Р.ОЮУН

 

Энэ удаагийн “Өөр зочин” буланд 90 жилийн ойгоо тэмдэглэж буй УДЭТ-ын ерөнхий нягтлан бодогч Л.Нинаг урилаа.

 

-УДЭТ-тай хэрхэн холбогдсон бэ?

-Мэргэжлийн ууган байгууллага УДЭТ-ын түүхт 90 жилийн ой тохиож байна. Одоогоос 20 жилийн өмнө өөрийгөө театрын зарц гэж хэлэх дуртай Д.Цэрэнсамбуу захирлын урилгаар театрынхаа нягтлан бодогчоор орж байсан түүхтэй. Тэр цагаас хойш энэ сайхан хамт олонтой, урлагийн бурхад чуулсан гэгээн сүмд 20 хаврыг үдэж, 20 намартайгаа золгож байна. Энэ хугацаанд зах зээлийн хэцүү хүнд үеүд байсан ч даван туулж чадсан. Тухайн үед байгууллага маань жилд 20 орчим сая төгрөгийн орлого олдог, бүх урлагийн байгууллага хаалгаа хааж, үзэгч ховортой байсан үед манай театр хэзээ ч хаалгаа бариагүй. Орлогоо олж, үзэгчиддээ уран бүтээлээ толилуулсаар өнөөг хүрсэн. Тухайн үед 20 орчим сая төгрөгийн орлоготой байсан байгууллага өнөөдөр 700 орчим сая төгрөгийн орлоготой болсон. Засгийн газрын бодлого, шийдвэрийн дагуу өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс уран бүтээлийн байгууллагад өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогоо Сангийн сайдын 74 дүгээр тогтоолын дагуу өөрөө захиран зарцуулах эрх олгосон. Олсон орлогоороо ирэх жилдээ хийх уран бүтээлийг төлөвлөж санхүүжүүлэхээс гадна театрт хэрэгтэй тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, аж ахуйн чиглэлээр хийх урсгал болон их засварыг санхүүжүүлдэг.

-Тэгэхээр та театрын санхүүгийн эх үүсвэр нь юм байна шүү дээ?

-Ер нь театр, урлагийг мөнгөн дээр тогтдог гэж болно. 20 жилийн хугацаанд урын санд байгаа 400 гаруй бүтээлийг тайзнаа амилуулж байна. Мөн 50 гаруй шинэ бүтээл мэндэлсэн байдаг. Тухайн үед төрсөн уран бүтээлүүдэд төр, засгаас дэмжлэг, туслалцаа авдаг. Төсөвт уран бүтээл хийхийг төлөвлөж өгч байгаагүй. Тиймээс өөрөө орлогоо олдог, орлогоосоо шинэ уран бүтээл туурвидаг. Тэгэхээр шинээр хийсэн 50 гаруй уран бүтээлийн санхүүжилтийн эх үүсвэр нь өөрөөсөө захиран зарцуулсан. Энэ бүхэн миний гараар дамжиж байсан. Уран бүтээл мэндэлнэ гэдэг үйлдвэрлэл, хувцас, тайз чимэглэл, гэрэл, уран бүтээл хийсэн авторуудын шагнал гээд санхүүжилт, мөнгөөр хэмжигддэг. Мөнгөөр бүтээгүй уран бүтээл гэж байхгүй. Тиймээс уран бүтээл хамтын бүтээл юм.

-Шинэ уран бүтээл хийхэд их хөрөнгө, санхүүжилт шаарддаг байх?

-Зах зээлийн үед 10-20 саяын хооронд санхүүжүүлж байсан уран бүтээл бий. Харин өнөөдөр “Хаадын хаан. Андгай” жүжгийг тавихад 400 орчим сая төгрөгөөр бүтсэн. Тэгэхээр 20-400 сая төгрөгийн хооронд 50 гаруй уран бүтээл мэндэлсэн байна. Төр, засгаас анхаарч Соёлын яамтай болсноор биднийг талархалтай хүлээн авч хандаж байгаа. Соёлын яамнаас энэ жилийн шинэ уран бүтээлийн 50 орчим хувийг санхүүжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь өнгөрсөн онд тавьсан “Анна Каренина” жүжгийн орлогоос санхүүжүүлснээр энэ сайхан уран бүтээл өнөөдөр тайзан дээр мэндэлж, үзэгч түмнийхээ сонорыг мялааж, мэлмийг гийгүүлж байна. 90 жилийнхээ ойг тохиолдуулан энэ сарын 5-нд буюу Чингис хааны мэндэлсэн өдрөөр өвөл цагийнхаа уран бүтээлийн нээлтийг хийж шинэ уран бүтээлээ толилууллаа. 

-Мэдээж санхүүгийн хүн тухайн байгууллагыг өнгөтэй, өөдтэй явахад нөлөөлнө биз?

