөө төлөх вэ, яаж өндөр үнэ бүхий чанартай эмнэлгийн тусламж авах вэ” гэх зохиомол хорт хавдарыг шууд авч хаях ганц зөв арга, иргэдэд очих ёстой эх орны хишиг мөнгөн хөрөнгийг дотоодын баялаг бүтээхэд оруулж, бүх иргэдээ төрөл бүрийн хувьцааны эзэд болго гэсэн үг. Энэ нь эдийн засгийн эрх бас мэдлэгтэй орчин үеийн иргэдтэй болж буй үйл явц. Ингэснээр хүний хөлс, хүчээ урсган бий болгосон бэлэн баялгийг бэлнээр нь ард олонд тарааж буруу замаар будаа тээн иргэдээ баялаг залгидаг маланцар болохоос сэргийлж, баялаг бүтээгч хэмээх бараг бурхад болгох нийгмийн маш том өөрчлөлт бий болно.

Өнөөдрийн хөгжил дэвшлийн үндсийн үндэс болсон оюуны өмчүүдийг цахимжуулж, тухайн асуудлыг яаж зөв зохион байгуулахыг тохирох оюуны өмчийн гэрчилгээний эздээс асууж шийдвэр гаргавал бусад улсаас хол тасран, өнөөдрийн Швейцариас бүхэл бүтэн шат ахин илүү үр дүн үзүүлж, цаг бас зардал хэмнэнэ. Хамгийн гол нь тэдгээр эздээр яагаад ийм шийдвэр гаргаж буйн цаад учрыг тайлбарлуулж иргэдийнхээ мэдлэг, боловсролыг байнга дээшлүүлж бай гэсэн үг. Ингэж гэмээ нь популист луйварчдаас нэг мөсөн ангижран хөгжил, дэвшил шуудрана. Өөрөөр хэлбэл манай парламентад суудалтай намуудын аль түрүүлсэн нь сайдыг 10 хүнтэй ажлын албатай болгож дээрх аргаар асуудлыг шийдвэрлэж гэмээ нь улс чинь маш хурдан хөгжил дэвшилд хүрч, иргэд маань цэнгэлийн манлайг эдлэнэ гэсэн үг.

Аль ч үндэстний үлгэр эрт урьдын цагт гэж эхэлдэг. Харин монгол үлгэр л сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад хэмээн үргэлжилнэ. Энэ нь далай шинээр үүсдэг, тавцангууд түлхэлцэн уул нурууд аажмаар өндөрсөж байдаг гэсэн үг. Үлгэр нь хүртэл сэтгэхүй шаардах шинжлэх ухаанаар эхэлдэг монголчууддаа сануулахад та нар Ардчилсан гэх улстөрчдийн популист, “цүнх баригч-түрийний бөөс” нийгмийн ёроолд нь хүрсний эцэст төрд элит хэсгээ гарган хаана ч байгаагүй, илүү дэвшилтэт Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар, цоо шинээр байгуулж байна. Хэзээ ч байгаагүй дэвшилтэт нийгэм байгуулна гэдэг чинь бөмбөрцгийн 7.6 тэрбум хүн дотроос дэлхийн түүхэн хөгжлийг хоёр дахиа тэргүүлэн, хүн төрөлхтөнд дахин тус болох алтан боломж зөвхөн 3.3 сая монголчууд та нарт л заяасан гэсэн үг. Үүнийгээ монгол ухаанаар үнэн зөвөөр нь ойлгон мэдэж, бахархан баярлаж бас хайрлан хямгадаж яв элэг нэгтнүүд минь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.30 МЯГМАР № 234 (6711)