Харада Осамү: ЖДҮ эрхлэгчдэд Японы зах зээлд гарах гүүр болж ажиллана

0
хуваалцах
472
үзсэн

Б.БЯМБАЖАРГАЛ

 

ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэх, зуучлалын шинэ үйлчилгээг нэвтрүүлээд буй Японы “HIS” аялал жуулчлалын компанийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Харада Осамүтай ярилцлаа.

 

-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн гэсэн. Энэ талаараа танилцуулахгүй юу?

-“HIS” нь Японы аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Дэлхийн 65 улс, 130 хотод 420 гаруй салбартай.  Монгол дахь салбар нь 2009 онд байгуулагдсан.

Цар тахлын өмнө аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан ч сүүлийн хоёр жилийн хугацаанд зогсонги байдалд ороод байгаа. Тиймээс энэ жилээс эхлэн хил дамнасан цахим худалдаа хийхээр төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал, ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг цахимд худалдааны сайтад байршуулж Японы зах зээлд нийлүүлэх юм. Арваннэгдүгээр сарын 1-нээс нээлтээ хийсэн. Богино хугацаанд 30-40 компани бүртгүүлснээр 150 орчим бүтээгдэхүүн сайтад байршаад байна. Түүнчлэн зөвхөн Монгол Улсаас төдийгүй бусад оронд байршилтай 400 гаруй салбараас тухайн улсынхаа бүтээгдэхүүнийг байршуулж эхлээд байгаа. Японы зах зээл, Японы хэрэглэгчдэд шинээр танигдаж эхэлж байгаа учраас их хэмжээний борлуулалт хийгдээгүй. Гэхдээ бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийгээд олон төрлийн бараа, бүтээгдэхүүн байршаад эхэлвэл борлуулалт сайжирна гэж харж байна. Цахим худалдааны сайтын зар сурталчилгааны ажил Японы 47 хот, мужуудаар эхэлсэн.

-Одоогийн байдлаар 150 гаруй бүтээгдэхүүн байршсан гэлээ. Гол төлөв ямар төрлийн бүтээгдэхүүн байгаа вэ?

-Монголчуудын урласан олон төрлийн бүтээгдэхүүн бий. Үүнээс ноос, ноолууран бүтээгдэхүүн, эсгий урлал, арьс ширэн урлал, хүүхдийн модон тоглоом, наадгай, мөнгөн аяга ихэвчлэн байна. Цаашид Монголын брэнд болсон чацаргана, аньс, гоо сайхны органик бүтээгдэхүүнийг шат дараалалтайгаар цахим худалдааны сайтад байршуулахаар төлөвлөсөн.

-Бүтээгдэхүүн байршуулах сонирхолтой ЖДҮ эрхлэгчдэд ямар нэгэн шаардлага тавих уу?

-ЖДҮ эрхлэгч компанид тавьсан шаардлага байхгүй. Харин цахим худалдааны сайтын нэр “Story” учраас бүтээгдэхүүн “төрсөн” сонирхолтой онцлог түүхийг дэлгэрэнгүй, тодорхой бичихийг шаардаж байгаа. Бүтээгдэхүүн байршуулахад үнэ төлбөргүй. Мөн цахим худалдаа учраас тухайн бүтээгдэхүүнийг хараад чанар, хэмжээг нь ойлгоход амар олон талаас нь авсан зураг, бичлэг хэрэгтэй.

-Тэгэхээр монгол бүтээгдэхүүнийг гадаадын шинэ зах зээлд сонирхож худалдан авах уу гэдэг гол асуудал шүү дээ?

-Тийм. Цахим худалдааны сайтыг байгуулахаас өмнө худалдан авагчдын сонирхол, зах зээлийн судалгаа хийсэн. Судалгаагаар япон иргэд хил дамнасан худалдааны сайтаас ихэвчлэн хувцас, гоёл чимэглэл, жижиг хэрэглэлүүд худалдаж авдаг гэсэн дүгнэлт гарсан. Би япон хүн, Монгол Улсад 10 гаруй жил амьдарсны хувьд Монголд ЖДҮ эрхлэгчдийн сайн бүтээгдэхүүн олон байдгийг мэднэ. Тэгэхээр Япон хүний мэдрэмжээр дүгнэхэд Японд борлуулалт сайтай байж чадах олон бүтээгдэхүүн бий.

-Тухайлбал, ямар бүтээгдэхүүн?

-Японоос Монгол Улсад ирж буй олон жуулчин ноос, ноолууран бүтээгдэхүүнийг их сонирхдог. Японы иргэд Монгол Улсыг мэдэх ч монгол бүтээгдэхүүнийг төдийлөн мэдэхгүй. Тийм учраас сайтаараа дамжуулан монгол бүтээгдэхүүний үүсэл, түүхийг дэлгэрэнгүй тайлбартайгаар хүргэж мэдээлэлтэй болгосны дараа үүнд нь суурилуулан борлуулалтаа хийхэд анхаарч байгаа юм.

-Бүтээгдэхүүн сайтад байршсаны дараа борлуулалт хийгдэхээр борлуулалтаас нь шимтгэл авах уу?

-Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдээс нь санал болгож буй үнээр бид худалдаж авна. Үүн дээр сайт ажиллуулж буй шимтгэл, тээврийн зардлын үнэ нэмэгдэж сайтад байрших юм. Шуудангийн компаниар дамжуулан бүтээгдэхүүнээ Монголоос Япон улсад хүргэх учраас тээврийн зардал өндөр гарч байгаа. Гэхдээ Япон улсад бэлэн зарагдаж байгаа ноос, ноолууран бүтээгдэхүүнээс илүү хямд учраас борлуулалт сайн байх боломжтой. Цаашид цахим худалдааны сайт өргөжөөд ирэхээр тээвэрлэлтийн асуудлыг илүү нарийвчилж хямд үнээр тээвэрлэх боломжтой болно.

-ЖДҮ эрхлэгчдийг дэмжих олон байгууллагууд бий. Хамтран ажиллаж байгаа юу?

-ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж буй бүх байгууллагуудтай хамтран ажиллахад манай талаас нээлттэй. Одоогийн байдлаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Мөн Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийг дэмжих төвтэй санамж бичиг байгуулаад байна. Энэ хоёр байгууллагатай байгуулсан санамж бичгийн хүрээнд Нийслэлийн ЖДҮҮ-ийн төв бидэнд ЖДҮ эрхлэгчдээ танилцуулан холбож өгч, бид цахим худалдааны сайтад бүтээгдэхүүнийг байршуулна. Харин  Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийг дэмжих төв нь ЖДҮ эрхлэгчдэд Япон улс руу гаргах боломжтой бараа, бүтээгдэхүүний талаарх сургалт зохион байгуулах юм. Тодруулбал, гурван байгууллага хамтран ажиллана. Түүнчлэн Япон талаас Монголын ЖДҮ эрхлэгчтэй холбогдох хүсэлтэй компанийг бид холбох боломжтой. Тэгэхээр бид Японы зах зээлд Монголын ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг холбож өгөх гүүр болон ажиллаж байгаа юм. Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй ЖДҮ эрхлэгчид манай хаягаар холбогдох боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.30 МЯГМАР № 234 (6711)