Х.ХАТАН

 

Энэ сарын 24-ний өдөр Монгол Хятадын хэвлэл мэдээллийн XII форум Улаанбаатар, Хөх хот, Бээжин хотуудаас төлөөлөгчид цахимаар оролцож “Хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоох нь” сэдвийн дор амжилттай болж өндөрлөлөө. Форумыг Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хэрэгжүүлэн, хоёр улсын төр засгийн төлөөлөл, Монгол Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон юм.

Форумын үйл ажиллагааг нээж Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Линь хэлсэн үгэндээ Хятад Монгол хоёр орны хамтын ажиллагаа солилцооны талаар ярилцаж хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлооход чухал үүрэгтэй гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар үг хэлэхдээ “Дэлхий нийт цар тахалтай амаргүй нөхцөлд оршиж байгаа ч дэлхийн улс төр хамтын ажиллагааны шинэ хэлбэр замаа эрэлхийлж байна. Сэтгүүлчид та бүхэн улс хоорондын ард иргэдийг холбож, үнэн мэдээллээр оюуны санааг нь хангаж, улстөрчдөд энгийн иргэдийн хүсэл сонирхол, амьдралын үнэнийг хэлж ойлгуулж өгдөг хүмүүс. Сэтгүүлчид та бүхэнд хоёр том эрсдэл, хоёр том өрсөлдөх хүч бий болжээ. Үүнийг хамтдаа даван туулах ёстой. Нэгдүгээрт, сошиал ертөнц. Хэдийгээр сошиал ертөнц сэтгүүлчдэд том боломж олгож байгаа ч өрсөлдөөнийг бий болгож байна. Энгийн иргэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж яваа, уг нь хэрэглэгч хэрнээ мэдээлэл түгээгч болчихоод сэтгүүлчидтэй өрсөлдөөд байна. Гэхдээ тэд өөрсдийн үзэл бодлоо л илэрхийлдэг. Харин сэтгүүлч хүн бичсэн мэдээллийнхээ үнэн бодит байдлыг хангахын тулд судалгаа шинжилгээ хийдгээрээ энгийн иргэдээс ялгаатай. Тиймээс энэ байдалд дасан зохицож ажиллах үүрэг сэтгүүлчдэд ирлээ. Хурдтай, үнэн байхаас гадна богино хугацаанд хүний сонирхол татахаар хийц, хэв маягтайгаар мэдээллээ түгээш шаардлагатай боллоо. Та бүхэн үүнийг чадна гэдэгт итгэлтэй байна.

Хүн төрөлхтөний хамтын нэгдэл дээр амьдрал явагдаж байна. Амьд байгал бидний нэгдэх ёстой асуудал. Тиймээс дэлхийн дулааралд нөлөөлөх гэж Монгол Улсын Ерөнхийлөгч тэрбум мод тарих санаачлага гаргаад байна. Улс орнууд дор бүрнээ чадах зүйлсээ хийж эх дэлхийгээ хамгаалахад уриалж байгаа нь бид нэг дэлхийн нэгдмэл хүмүүс гэдгээ харуулж байна. Цар тахал ч бидэнд нэг л хувь заяагаар нэгдмэл байх ёстой харууллаа” гэв.

Мөн форумын үйл ажиллагаанд амжилт хүсэн Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ ирүүлсэн юм.

Энэ үеэр хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл хооронд хамтын ажиллагаанд гарын үсэг зурах арга хэмжээ боллоо. Монгол үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо ӨМӨЗО-ы Өдрийн сонинтой, Өвөрмонгол радио телевиз Боловсрол телевизтэй уран сайхны кино нэвтрүүлэх гэрээнд гарын үсэг зурав. Мөн Өвөрмонголын радио телевиз UBS телевизтэй уран сайхны кино солилцоогоор, Ордос радио телевиз Хас телевизтэй хамтран ажиллах, Ордосын сайттай Ховд.мн сайт хамтын ажилллагаатай болов.

Форумын үеэр цар тахлын дараах Хятад, Монголын хэвлэл мэдээллийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцаж, хоёр орны сэтгүүлчдийн холбооны дарга нар үндсэн илтгэл тавьж, Монцамэ агентлагийн дэд дарга Ш.Батболд “100 жилийн хамтын ажиллагаа” сэдвээр онцлох илтгэл тавьж, хоёр орны хэвлэл мэдээллийн найман ажилтан өөрсдийн бэлдсэн илтгэлээ хүргэв.

“Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал “Цахим зуунд уламжлалт хэвлэлийн орон зай” сэдвээр илтгэл тавьсан юм. Илтгэлийн гол санаа нь сонин, сэтгүүл, радио, телевизийг уламжлалт сэтгүүлзүй гэх болсон ч  тэд байраа тавьж өгөөгүй. Харин ч шинэ сэтгүүлзүйн давуу талуудыг ашиглан улам хөгжих гэж тэмүүлж байна. Цахим зуунд уламжлалт хэвлэлийн орон зай цаг үетэйгээ хөл нийлүүлэн хөгжсөөр, бат бөх оршсоор байгаа тухай байв.

Форумаас гарсан тунхаг бичгийг хоёр талд уншиж танилцуулснаар энэ удаагийн Монгол Хятадын хэвлэл мэдээллийн XII форум өндөрлөлөө. Ирэх жилийн форумыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зохион байгуулах бөгөөд цар тахлын аюул дуусч, хил нээгдэн Монголын сайхан оронд уулзахын ерөөл тавьсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.29 ДАВАА № 233 (6710)