-Санхүүгийн хүн тухайн байгууллагынхаа гал тогоог хөдөлгөж байдаг. Санхүүд хамрагдахгүй хүн, байгууллага, ажил үйлчилгээ гэж алга. Дээр хэлсэнчлэн бүх юм санхүү, мөнгөн дээр тогтдог. Тухайн байгууллагын санхүү бол цэвэр ариун, шил шиг тунгалаг байх ёстой. Би энэ ажилд 43 жил зүтгэж явна. Ямар ч гэсэн энэ байгууллагаа аль болох өнгөтэй, өөдтэй, сайн сайхны төлөө санхүүгийн арын албаныхан сэтгэл, зүтгэлтэй ажиллаж байж үр дүнд хүрдэг. Тиймээс манай байгууллага 85 жилийнхээ ойгоор уран бүтээлчдийн ур чадвар, энд ажиллаж байгаа бүх хүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж театртыг маань Сүхбаатарын одонгоор шагнасан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой, Д.Нацагдоржийн нэрэмжит сайхан байгууллагын эд эс болж 90 жилийн түүхийн тодорхой нэг үеийг хамт бүтээлцэж, бичилцэж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.

-Санхүүгийн хүн болох нь таны багын мөрөөдөл байв уу?

-Би монгол хэл, уран зохиолд дуртай, яруу найраг сонирхдог хүүхэд байсан. Х ангиа төгсөөд МУИС-ийн хэл-уран зохиолын ангид орох сонирхолтой байсан ч миний урд байсан хүүхэд авчихсан. Тоонд дургүй байсан ч Санхүү, эдийн засгийн техникумын хуваарийг авсан. Тоонд дургүй намайг бурхан бүх насаараа энэ тоогоор амьдарлаа залгуул гэсэн юм шиг байна. Би санхүүгийн сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд төрсөн нутаг Өмнөговь аймгийн Номгон суманд очиж Хөдөө аж ахуйн нэгдлийн нягтлан бодогч болсон. 20 настай нэгдлийн нягтлан бодогч хоёр тэмээгээр 75 км газрыг туулж ажлаа амжуулдаг байлаа. Тэр үед тооны машин гэж байсангүй. Намайг сургууль төгсөөд очиход аав минь хятад сампин өгсөн. Сампингаа цагаан будаатай уутан дотор хийж, тэмээний бөхөнд өлгөөд явдаг байлаа. Би одоо хятад сампингаар хуваах үйлдлийг жаахан мартсан байна лээ. Харин бусад гурван үйлдлээ хийдэг. Аавынхаа өгсөн сампингийн хүчинд өдий зэрэгтэй 40 гаруй жил хоолоо олж идэж байна.    

-Та хөдөлмөрийн гараагаа анх хаанаас эхэлж байв. Энэ дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Анх материаллаг үйлдвэрлэлийн салбар болон хөдөө аж ахуйн салбараас хөдөлмөрийн гарааг эхэлсэн. Боловсролын салбарт 15 жил ажилласан. Өнөөдөр соёлын салбарт 20 жил ажиллаж байна. Хамгийн оргил үе нь УДЭТ-т ажилласан хугацаа. Салбар салбарт ажиллах сайхан. Тэр дундаа урлаг, соёлын байгууллага бусад салбараас их онцлогтой юм байна. Тухайлбал, ард түмнийг соён гэгээрүүлдгээрээ ариун гэгээн байгууллага. Энэ байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж явах, санхүү, хөрөнгө оруулалтыг сайн сайхан авч явахыг зорьж 20 жил ажилласан. Хүний итгэлийг дааж явах шиг сайхан зүйл байдаггүй. Намайг ажиллах хугацаанд Хөдөлмөрийн баатар хоёр, Төрийн соёрхолт гурав, Ардын жүжигчин найм, гавьяат жүжигчин 20, Урлагийн гавьяат зүтгэлтэн долоо, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 25, Алтангадас одон 43, Соёлын тэргүүний ажилтан 89 хүн шагнуулсан нь энэ байгууллагын амжилт, бүтээл юм. Энэ ариун сүмд хоёргүй сэтгэлээр 20 жил ажилласан байна. Өнөөдөр 90 жилийнхээ ойг хамтран тэмдэглэж байна.

-Залуу үеэ хэр бэлтгэн, сургаж байна вэ?

-Би хоёр шавьтай. Нэг нь миний туслах нягтлан бодогч хийж байна. Бэлтгэсэн шавь маань 5-6 жил байгууллагын аж ахуйн нярав, кассын няраваар 4-5 жил, тооцооны нягтлан бодогчоор 2-3 жил ажиллаж байна даа. Ойгоо өнгөрөөгөөд гавьяаныхаа амралтад суух санаатай дараагийнхаа үеийг бэлтгэж ажлаа хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. 

-Өнөөдөр УДЭТ-ын 90 жилийн ойн өдөр?

-Тийм ээ. Ахмадууд, алтан үеийнхэн, одоо ажиллаж байгаа нийт уран бүтээлч, ажилтан, албан хаагчиддаа 90 жилийн ойн халуун мэндийг хүргэхийн ялдамд сайхан баярлаарай гэж ерөөе. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.12 БААСАН № 223 (6700)