V Егүзэр хутагт О.Данзинлувсанванжил эх орондоо иржээ

0
хуваалцах
198
үзсэн

Ч.ЗОТОЛ

Егүзэр хутагтын V  дүрийн хувилгаан О.Данзинлувсанванжил  эх орондоо иржээ. Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн зарлигаар  2014 онд анх тодорсон цагаас тэрбээр Өмнөд Түвпийн “Төвийн дацан”- очиж шашны номд суралцах болсон. Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд эх нутагтаа  ирж морилон саатаагүй. Энэ удаа  нэлээн талбиун яваа бөгөөд Улаанбаатар дахь нутгийн зон олонтой уулзах, энэ сарын 29-нд  төрөлх нутаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд очиж “Өнө өглөгт”  хийддээ  номын айлтгал айлдах, тахилгат Зотол хаан овоонд гарч, ирэх сарын 7-ныг хүртэл  өмнөх дүрийн хутагтуудтай холбоотой түүхэн газруудаар явахаар төлөвлөжээ.

V   Егүзэр хутагтын 1990 оны гуравдугаар сарын 31-нд Улаанбаатар хотод мэндэлсэн. Эцэг эхийн өгсөн нэр нь О.Төгөлдөр.   1999 онд  лам Ш.Эрхэмбаяраар бурхны ном анхлан заалгаж, улмаар  Гандантэгчилэн хийдийн харъяа Дашчойнпэл дацанд шавилан сууж байгаад 2004 оноос  Энэтхэийн  Гоман дацанд суралцаж, бурхны номын таван ухааны номд шамдан суралцах болсон.  Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш  “Егүзэр хутагтын тавдугаар дүр  мөн” хэмээн тодруулснаар Данзинлувсанванжил хэмээх номын  нэрийг хайрлажээ.

Егүзэр хутагтын тухай  түүхэн эх сурвалжид “Сэцэн хан аймагт бадарсан эрдэм мэргэн хамба, ялгуусан чин зүтгэлт, үнэнч сүжигтэн байсан бөгөөд Түвдийн оронд дөрөв хувилсан хэмээн”  тэмдэглэсэн байдаг. Түүний анхдугаар дүр нь Монгол орноо Буджав хэмээх айлын гэрт тодорсон бөгөөд шашны нэр нь Лувсанданзинренчин  гэж байв. Хоёрдугаар дүр  нь тайж Цаваагийн гэрт төрсөн бөгөөд Лувсанбалдан хэмээх  номын нэртэй байсан бол гуравдугаар дүр нь Занги Андарын гэрт төрж Лувсанданзиннамжил хэмээн нэрлэгдэж,  дөрөвдүгээр дүр нь Агваанлувсанданзин-Э-вам балсанбоо буюу Галсандаш хэмээн тодорсон түүхтэй.

Эх сурвалж: Polit.mn