Д.Туяа
Манай улсад нийтийн тээврийн 23 компанийн 800-1000 гаруй том оврын автобус үйлчилдэг. Тэдний эрх ашгийг хамгаалдаг Том оврын автобусны үйлчилгээний холбоо, Тээврийн үйлчлэлийн эвлэлийн холбоо өчигдөр хэвлэлийн бага хурлаар нийтэд мэдэгдэл хийлээ. Тэд төрөөс дизель түлшний үнийг нэг хэмжээнд барих, эсвэл нийтийн тээврийнхний хохирлыг барагдуулахыг шаардсан юм. Энэ сарын 22 гэхэд асуудлыг шийдэхгүй бол 23-наас эхлэн насанд хүрсэн хүн автобусаар зорчихдоо 600 төгрөгийн тасалбар авах гэнэ. Учир нь нийслэлд том оврын автобусаар зорчдог 100 хүний 58 нь хөнгөлөлтийн үнэмлэхээр зорчдог. Үүнээс болж тээврийн компаниуд орлогоо бүрдүүлж чадахгүйд хүрч, жолооч кондукторуудын цалин хөлс буурч ажлаас гарах нь ихэсчээ.